solongonews
“Айвгын уянга” шижир алтан намрын найргийн наадам
2016-09-03 22:00
“Айвгын уянга” шижир алтан намрын найргийн наадам боллоо.

   Өвөр Монголын Өөртөө Засах Орны Бугат хотноо жил бүр уламжлал болон зохиогддог “Айвгын уянга” нэртэй шижир алтан намрын яруу найргийн наадам хичээлийн шинэ жилийн эхэнд буюу есдүгээр сарын 1-нд Бугат хотын Радио, телевизийн төв танхимд боллоо. Анх Бугат хотын үндэсний зөвлөлөөс санаачлан найр хийдэг байсан бол энэ оноос буюу ес дэх жилээсээ эхлэн яруу найргийн наадам болгож өргөжүүлсэн байна. Энэхүү соёлын арга хэмжээг Бугат хотын үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Бугат хотын Радио, телевиз хороо, Дархан Муумянган холбоот хошууны Засгийн ордноос хариуцан, Дархан Муумянган холбоот хошууны Үндэстэн шашин суртахууны хэрэг эрхлэх товчоо, Сурган хүмүүжлийн товчоо, Эмэгтэйчүүдийн холбооны хурлаас гүйцэтгэн зохион байгууллаа. Энэ удаагийн яруу найргийн наадамд Бугат, Хөххот, Алшаа, Шилийн гол, Улаанхад, Тунляо зэрэг аймаг, хотуудаас нийт 43 бүтээл ирсэн байна. Наадмын хоёрдугаар үед шалгарсан 16 оролцогчид тайзнаа шүлгээ уншиж, мөн тодорхой сэдвийн доор Таван минутын шүлэг зохиож өрсөлдлөө

  Энэ удаагийн наадамд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, МЗЭ, МСНЭ-ийн гишүүн яруу найрагч Ш.Энхбаяр, МУСТА, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбат, МЗЭ-ийн ажилтан Д.Хулганажав, Өвөр Монголын нэрт зохиолч Бүрэнтөгс, Утга зохиол шүүмжлэгч Ренчиндорж, Хадач Цагаан, зохиолч Мөнх, Буянбат нар хүндэт зочдоор уригдан оролцов.

Наадмын үеэр “Солонго” шагналт, “Дорно”-ын утга зохиолын шагналт, “Тэнгэрийн ботго” яруу найргийн наадмын эзэн, Өвөр Монголын нэрт яруу найрагч, зохиолч Н.Буянбат Монгол Улсын “Утга зохиолын төлөө” шагнал хүртлээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг Монгол Улсын Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Б.Лхагвасүрэн гардуулсан нь тус арга хэмжээний бас нэгэн онцлог болсон юм.

    Түүнчлэн Дундад улсын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, Өвөр Монголын Утга урлагийн орчуулгын нийгэмлэгийн дэд тэргүүлэгч, “Солонго” шагналт зохиолч Сэцэнбилэг, Хятад улсын Цөөн тоот үндэстний утга зохиол судлах эвлэлийн гишүүн, Улаанцав хотын Утга урлагийнхны холбооны “Цэлгэр тал” сэтгүүлийн дэд редактор, яруу найрагч Батын Саранцэцэг, Дэлхийн яруу найрагчдын хурлын гишүүн, Хятад улсын Ойрад соёлын нийгэмлэгийн дэд тэргүүлэгч, яруу найрагч Э.Болд, Монгол Улсын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, Солонго мэдээллийн төвийн редактор, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Энхбаатарын Үржинханд, Хятадын Цөөн тоот үндэстний Зохиолчдын Эвлэлийн, Өвөр Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, “Алтан хүрд” соёл дэлгэрүүлэх ХХК-ний захирал, яруу найрагч Б.Хасбилэг нар шүүгчээр ажиллаа.

Олон содон сайхан үйл явдлаар дүүрэн өрнөсөн “Айвгын уянга” ес дэх удаагийн яруу найргийн наадмын бас нэгэн онцлог нь Монголын Зохиолчдын Эвлэлээс энэхүү наадмыг жил бүр амжилттай зохион байгуулахын зэрэгцээ Монгол туургатны хэл соёлыг дээдлэн хөгжүүлэх гэгээн үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн зохион байгуулагч хамт олонд “Өргөмжлөл” илгээснийг гардууллаа.

    Яруу найргийн наадмын дараа энэхүү соёлын найрын хүрээнд “Чөлөөт ярилцлага”-ын хурал хуралдуулж яруу найраг, утга зохиолын тухай нөхөрсөг ярилцлага өрнүүлэв. Чөлөөт ярилцлагын гол зорилго, ач холбогдол нь хоёр орны утга зохиол, хэл яруу найргаа хамтдаа хэрхэн хөгжүүлэх, хэл соёлынхоо төлөө цаашид хэрхэн илүү уялдаа холбоотойгоор хамтран ажиллах талаар, мөн энэ удаагийн наадмын эргэн тойронд дүгнэлт болгон санал бодлоо чөлөөтэй солилцсон юм.

“Айвгын уянга” шижир намрын яруу найргийн наадамд:

 Тэргүүн байр- Э.Заяат - Дэлгэрэгч сэтгэл, адууны бэлчээр

 Дэд байр-С.Болор - Намрын зураач

                С. Алтанчулуу - Хазааргүй Монгол

Гутгаар байр - Болор-Эрдэнэ - Мөрөөдөл сүвлэх шүлэг

                Умнаран Гэрэлт - Үргэлжлэх орчлон

                Гялбаа - Он зууны цаасан шувуу

Шилдэг байранд:

                Мэндбаяр - Чулуу болохсон

                Хөөрхөн - Миний Монгол

                Бөхбаатар - Нүүдэл

                Баянхорвоо - Миний нууцлаг зам

                Умнаран Цолмон - Цоморлиг

                У.Сайнзаяа - Морь хазаарлах шүлэг

                Хас-Уул - Хязгааргүй хайр

                Соёлт - Ээжийн овоо

                Сүмбэр - Бурхны ирээдүй шүлгээрээ тус тус шалгарлаа.  

                                                                                                                            Э.ҮРЖИНХАНД                        

 

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл