
Эрт цагт шувуудын хаан хангарди өв залгамжлах хүүгүй байж гэнэ. Тэгээд шар шувууг “Нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай хүү юм” гэж өргөж авчээ. Гэвч шар шувуу хангардийн хүү болсноос хойш эцгийнхээ олсон долсныг идэж уучихаад, юу ч хийхгүй налайж, тосон дотор умбаж, торгон дээр хөлбөрч байдаг болжээ.
Тэгтэл өвөл болж цаг агаар их хүйтрэхэд Хангарди:
- Ямар их хүйтэрч байна даа. Би насандаа ингэж хүйтрэхийг үзээгүй юм гэж ярихад Шар шувуу их юм үзэж нүд тайлсан амьтан болж магтуулах санаатай:
- Ай, аав минь энэ юу ч биш. Намайг бага байхад хоёр хөлт Хойвондой нулмихад шүлс нь газар хүрэлгүй хөлдөж байсан юм. Би бас гунан үхрийн эвэр хуга хөлдөж байхыг ч үзсэн. Тэгэхэд би гэдэг чинь өндөр модны орой дээр сууж, цасанд булагдалгүй, цантаж дааралгүй дажгүй л гарч байсан юм даа гэж урдах хойдохоо бодолгүй сайрхаж орхижээ. Тэгтэл хангарди уурлаж:
- Чи чинь тэгвэл надаас хөгшин байж таарахнээ. Даанч өсөж том болохгүй байсан юм. Өтөлсөн хар гайхал байж л дээ гээд гэрээсээ хөөчихөж гэнэ.
Үүнээс хойш шар шувуу орох оронгүй, модны хонгил бараадан хоноглож явтал хангарди үхэж, олон шувуу:
Хэнийг хаан болгох вэ? гэж ярилцжээ.
Зарим шувуу:
-Хангардийнхаас хөөгдсөн ч гэсэн өргөмөл хүүг нь хаан болгоё. Олны дунд сүртэй, шөнө нүд хурцтай болохоор бусдыг захирч лав чадна гэсэнд хэрээ:
- Тa нар ямар дэмий юм ярина вэ? Шар шувууны хөл нь муухай майргар, өнгө зүс нь зэвүүн шар халтар, урьд мах хулгай хийж идээд болохгүй байхаар нь хойд эх нь барьж аваад нүд рүү нь тостой шөл цацсанаас муухай шар ногоон нүдтэй болсон юм. Бас дуу нь “Хүүе, хүүе” гэж дуугардаг болохоор ертөнцийн хамаг амьтан муу ёрд боддог юм. Шувуу шиг толгойтой байтлаа үхэр шиг эвэртэй ийм этгээд амьтнаар хаан болгоод дэмий гээд хаан ширээнд суулгасангүй гэнэ.
Энэ үеэс эхлэн шар шувуу шөнөдөө хэрээний амар заяаг, өдөртөө хэрээ шар шувууны амар заяаг үзүүлэхээ больсон юм гэнэ лээ.
Үгийн тайлбар:
Шар шувуу: Жигүүр богино, өд нягт болоод хөндлөн харавтар судалтай, өдөн чихтэй, хошуу богино, шөнө явдаг нэгэн зүйл махчин шувуу
Хангарди: Үлгэр домогт гардаг гайхамшигт чадалтай маш том биетэй шувуу; Улаанбаатар хотын сүлд тэмдэг
