solongonews
”Чан Э-5” сарны шинэ нууцыг тээсээр буцаж ирлээ
2021-02-27 00:42
”Чан Э - 5 тоот” буцаж ирлээ. Бээжингийн цагаар 12-р сарын 17-ны өдрийн 01:59 цагт Чан Э - 5 тоот буцагч аппарат урьдчилан тогтоосон бүс буюу Өвөр Монголын Дөрвөд хошуунд амжилттай газардсан байна. Энэ бол Хятад улсын хувьд гадаад бөмбөрцгөөс дээж авч буцах анхны даалгавраа амжилттай биелүүлж, саран бөмбөрцгийг тагнах төслийн ”тойролт, газардалт, буцалт” гурван алхмын хөгжлийн төлөвлөгөө амжилттай өндөрлөсөн гэдгийг харуулж байна.

Сарны хайгуулын 23 хоногийн аяллыг дуусгаж, сарны хөрснөөс дээж авах, сарны гадаргуу дээрээс хөөрөх, сарны тойрог замд нэгдэх зэрэг даалгавраа дуусгасан "Чан Э-5 тоот"-ын гайхалтай аялал нь Сарны "нууц"-ыг тайлахад "бэлэг" авчирсан төдийгүй, Хятадын сарыг судлах мөрөөдлийн үндэс суурийг тавьсан юм.

Гэртээ харих зам: Хурдаа хасаж, халуунаас сэргийлэн, хүнд бэрхшээлийг туулав 

Чан Э-5 тоотын тойрог замын аппарат ба буцагч аппаратын хослол нь буцах замдаа сарнаас дэлхий рүү чиглэх тойрог замаа хоёр удаа солих үүргийг гүйцэтгэсэн. 12-р сарын 17-ны шөнийн 01:00 цагийн орчимд Бээжингийн сансрын нислэгийн удирдлагын төв газрын хэмжилт, хяналтын станцаар дамжуулан Чан Э-5 тоотын тойрог замын аппарат ба буцагч аппаратын хослолд өндөр нарийвчлалтай навигацийн параметрүүдийг нэвтрүүлсэн байна. Дараа нь тойрог замын аппарат ба буцагч аппаратын хослол нь Өмнөд Атлантын далайн түвшингээс 5000 км-ийн өндөрт амжилттай салж тусгаарласан. Түүнчлэн тойрог замын аппарат нь төлөвлөсөн ёсоор зайлсхийх маневрыг хийж гүйцэтгэв. Ийнхүү сарны үнэт хөрсийг тээсэн буцагч аппарат нь дан ганцаараа дэлхий рүү буцах сүүлчийн аяндаа гарсан байна. 

Хэдийгээр навигацийн удирдамж нь буцагч аппаратыг "төөрөх"-өөс сэргийлдэг боловч Чан Э-5 тоотын буцах аялал тийм ч хялбар байгаагүй юм. 

Чан Э "гэр бүл"-ийн өмнөх дөрвөн "эгч"-үүдтэй харьцуулбал Чан Э-5 тоот нь дэлхий руу "буцах эрх"-ийг авсан цорын ганц азтай нэгэн байв. Өнөөдрийг хүртэл дэлхийн хэмжээнд АНУ, ЗХУ-ын сансрын хөлөг, Хятадын сар судлах III үе шатны төсөл л буцах туршилтыг хийж байна. 2014 онд Чан Э- 5 тоотын замыг судлах үүрэгтэй "Чан Э -5 Т" дэлхийд амжилттай буцаж ирснээр буцаах технологийн найдвартай байдлыг баталгаажуулсан.

Мэдээллээс харахад гадаадын буцах сансрын төхөөрөмж нь гурван төрөл байдаг. Тухайлбал, баллистик сансрын хөлөг, баллистик - лифт сансрын хөлөг, лифт сансрын хөлөг зэрэг болно. Гэхдээ Хятадын сарны хайгуулын төсөл нь цоо шинэ арга буюу хагас баллистик үсрэлтийн арга замаар буцах даалгавраа хийсэн байна. 

Хагас баллистик үсрэлт гэж юу вэ? Илүү тод зүйрлэлийг ашиглавал энэ нь сансарт чулуу халиулах мэт, гол зорилго нь "хурдаа хасах" юм. 

Мэргэжилтнүүдийн танилцуулснаар "Нутаг буцахаар яарсан" Чан Э-5 буцагч аппарат нь секундэд 11.2 км хурдтай нисэж байв. Үүнтэй харьцуулбал хэдэн зуун км өндөрт байдаг дэлхийн бага тойрог замаас эргэж буцах сансрын хөлгүүд ихэвчлэн секундэд 7.9 км хурдтай нисдэг байна. Секундэд 3.3 км-ийн зөрүү бага мэт санагдаж болох боловч буцагч аппарат хэт их хурдтай дэлхий дээр буувал үр дагавар нь төсөөлөхөд бэрх.
Дэлхийн түвшний хүнд асуудал болох хурд сааруулах асуудлаар Хятадын эрдэмтэд АНУ, ЗХУ-ын туршлагыг олон удаа судалж, суралцсаны үндсэн дээр Хятадын сансрын хөлгийн бодит нөхцөл байдалд үндэслэн дэлхийн агаар мандлыг байгалийн хаалт болгон ашиглаж, хурд сааруулах зорилгодоо хүрэхээр шийджээ. Тодруулбал, буцах замдаа буцагч аппарат эхлээд агаар мандалд өндөр хурдтайгаар орж, дараа нь агаар мандлын өгсөн өргөгчийн тусламжтайгаар агаар мандлаас үсрэн гарч, дараа нь анхны сансрын хурдаар дахин агаар мандалд орж газардах болно.

Агаар мандалд өндөр хурдтай орж ирэхдээ Чан Э-5 буцагч аппарат нь агаар мандлын хүчтэй үрэлтээс болж өндөр температур үүсгэж, дулааны огцом өсөлтийг бий болгох нь мөн харих зам дахь бас нэгэн томоохон бэрхшээл болж байв.

Буцах хурдыг хоёр дахин нэмэгдүүлбэл дулаан нь 8-9 дахин нэмэгдэхийг мэргэжилтнүүд илэрхийллээ. Ийм өндөр температур буцагч аппаратын дотоод хэсэгт орвол үр дагавар нь сүйрэлд хүргэх болно. Үүнтэй холбогдуулан дизайны багийнхан тандагч аппаратад зориулж "Дулаанаас хамгаалах дотно хувцас"-ыг зохион бүтээсэн байна. Дулаанаас хамгаалах бүтцийн хийц, халуунд тэсвэртэй материал бүрдүүлэх судалгаа, гагнуурын процессын судалгаанаас инженерийн эх загвар, бүтцийн төхөөрөмж, дулааны хянагч, туршилтын тусгай баталгаажуулагч гэх зэргээр шинжлэх ухааны судлаачдын уран хийцтэй "Халуунд тэсвэртэй хувцас" нь Чан Э-5 буцагч аппаратын аюулгүй буцах баталгаа болсон байна. 

Жишээлбэл, сарны тойрог замаас буцах дулааны орчин, сансар огторгуйн орчин, жингийн шаардлагын дагуу зураг төслийн баг адил бус хэсгүүдийн абляцийн эсэргүүцэл ба дулаан тусгаарлалтын тодорхой шаардлага, үзүүлэлтийг санал болгож, судалгааны 33 шинэ материалаас долоон материалыг сонгон хамгаалалтыг хийж гүйцэтгэв.

Эцэст нь 12-р сарын 17-ны шөнийн 01:33 цагт Чан Э-5 буцагч аппарат дэлхийн агаар мандалд орж ирэн, хоёр удаагийн хурд сааруулах явцыг өнгөрөөгөөд газраас дээш 10 км өндөрт ирэх үеэр шүхрээ дэлгэж, эцсийн хурд сааруулалтыг гүйцээв. Дараа нь урьдчилан тогтоосон газарт саадгүй газардаж, бүх үйл явцыг хагас цаг хүрэхгүй хугацаанд биелүүлсэн байна.

Таван "анх": Сансрын гүнзгий судалгааны шинэ оргилууд 

11 дүгээр сарын 24-нд амжилттай хөөргөснөөс хойш 12-р сарын 01-нд саран дээр амжилттай газардаж, "хөрс малтав". 12 дугаар сарын 03-нд анх удаа саран дээрээс амжилттай хөөрч, өнөөдөр эх бөмбөрцөгтөө амжилттай харьж ирээд байна. Чан Э- 5 тоотын 23 хоногийн аялал нь дэлхийгээс саранд нүүх, сарны ойролцоо тоормослох, сарыг тойрон нисэх, саран дээр газардах, автоматаар дээж авах, саран дээрээс хөөрөх, тойрог замд холбогдон залгах, дахин буцах зэрэг олон бэрхшээлийг туулаад ганзага дүүрэн буцаж ирсэн. 

Чан Э-5 тоот нь Хятадын хэмжээн дэх хамгийн том технологийн үе шаттай сансрын систем, хамгийн нарийн төвөгтэй төсөл болохын хувьд олон төрлийн технологийн шинэчлэлийг амжилттай хийж, олон олон чухал технологийг ашиглав. Улмаар Хятадын гүнзгий сансар судлалын технологийн шинэ түвшинг бий болгосон юм. Чан Э-5 сарны хайгуулын ажил амжилт байгуулсан нь Хятад улсын хувьд сансрын технологийн түвшинг дээшлүүлэх, сарыг тандах төслийн системийг улам төгөлдөржүүлэх, сарны шинжлэх ухааны судалгааг хийх, сар, однуудын эрэл хайгуулын дараа дараагийн ажлыг зохион байгуулахад чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд илэрхийллээ. 

Хятадын сансар судлалын үндэсний газрын дэд дарга, сарны хайгуулын төслийн дэд командлагч Ү Яньхуа:

- Чан Э-5 аялал нь таван "анх удаа"-г бүтээсэн. Тухайлбал, харь гарагийн биетээс дээж авч савласан. Дэлхийн гаднах объектууд дээрээс хөөрөн, тойрог замдаа орсон. Сарны тойрог замд жолоочгүйгээр холбогдож, дээж шилжүүлсэн. Дээжээ авч, хоёр дахь сансрын хурдаар буцсан. Сарны дээжийг хадгалах, шинжлэх, судлах Хятадын системийг бий болгосон гэх зэрэг болно гэж хэллээ.

Бараг нэг сарын турш завгүй ажилласан Чан Э- 5 түр хугацаагаар "амарч" болох боловч түүний авчирсан сарны хөрсний судалгаа дөнгөж эхэлж байна. Төлөвлөгөөний дагуу буцаж ирсэн Чан Э-5 буцагч аппаратыг зохицуулах шаардлагатай ажлуудыг дууссаны дараа Бээжинд нүүлгэн аваачиж, дээжийн сав болон ачааг гаргаж авах болно. Хятадын сансар судлалын үндэсний газраас сарны дээжийг газрын хэрэглээний системд албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа зохион байгуулав. Түүнчлэн дээжийг хадгалах, дүн шинжилгээ хийх, судлахтай холбоотой ажил мөн тун удахгүй эхлэх болно. 

БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Одон орны ажиглалтын үндэсний төвийн судлаач, сарны хайгуулын төслийн гуравдугаар үе шатны ерөнхий дизайнерын орлогч Ли Чүньлай:

- Хятад улс сарны бүтэц, физикийн шинж чанар, химийн найрлага, изотопын бүтэц, эрдэс бодисын шинж чанар, геологийн хувьсал зэргийг хамарсан сарны дээжийг судлах урт хугацааны, системтэй судалгаа хийнэ. Мөн сарны гарал үүсэл, хувьслын тухай ойлголтыг гүнзгийрүүлэх болно. Хятадын Шинжлэх Ухааны Академийн Одон орны ажиглалтын үндэсний төв нь харь гарагийн дээжийг хадгалах, боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай анхны "Сарны дээжийн лаборатори"-г байгуулаад байна. Нэмж дурдахад, Ү Яньхуа:

- Үндэсний сансар судлалын газар зохион байгуулалттай судалгаа шинжилгээ хийсний дүнд Мао Зэдүний амьд ахуйдаа "Есөн тэнгэрт гарч сарыг түүх" гэсэн олон жилийн хүсэл мөрөөдлийг тайтгаруулах зорилгоор түүний төрөлх нутаг Хунань мужийн Шао Шань хотод гамшгаас хамгаалах бэлтгэл ажлыг зохион байгуулах болно гэж хэллээ. 

Өмнө нь олон улс орнууд сарны хөрсийг хамтран судлах хүсэлтэй байгаагаа Хятад улсад санал болгож байсан. Энгийн олон иргэд ч сарны хөрсийг ойроос харахыг хүсэж байгаагаа илэрхийлж байв. Үүнтэй холбогдуулан холбогдох мэргэжилтнүүд:

- Сарны дээжийн менежментийн талаарх ажил, өгөгдлийг хуваалцах ажлыг сайн хийхийн тулд Үндэсний сансар судлалын газраас сарны дээжийн менежментийн тусгай арга хэмжээ, менежментийн хяналтын бодлогыг хэвлүүлэн тараах, сарны дээжийн шинжилгээг олон улсын мэргэжилтнүүдээс авах талаар холбогдох төлөвлөгөө гаргаж, хамтарсан судалгаа хийн, үр дүнг хуваалцах болно. Зарим дээжийг олон улсын зуршлын дагуу үндэсний бэлэг болгон хүргэх болно. Үүний зэрэгцээ олон нийттэй эрт уулзуулах үүднээс зарим дээжийг шинжлэх ухааны боловсрол олгох зорилгоор Үндэсний музейд байрлуулж, олон нийтэд дэлгэнэ гэсэн байна. 

- Гадаад сансрын нөөц бол хүн төрөлхтний хамтын эд баялаг юм. Хятадын засгийн газар олон орны санаа сэдэл нэгтэй байгууллага нэгж болон эрдэмтэдтэй сарны дээжээ хуваалцахад бэлэн байна. Хятад улс тэгш эрх, энх тайвнаар харилцан ашиглах, хамтран ажиллаж хамтдаа хожих зарчмууд дээр үндэслэн чин сэтгэлийн, найрсаг хамтын ажиллагааг хэрэгжүүлэх болно гэж Ү Яньхуа хэллээ.

Ирээдүйн суурийг тавих: Саран дээр станц байгуулах ажлыг төлөвлөнө

- Чан Э-5 тоотын даалгавар бол эцсийн ажил төдийгүй, суурь тавьж буй хэрэг юм гэж Чан Э- 5 тоотын хэвлэлийн төлөөлөгч, Үндэсний сансар судлалын газрын Сар судлах, сансрын инженерийн төвийн дэд захирал Пэй Жао-Юй хэлэв. 

Үндэсний сансар судлалын газраас Хятадын сарны хайгуулын төслийн дөрөв дэх үе шат болон гарагийн хайгуулын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Одоогийн байдлаар Ангараг гарагийг судлах анхны даалгавар авсан Тянь Вэнь-1 тоот аяндаа гараад байна. Чан Э- 6, 7, 8 тоот, жижиг гарагийн хайгуул, Ангарагаас дээж авч буцах, Бархасбадь гарагийн хайгуулыг төлөвлөсөн ёсоор хэрэгжүүлэх болно гэж мэдээлсэн байна. 

Ү Яньхуа:

- "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд сарны хайгуулын хувьд Хятад улс сарны хайгуулын төслийн 4 дэх үе шатны 4 даалгаврыг хэрэгжүүлнэ. Үүнд сарны ар талд газардах Чан Э-4 тоот, сарны туйлын бүсээс дээж авч буцах Чан Э-6 тоот болон Чан Э- 7 ба 8 тоотын үүрэг зэрэг багтана. Хятад улс энэ боломжийг ашиглан холбогдох улс орнууд болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, сарны судалгааны станцыг байгуулах үндсэн чадавх, эсвэл үндсэн технологийг баталгаажуулах чиглэлээр хэлэлцэх болно гэж хэлэв.

Ирээдүйд Хятад улс саранд хүн илгээх төлөвлөгөө бий юу? Энэ тухай Ү Яньхуа:

- Хятадын засгийн газрын анхны зорилгын дагуу эхлээд гол технологийн судалгааны ажлыг сайн хийх хэрэгтэй байна. Дэлхийн бага тойрог замын сансрын станцыг байгуулж дууссаны дараа дахин төлөвлөгөө байгуулах болно гэсэн хариулт өглөө. 

- Бид саранд хүн илгээх нь шинжлэх ухааны судалгаа, үл мэдэгдэх зүйлийг судлахад үйлчлэхийн төлөө юм. Хятад улсын одоогоор хэрэгжүүлж буй саран дээрээс хөөрөх, тойрог замд холбогдох, буцаж нисэх зэрэг судалгаа нь бүгд ирээдүйд хүн илгээж, дахин буцаахад зориулагдсан шаардлагатай технологиуд юм. Эдгээр технологийн баталгаажуулалт нь мөн ирээдүйд саранд хүн илгээхэд үндэс суурийг тавих болно гэж Ү Яньхуа ярьж байна.  

Зохиогч: ЛЮ ЯО
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Хятадын Ардын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл