Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны 3-р бага сургууль дээр хошууны бага сургуулийн сурагчдын дунд “Гилгүүн Сөнид” монгол шатрын 2018 оны намар, өвлийн улирлын манлай шалгаруулах тэмцээн 11-р сарын 25-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд “Гилгүүн Сөнид” монгол шатрын сургалтын төвийн шатарчид, Сөнид баруун хошууны Монгол бага сургууль, 3-р бага сургуулийн 60 шатарчин ур ухаанаа сорьжээ.
Тэмцээнийг Өвөр Монголын Спортын зөвлөл болон Өвөр Монголын Монгол шатрын нийгэмлэгээс тогтоосон “Монгол шатрын тэмцээний дүрэм” ( 2017 он )-ээр үндэслэл болгон явуулжээ. Энэ жилийн хувьд Сөнид баруун хошуу нь Шилийнгол аймгийн дунд бага сургуулийн сурагчдын “Билгийн сойлго” монгол шатрын тэмцээнийг бие даан зохион байгуулж байгаа юм. Мөн Сөнид баруун хошууны дунд бага сургуулийн сурагчдын “Цэцэн сорио” монгол шатрын тэмцээн, “Гилгүүн Сөнид” монгол шатрын сургалтын төвийн хавар, зуны улирлын тэмцээн зэрэг аль олон тэмцээнийг зохион байгуулж байсан юм.
Сургуулийн сургалтын төсөв төлөвлөгөө зэрэг олон талаас шалтгаалан энэ удаагийн тэмцээнээр дамжуулан 16 шатарчныг шигшин авч оны сүүлээр болох оны манлай шалгаруулах тэмцээнд оролцуулах юм байна.

Эв нэгдэл, эрх тэгш, шударга, зөв оновчтой зарчмыг баримталж, долоон талбай өрсөлдсөний эцэст Сөнид баруун хошууны 3-р бага сургуулийн 5-р ангийн шатарчин Оюунталай, 2-р ангийн шатарчин Асрай тус тус намар, өвлийн улирлын тэмцээний манлай болж, Хуриагч, Азмөнх дэд байр, Үйлэн, Энхсүлд нар 3-р байранд тус тус тунан үлдэж, Ханагар, Тэргүүнхүү, Даян, Чамбай, Тунал, Үйлс, Содонном, Магтаал, Эхшиглэн, Цайлган нар 16- д үлдсэнээр оны сүүлээр болох “Оны манлай” шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ.
2018 онд Сөнид баруун хошууны “Гилгүүн Сөнид” монгол шатрын сургалтын төв нь сургалтын арга барилдаа төлөвлөлт хийж, сурагчдын өдөр тутмын хичээл болон дур сонирхлын хичээлийг уялдуулсан байна. Улирлын манлай шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулснаар эцэг эхэд таалагдаж, сурагчид хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцох идэвх санаачилгыг маш ихээр дээшлүүлж чадсан байна.

Энэ удаагийн тэмцээнийг ХКН-ын Сайн-Өлзий сумын хороо Засгийн газар, Сөнид баруун хошууны Соёл тамир, радио телевиз аялал жуулчлалын товчоо, Сөнид баруун хошууны “Гилгүүн Сөнид” монгол шатрын сургалтын төв болон тус хошууны 3-р бага сургуулиас хамтран зохион байгуулжээ.
