solongonews
Бөх Банзарын уран барилдааны тухай урамтай яриа
2017-07-04 11:42
Алдарт бөх Банзарын барилдаж явсан цөөн жишээнээс толилуулъя.

Харагчин могой жилийн дэлгэр зуны эхэн сард би Тамцагийн хамт Банзарынд очиж, түүний барилдаж явсан түүхийн тухай хүүрнэлдэж билээ.

1983 онд Эхбулаг сумын наадмын 256 бөхийн барилдаанд Авга хошууны алдарт бөх Мөнхбаатарыг орж ирэхэд нь өрөөсөн ханцуйн үзүүрээс авснаа угсраа эрдмээ хийж хаяад тэргүүлсэн гэдэг. 1984 онд Бээжинд болсон цөөн тоот үндэстний их наадамд улсын аварга Цагаанзаантай таараад, Цагаанзаан гишгэхэд гишгээг нь сугалан ачаа эрдэм хийж хаяад тэргүүлсэн бол наадмын түрүү бөхтэй бяраа шалгах хэмээн Хөлөнбуйрын Гомбоням аварга ирэхэд Банзар түүнийг “суугаа цохио” эрдэм хийж хаясан байлаа.

1987 оны Зүүн Үзэмчин хошууны малчдын их наадмын 512 бөхийн барилдаанд Банзар гуай Эрдэнэбаяр аваргатай барилдахдаа дутуу өлгөө хийснээ Эрдэнэбаярыг хөлөө сугалан авахтай зэрэг дагаад “өсгий дэгээ” хийж хаян үзэгчид олныг уухай алдуулж билээ. Баруун Үзэмчин хошууны Баян-Ухаа сумны 1984 онд хийсэн 512 бөхийн наадамд тэрээр Харганатайн Сундуй гэгч том биетэй хүнийг барьц барихтай зэрэг дутуу атгуулаад, өсгийдөн цохиод хүүхэд хаяснаас хялбархан хаяхад үзэгчид олон түүний уран барилдааныг аргагүй гайхсан гэдэг. Мөн жил Шилийнхотод болсон Шилийнгол аймгийн монгол бөхийн багийн уралдаанд 1.66 метрийн намхан биетэй Банзар Авга хошууны 1.90 метр өндөр биетэй Хотолбаярыг өсгийдөж, шагай дээр нь дарж хялбархан хаяад бөхийн эрдэм мэхийг гайхуулсан юм.

1983 оны Шулуун Хөх хошууны Ардын их наадмын 256 бөхийн барилдааны тавын даваанд Хөвөөт Шар хошууны Билэгбаатарыг өсгий утгаагаар, зургаагийн даваанд улсын аварга, Баруун Үзэмчний Эрдэнэбаярыг хашаа эрдмээр, долоогийн даваанд Шулуун Хөхийн Бүрэнмандахыг зүүн талаар бүсдэж бариад цохио эрдэм хийж хаян, үзүүр түрүүнд Хэсгийн Дамбааг хаяж түрүүлэн, ес ес наян нэгийн хүнд шанг тоссон билээ. Мөн жил Шилийнхотын Рашаанбулаг сумын их наадамд Шулуун Цагаан хошууны Батнасан, Авга хошууны Мөнхбаатар, улсын аварга Буянт нар Банзарыг хаяна гэж зөвшилцөн ирсэнд тэр гурвууланг нь цувуулсан гэдэг билээ.1985 оны Шилийнгол аймгийн багаар уралдах барилдааны тохмын найр дээр дасгалжуулагч Мандлаа Банзарыг дуудаж:

-Чи Өлзийбаярыг ямар эрдмээр хаях вэ? гэхэд тэр:

- Өлзийбаярыг би цохио эрдмээр л хаяна, өөр мэхээр хядаг бол унаснаар бодчих гэсэн бөгөөд амласан ёсоороо “цохио эрдэм”-ээр хаясан гэдэг. Мөн наадамд улсын аварга Мөнхбаатар Банзарыг бүсдэж авснаа эргээд цохиход гэдсийг нь дарж хий тонгороод эрүүг нь духаараа өргөөд ар зүгээ нумдаж хаясан байжээ.1987 онд ӨМӨЗО байгуулагдсан 40 жилийн ойг тэмдэглэх баяр наадмын тохмын найрт тэр Хөлөнбуйрын Халзанг цохио эрдэм хийхэд нь сугалж дараад хаясан бол үүнийг нь “ачаа сугалах эрдэм” гэдэг.

Эдгээр бол Банзар гуайн бөхийн эрдмээ хийсэн цөөн хэдэн жишээ төдий юм. Өнгөрсөн зууны 80-аад онд тэрээр өөрийн уран эрдмээрээ үзэгчид олноо баясгаж, наадамчин түмний ярианы дээж, бөхийн зоог болж явсан юмсан.

Зохиогч: О.Ёндон
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл