Хятадын Үндэсний шуудангаас 01-р сарын 20-нд нийтэлсэн 2019 оны Хятад улсын буухиа шуудангийн үйлчилгээний чанарын тухай гол гол тоо бүртгэлээс үзвэл 2019 онд Хятадын буухиа шуудангийн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн үзүүлэлт 77.3 оноо авсан нь 2018 оныхоос 1.4 оноо нэмэгджээ. Буухиа шуудангийн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, илгээмжийг хүргэх цагийн хязгаар жилээс жилд сайжирч байна.
2019 онд илгээмжийг хүлээн авах, дамжуулахаар хүлээн авах, илгээх, борлуулалтын дараах үйлчилгээ, мэдээллийн үйлчилгээ зэрэг олон талаар Хятад улсын буухиа шуудангийн үйлчилгээнд олон нийтийн сэтгэл ханамжийн үзүүлэлт бүгд дээшилсэн байна. SF Express, Хятадын шуудангийн EMS, JD ложистик сэтгэл ханамжтай байх үзүүлэлтээр тус тус эхний гуравт орсон байна. Үндэсний шуудангийн товчооны Зах зээлийн хяналт удирдлагын хэлтсийн дэд дарга Бянь Зүөдүн:
- Энэ удаад олон нийтийн сэтгэл ханамжийн үзүүлэлт ихээхэн нэмэгдсэн нь 2013 оноос хойших хамгийн гол дэвшил юм гэж хэллээ.
2018 оныхтой харьцуулбал, 2019 онд сар бүрийн илгээмж хүргэх цагийн хязгаарын түвшин нийтдээ сайжирсан байна. Илгээмжийг хүргэж өгөх цагийн хязгаар бага зэрэг нэмэгдсэнийг эс тооцвол, илгээмжийг хүлээн авах, илгээх, тээвэрлэх цагийн хязгаар бүгд сайжирчээ. Компаниуд үйл ажиллагааны зохион байгуулалтаа тасралтгүй сайжруулах замаар илгээмжийг шууд хүргэх маршрут зэргийг өргөжүүлж, тээвэрлэх хугацааг хэмнэж байна.
Үүнээс гадна, “Шуудангийн салбарын илгээмжийн аюулгүйн хяналт удирдлагын аргачлал”-ыг 2020 оны 02-р сарын 15-наас хэрэгжүүлнэ. Бянь Зүөдүн:
- Аргачлалд хэрэгжүүлэх технологийн стандартыг тодорхой тогтоож, үйлдвэрлэлийн талбай, зохицуулах талбай дахь камерын хяналтын шаардлагыг нарийвчилсан төрөл зүйлд хувааж, шуудангийн компани, буухиа илгээмжийн компаний гүйцэтгэх ёстой байгаль орчныг хамгаалах үүрэг хариуцлагыг тодорхой тогтоож, компаний үйл ажиллагааны аюулгүй байдлын үүрэг хариуцлагыг олон талаар боловсронгуй болгосон. Мөн тус аргачлал үйлчлүүлэгчдийн мэдээллийг хамгаалах бодлогыг улам боловсронгуй болгосон юм гэж хэлсэн байна.
