CRI онлайн мэдээ: 8-р сарын 31-нээс 9-р сарын 1-ний өдрүүдэд 2026 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний уулзалт Киргизстаны нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдаж өнгөрөв. ШХАБ байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж буй энэхүү дээд хэмжээний уулзалт нь Хятад зэрэг хөгжиж буй томоохон гүрнүүдэд дэлхийн өмнөд бүсийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх чухал индэр бүрдүүлээд зогсохгүй, “Нийтлэг ойлголтыг эрэлхийлж, ялгаатай байдлыг хүндэтгэх, санал зөрөлдөөнийг зохистойгоор зохицуулах” өвөрмөц практик үйл ажиллагаагаараа геополитикийн ээдрээтэй нөхцөлд бүс нутгийн хамтын ажиллагааг хадгалж, өргөжүүлэх ШХАБ-ын институцийн тогтвортой байдлыг дахин нотолж байгааг гадаадын олон орны голлох хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон тэмдэглэжээ.
Хамтын ажиллагааны хөтөлбөр уламжлалт аюулгүй байдлын салбараас харилцан холболт, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг шинээр хөгжиж буй салбаруудад өргөжихийн хэрээр ШХАБ нь Евразийн эх газрын нэгдмэл хөгжилд түлхэц өгөх чухал хөдөлгөгч хүч болон улам бүр төлөвшиж байна. Тяньжинаас Бишкек хүртэлх замд Хятад, Киргизстан болон ШХАБ-ын бусад түнш орон энэхүү олон талт хамтын ажиллагааны индрийг ашиглан түншлэлийн харилцаагаа тасралтгүй бэхжүүлж, харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж байна.
Катарын “Аль-Жазира” телевизийн мэдээлснээр, энэхүү дээд хэмжээний уулзалт нь Хятад зэрэг хөгжиж буй томоохон гүрнүүдэд дэлхийн хэмжээнд үзүүлэх нөлөөгөө цаашид нэмэгдүүлэх, дэлхийн өмнөд бүсийн бусад оронтой харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чухал боломжийг бүрдүүлж байна. Францын “Натиксис” банкны Ази, Номхон далайн бүс хариуцсан ерөнхий эдийн засагчийн үзэж байгаагаар, энэхүү дээд хэмжээний уулзалт ШХАБ байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж буйгаараа онцгой ач холбогдолтой. Мөн 2025 оны Тяньжиний дээд хэмжээний уулзалтаар баталсан “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн Тяньжиний тунхаглал”-ыг хэрэгжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлж байна. Энэ нь илүү шударга, эрх тэгш, төлөөлөх чадвар бүхий олон туйлт дэлхийн дэг журмыг цогцлоох, хүртээмжтэй, нийтэд өгөөжтэй хөгжил болон харилцан ашигтай олон улсын хамтын ажиллагаанд шинэ боломж нээхэд тусална.

АНУ-ын “The Diplomat” сэтгүүлийн цахим хуудасны нийтлэлийн дэлгэцийн зураг
АНУ-ын “The Diplomat” сэтгүүлийн цахим хуудсанд нийтэлсэн өгүүлэлд дурдсанаар, ШХАБ байгуулагдсан 25 жилийн хугацаанд нийтлэг ойлголтыг эрэлхийлж, санал зөрөлдөөнийг зохистойгоор зохицуулах үндсэн дээр зэрэгцэн орших, хамтран ажиллах өвөрмөц загварыг бий болгожээ. Гишүүн орнуудын хүрээ болон хамтын ажиллагааны салбар тасралтгүй өргөжихийн хэрээр ШХАБ-ын хамтын ажиллагааны хөтөлбөрт өдгөө терроризм, салан тусгаарлах үзэл, экстремизмтэй тэмцэх, хар тамхи болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, кибер аюулгүй байдал, эрчим хүч, тээвэр ба харилцан холболт, худалдаа хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологи, хиймэл оюун ухаан, соёл, аялал жуулчлал, боловсрол зэрэг олон салбар багтаж байна. “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дүрэм”-д тусгаар тогтнол, дотоод хэрэгт үл оролцох, улс орнуудын тэгш эрхийн зарчмыг онцлон тэмдэглэж, нийтлэг сонирхож буй асуудлаар талуудын уялдаа холбоо, зохицуулалтыг бэхжүүлэн, харилцан ойлголцолд хүрэхийг уриалсан байдаг. Энэхүү институцийн зохицуулалт нь байр суурийн зөрүүтэй улс орнуудад харилцаа холбоогоо тасралтгүй хадгалах, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломж олгодог. Ингэснээр талууд санал зөрөлдөөнийг даван туулж, хамтын ажиллагаагаа хадгалахын зэрэгцээ нийтлэг ашиг сонирхлоо өргөжүүлэх явцдаа хамтын ажиллагааны шинэ орон зайг тасралтгүй нээж байна гэж тус нийтлэлд үзсэн байна.

Бангладешийн “The Flash Report” сонины нийтлэл
Бангладешийн “The Flash Report” сонинд нийтэлсэн тойм өгүүлэлд, Хятад улсын дарга Ши Жиньпин Бишкек хотод хүрэлцэн ирж, 2026 оны ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцон, Киргизстан улсад төрийн айлчлал хийснээр хоёр орны харилцаа чухал ач холбогдолтой шинэ шатанд гарч байгааг онцолжээ. Эртний Торгоны зам худалдаа арилжаа, соёлын солилцоогоор дамжуулан Хятад болон Төв Азийг холбож байсан билээ. Харин өнөөдөр орчин үеийн Торгоны зам болох “Бүс ба Зам” санаачилга нь ШХАБ зэрэг платформ, механизм болон төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал, эрчим хүчний төслүүд зэрэг бодит бүтээн байгуулалтаар дамжин дахин сэргэж байна. ШХАБ нь Хятад, Киргизстан төдийгүй Евразийн бүс нутгийн харилцааг гүнзгийрүүлэх шинэ платформ болж байна. 25 жилийн гайхамшигт замналыг туулсан ШХАБ-ын цар хүрээ тогтвортой өргөжин тэлж, түүний хөгжил, хувьсал нь Евразийн бүс нутгийн геополитик, эдийн засгийн байнга өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг гүнзгий тусгаж иржээ. Өдгөө тус байгууллага Евразийн эх газрын аюулгүй байдал, эдийн засгийн яриа хэлэлцээ, харилцан холболт болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх гол механизм болон төлөвшөөд байна. Хятад, Киргизстан хоёр улс газарзүйн хувьд хөрш орнууд төдийгүй харилцан итгэлцэл, хамтын хөгжил, ард түмнүүдийн найрсаг харилцаанд тулгуурласан, газарзүйн ойр дотно байдлаас давсан орчин үеийн ойр дотно түншлэлийн харилцааг хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгээ харуулах боломжтой юм.
