
Энэ жилээс хадлан сайн гарсан төдийгүй малын үнэ ханш ч сайн байгаа болохоор элбэг хураалттай баян намар болсон. Малчид өвсөө хадаж хураагаад малаа зараад өвөр дүүрэн, сэтгэл баяртай тэнүүхэн намаржина. Энэ сайн сайхан бүхний дунд шилдэг үүлдрийн мал, туршлага сайтай, ажилч малчдын тухай сонин сайхан мэдээ малчин айлын хаяанаас уламжлагдсаар байна.
13 мянга гаруй юаньд хүрсэн тугал хэнийх вэ?
Улгай удирдах орны Улгай мал аж ахуйн талбайн Бүлээн салбар талбайн малчин Ван Жиньчяных энэ жил семинтар үүлдрийн 92 тугал тосож, одоог болтол 54 тугал зарж, 709 мянган юанийн орлого олсон байна. Нэг тугал нь дунджаар 13 мянга гаруй юаньд хүрчээ.
Энэ жилийн 08-р сард Улгай удирдах оронд зохион байгуулагдсан Хятад улсын шилдэг үүлдрийн бухын үнэ хаялцан худалдах анхны цуглаанд Улгай удирдах орны мал аж ахуйн том өрх Ван Жиньчян 3 бухаа үнэ хаялцан худалдаад 122 мянган юаньд хүргэж, хамгийн өндөр үнэ хүрсэн нь 62 мянган юаньд хүрэв. Ван Жиньчяных одоо 148 семинтар үүлдрийн үхэртэй бөгөөд энэ жил 92 тугал тоссон байна. Өнөөдрийг болтол 54 тугал зарж, орлого нь 709 мянган юаньд хүрчээ. Үүнээс 25 охин тугал (нэг тугал дунджаар 9800 юань), 29 эр тугал ( нэг тугал дунджаар 16 мянган юань) зарсан бол нэг тугал дунджаар 13 мянга гаруй юаньд хүрчээ.
Тэгвэл Ван Жиньчяных яагаад тугалаа ийм өндөр үнээр худалдсан тухайд: “Онцын гойд зүйл гэж үгүй, арчилгаа тэжээлийг нь сайн анхаарна. Ялангуяа хүйтэнд дааруулахгүй байх, үхрийн үүлдрийг сайжруулж, чанартай маллавал үр ашиг сайн байдаг” гэж туршлагаа хуваалцав.
Ван Жиньчяных хол ойрдоо алдартай мал аж ахуйн томоохон өрх айл. Нутаг бага болохоор 2004 онд тэрээр хонио бүгдийг худалдаж, үхэр маллах замаар замнажээ. Одоо тэдний үхэр үүлдэр сайжруулсан шилдэг үүлдрийн семинтар үхэр болжээ. Шилдэг ичээл үрээр гар хээлтүүлэг хийх, нарийн данс бэлтгэж, шилдэг үүлдрийн суурь эх малыг сонгон үлдээх, эр тугалаа жилд нь зарж борлуулах зэрэг арга авснаар үхэр сүргийн үүлдэр тасралтгүй сайжрав. Арчилгааны талд нэг жилд гурван удаа угаалга хийдэг бөгөөд хижиг өвчнөөс сэргийлэх тарилгыг цаг тухайд нь хийлгэнэ. 12-р сарын эхээр хэвтрийг нь дулаалахын дээр үргэлж цэвэрлэнэ. 12-р сарын сүүлээс эхлэн үхрийн тарга хүчийг үндэслэж өвс бордоо өгдөг. Өдөрт бараг нарийн бордоо 1 килограмм, хуурай өвс 15 килограмм гаруйг 5-6 сар өгдөг байна.
Хурганы үнэ ямар байгаа бол?
Баян намрын элбэг хураалтын цагаар малчид өвс хадлангаа хураах, мал унаагаа борлуулах ажилд яарч, хөдөө нутагт амьдрал буцална.
Хургаа борлуулж байсан Дүүрэн: “Мал аж ахуйн туслах гар утасны тавцанг ашиглан хургаа борлуулсан. Уг нь наймаачдад хургаа зардаг байсан. Энэ жил 180 хурга зарж, нэг хургыг дунджаар 630 юаниар өглөө. Сэтгэл хангалуун байна” гэж ярив.
Малчин Дүүрэн Зүүн Үзэмчин хошууны Хүрээтнуур сумын Хөгжилт багийн малчин. Тэднийх 400 гаруй га нутаг дээрээ нэмээд 200 гаруй га нутаг түрээсэлж, 1000-аад хонь, 40-өөд үхэр маллаж байгаа айл. Дүүрэн хадлангаа хүн хөлслөн хадуулж, одоо шувтаргынхаа ажилд ороод байгаа бөгөөд намрын ажил нь урагштай, олз ашиг нь өмнөхөөсөө сайн байгаад магнай тэнүүн байв.
Энэ жил зуны сүүлээр бороо элбэг, намар нь нар хур тэгшрэн налгар сайхан байгаа болохоор ихэнх малчдын хадлангийн талбайгаас элбэг хураалтын дуу хангинана.
Шилийнхотын Цухан-Уул сумын Цагааннуур багийн Мөнхбаатарынх ч хадлангийн ажлынхаа сүүлийг шувтарч, их ажил амжууллаа хэмээн баярлана. Өвсний ажлаа дуусаад 200 гаруй хургаа зарж, нэг хургыг дунджаар 860 юаниар худалдаж, нэлээд сайн үнэ хүргэсэн хэмээн мөн л сэтгэл хангалуун байлаа.
Зүүн Үзэмчин хошууны Хүрээтнуур сумын Хөгжилт багийн малчин Билэгбаатарынх ч хадлангийн ажлаа амжуулсан байлаа. Тэрээр саяхан 200 хургаа зарж, нэг хургыг дунджаар 716 юаниар өгчээ. Одоо мөн 100 гаруй хурга үлдээд байгаа аж. “Энэ бараг өмнөхөөсөө илүү үнэ хүрнэ” гэж баярын мишээл тодруулна.
Малчин Саруулын 350 хурга 260 мянган юаньд хүрчээ
Есдүгээр сарын сүүлээр Шилийнхотын Рашаанбулаг суурингийн Шинэмандал багийн малчин Саруул 350 хургаа Шилийнхотын Мэншиньд авчиж ирэн, нэг хургыг дунджаар 748 юаниар худалдаж, нийт 260 мянга гаруй юанийн орлого олж, малаа чанарлаг маллаж орлогоо нэмэгдүүлсэндээ сэтгэл хангалуун байлаа.
“Манайх 03-р сарын сүүлээр төлөө тосч, эрт худалддаг. Энэ жилийн зуны эхээр бага зэрэг гандсан учир оройхон зарж байна. Өнгөрсөн жил манай хурга дунджаар 679 юаньд хүрсэн. Өмнөх хэдэн жилүүдэд малын үнэ сайн байх үед хамгийн өндөр үнэ хүрвэл дунджаар 809 юаньд хүрч байсан. 2015 онд хурга хямд байх үед 286 юаньд ч хүрч байсан. Энэ жил дунджаар 748 юаньд хүрсэн. Үнэндээ хургаа эрт зарах нь нутаг бэлчээрээ хамгаалахаар барахгүй үлдээх суурь эх малынхаа тарга хүчийг баталж чаддаг. Бид цөөн малаа чанартай маллахад их хүч тавьдаг. Ингэж худалдах нь наймаачдад худалдсанаас нэг хурган дээр 30 юань үнэтэй зарж, 10 мянга гаруй юанийн илүү ашиг олдог. Энэ жилийн үнийн хувьд сайн байна” гэж ярив.
Энэ жилтэйгээ гурав дахь жилдээ тус газарт малаа зарж байна. Машин бүрийг 700 юаниар 2 ачааны машин хөлсөлж хөдөлмөр хүч хүрэлцэхгүй шалтгаанаар хурга ачиж буулгах 2 хүн хөлслөн, нийт 1800 юань зарцуулан нядлуулжээ.
