

1973 онд ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд малчин, ардын багш, өрхийн цэргийн сургагч, идэвхтэн бичигч зэрэг ажил алба гүйцэтгэж байв. Төрийн хошой шагналт зохиолч түүний таван зохиол нь бүрэн дунд сургууль болон их сургуулийн хичээлийн сурах бичигт орсон аж. Муж, орны зэрэглэлээс дээш уран зохиолын нэр хүнд бүхий шагналыг арав гаруй удаа хүртсэнээр ӨМӨЗО-ны “Солонго” шагналыг дөрвөн удаа, ӨМӨЗО-ны Засгийн газрын анхны “А.Од-Сэр нэрэмжит утга зохиолын шагнал”, улсын анхны Монгол уран зохиолын “Боржигон” шагнал хүртэж, “Хүн яст хад” өгүүллэгийн түүвэр, “Шанд хийвэн хүрд балгас” найрууллын түүврээрээ Хятадын 56 үндэстний У, УII удаагийн “Ажнай хүлэг” төрийн шагналыг хүртэж, алтан одонгоор энгэрээ мялаалгажээ. Түүний товч намтар нь “Хятадын зохиолчдын том толь”, “Дэлхийн урлагийн алдартан” зэрэгт тэмдэглэгдэж, уран бүтээл нь холбогдох номын сан болон архивуудад тавигдсан байна.
Га.Шаравжамц гуайг сурвалжлахаар утсаар ярихад бидний хүсэлтийг таатай хүлээн авсан билээ. Гэргий нь саяхан Хөххотоос зээгийн хамт ирээд байсан юм.
Ярилцлага маань Га.Шаравжамц гуайн номын өрөөнд боллоо. Хаяа дагуулж тавьсан хуучин тавиураар нь дүүрэн ном.
- Энд нэг хэсэг нь байна, ихэнх нь хуучин ном болжээ. Нөгөө өрөөнд бас олон ном бий гэж Га.Шаравжамц гуай өгүүлнэ. Чухам хэзээний гэдгийг нь хэлэхийн аргагүй хуучин ширээн дээр тамхины үнсний хоёр сав байсан нь Га.Шаравжамц гуайн тамхинд хорхойтойг харуулж буй гэлтэй. Хуучин ширээний хажуугаар нэг л хүн орох зайтай байлаа. Хайртай нохой нь хажуу өрөөнөөс байн байн хуцах авч эзнийхээ үгэнд ордог их ухаантай амьтан аж.
Уран бүтээлээрээ ард түмэнтэйгээ танил болж, сонин сэтгүүлийн найруулагч сурвалжлагчаас төрийн шагналт зохиолч болтлоо дөчин жилийн хавар, намар мэргэжлийн зохиолч гэсэн нэр хүндийг өргөж явахдаа хоёр ч удаа төрийн шагнал хүртсэн хүн билээ. Га.Шаравжамц:
- “Хүн яст хад” өгүүллэгийн түүвэр, найрууллын түүвэр “Шанд хийвэн хүрд балгас” бүтээлүүдээрээ Хятад улсын 56 үндэстний У, УII дахь удаагийн “Ажнай хүлэг” нэрэмжит төрийн шагнал хүртсэн. Иймэрхүү төрийн шагналыг ерөнхийдөө нэг хүнд ганц удаа л олгодог. Надад хоёр удаа өгсөн гээд хөгжилтэй инээж байлаа.
Түүхийн их эмгэнэл, түүнээс улбаалсан уран бүтээлч хүний сэтгэлийн эмзэг, үнэнийг бичих гэсэн өнө мөнхийн эрэлхийлэл бол зохиолч хүний цорын ганц шүтээн биз ээ. Харин олон жилийн өмнө Га.Шаравжамц гуай нэвтрүүлэгт оролцох үеэрээ:
- Байгаль бол миний урлагийн шүтээн, ард түмэн бол миний урлагийн шүтээн, үнэнийг хэлэх бол миний урлагийн шүтээн, үндэстний ой ухаан сүнсийг дуудан сэрээх нь миний урлагийн шүтээн гэж хэлж байсныг зарим үзэгч, сонсогч санаж байгаа байх.
“Хүн төрөлхтөнд өөрийн би-гээ дээшлүүлэх чадвар бий гэдэгт итгэхгүй хүн бол уран зохиолын ажилд өөрийгөө зориулж чадахгүйн дээр уран зохиолын салбарт ч орж чадахгүй” гэж Америкийн алдарт зохиолч Жон Стайнбек хэлсэн байдаг. Хүний уугуул чанар, хүний мөсөнд шингэсэн сайн сайхныг магтан дуулж, муу муухайг ил задлах нь уран зохиолч хүний үүрэг юм. Тэр ч утгаараа уран зохиол үнэнийг бичих цорын ганц үүрэг хүлээсэн гэхэд илүүдэхгүй биз ээ.
Хүн байгалийн холбоо, хүн хүний харилцаа, хүн хийгээд өөрийн би-гийн харилцаа бол уран зохиолын мөнхийн сэдэв. Тийм ч учраас Югославын алдарт зохиолч Иво Андрич “Хүн хийгээд хүний чанарыг бичих нь зохиолчийн цорын ганц зорилго юм” гэж хэлсэн удаатай.
Байгаль дэлхий эмзэглэхээр хүний сэтгэл эмзэглэх, түүхийн гунигт учралын өмнө хүн сэтгэлээсээ харуусах, хүний чанар унахад түүнийг сайн сайхан зүг уриалан дуудах гэж Га.Шаравжамц уран зохиолын төлөө дөчин жил зүтгэсэн юм. Үүнээс улбаалан “Шанд хийвэн хүрд балгас”, “Хүн яст хад”, “Архагийн харанхуйг арилгагч амраг цагаан усан” зэрэг олон бүтээл ард түмнийхээ оюуны хүртээл болсон юм.
- Зохиолыг яаж бичих нь чухал биш. Харин юуны төлөө, хэний төлөө
бичнэ гэдэг асуудал бол юу юунаас ч эрхэм. Энэ нь зохиолч хүний хувьд хариуцлагатай сэтгэл ба хувь хүний үзэл бодлын асуудал юм. Өөрөөр хэлбэл зохиолч болох үндсэн стандарт болно гэж хорин жилийн өмнө миний тухай судлан ярилцах хурал дээр би хэлж байсан. Одоо ч түүнийгээ баримталсаар явна. Одоо уран бүтээлээ эмхэлж ном түүврээ хэвлүүлэхийн дээр судалгааны бүтээлээ хэвлүүлэх санаатай. Олон магистр төгсгөсөн хүн шүү, тэд миний зохиолоор сэдэв болгож дипломоо бичсэн хэмээнг Га.Шаравжамц гуай инээмсэглэн ярина.
Өөрийнх нь зохиол бүтээлийн түүвэрт шүлэг, найруулал, өгүүллэг зэрэг олон төрөл жанрын бүтээл хамрагдах төлөвтэй. Га.Шаравжамц гуайн бичсэн 600 гаруй бадагтай шүлэг ч бий. Үүнд, зарим бүтээл нь олон хүний түүвэрт орж байсан боловч өөрийнх нь нэр дээрх бие даасан түүвэр гараагүй юм. Түүний зохиол бүтээлийн тухай бичсэн бусад хүмүүсийн судалгааны өгүүлэл зохиолууд нэгэнтээ 60 гаруй гарчээ. Ихэнх нь 80-аад оноос хойш бичиж нийтлүүлсэн өгүүлэл, шүүмж багтаж байгаа юм. Бичсэн зохиолуудаас нь үзвэл тусгай шүүмжлэгчид олон, уншин сонирхогчид ч цөөн бус, их сургуулийн магистр цол хамгаалахад сэдэв болсон өгүүлэл басхүү нэлээд олон бий. Ихэнх нь зохиолын судлал ба ерөнхий судлалд харьяалагдана. Гэхдээ утга сэдвийн эрэл хайгуул ба урлагийн арга барилын судлал дээр төвлөрч байна. Үүнээс гадна, Га.Шаравжамц гуайн өмнө хэвлүүлж байсан ном түүвэр захаасаа олдохгүй болсон бөгөөд борлуулалт сайтай учир зарим хэвлэлийн газар хэвлэх ажлаа дахин эхлүүлсэн.
Га.Шаравжамц гуай өөрийгөө түүхч болно гэж боддог байсан гэдэг. Өөрийн цадиг түүх, ургийн бичгийг үзэхээр үсэг бичиг сурсан. Түүний улмаас уран зохиолд хайртай болсон, уран зохиолч хүний сэтгэлээр түүхийн үнэнийг өгүүлэх хэмээн зүтгэснийг юу ч гэхэв. Харин хүн болгон уран зохиолч болдог биш, уран зохиолч болсон нь ард түмнийхээ хүндэтгэлийг олдог биш. Га.Шаравжамц хэмээх хүн буюу түүний уран зохиол нэг зүгийн үзэгдэл болон бүрэлдэж, цаг үеийн их урсгал дунд жинтэй даацтай урагшилж байгаа нь түүний үнэ цэн гэхээс өөрөөр хэрхэн тайлбарлах билээ.
