solongonews
Д.БАТНАСАН: - БАЙГАЛЬ ӨӨРӨӨ ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ
2020-04-23 08:32
Цаг үеэ мөнхөлж дурсамжийн хөндий рүү алсрах бүхнээс хүнийг баясган тайтгаруулж, сэтгэлд хоногших тэр л үнэ цэнтэй гэгээн сайхныг бүтээгчдийн чухал төлөөлөл бол зураачид гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ. Дэлхий даяар онцгой нөхцөл байдал үүсээд байгаа энэ цаг үед уран бүтээлч хүнд чухам ямархан бодол төрж яваа бол оо?

       Зураач, урлаг судлаач Даваасамбуугийн Батнасан. Тэрээр монголын нүүдлийн ахуй соёл, байгаль, монголчуудын уламжлалт соёл, хөдөө нутгийн эгэл жирийн амьдрал ахуй зэрэг сэдвээр голчлон уран бүтээлээ туурвидаг. Ерөнхийдөө байгалийн болон хөрөг зураг, аж байдлын сэдэвт, орчин цагийн урсгал чиглэлүүдээр буюу хийсвэр маягийн сэдвээр зурдаг, Архангай аймгийн Цэцэрлэг хотод өсөж өндийсөн эрхэм нэгэн уран бүтээлчтэй та бүхнийгээ уулзуулъя.

- Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу. Урлаг судлалын ажил болон уран бүтээлийнхээ тухай танилцуулна уу?

- Урлаг судлалын чиглэлээр гол томоохон ажлуудаасаа сонирхуулахад “Сонгодгуудыг сонсохуй” гэдэг цуврал нэвтрүүлэг байдаг. Европын сонгодог зураачдын тухай, бүтээлээ хийх учир шалтгаан, нийгмийн нөхцөл байдал, урсгал чиглэл, ялангуяа зураг доторх гүнзгий нууцлаг агуулгуудыг нийтлэг ойлголтоос арай өөр түвшинд тайлбарлах гэж оролдсон нь урлаг судлаачдын таашаалыг нэлээд хүртсэн байдаг.

    Ер нь монголд дүрслэх урлагийн маш олон чиглэл хөгжсөн. Суурь уран зураг гэдэг гол уран зураг, тэрчлэн олон салбарууд дунд монгол зураг гэх үндэсний уран зургийн салбар бий. Уран зургийг голдуу тосон будгаар зурдаг. Түүний дотроос усан будгийн жанар монголд 1950-иад оноос нэлээд хөгжсөн. 1990-ээд оноос зогсонги байдалд орчихсон байсан. Миний бие энэ төрөлд анхаарч Монголын усан будгийн нийгэмлэгийг 2014 оны үед санаачилсан. Байгалийн судалбар хийх, хөрөг зурах, усан будгаар хүмүүсийг зурах зэргээр идэвхтэй ажилласны дүнд монголын уран бүтээлчид энэ төрөлд нэлээд анхаарч орж эхэлсэн. Ингэснээр 2016 оноос эхлээд бүр олон улсын чанартай уралдаануудад оролцож ирлээ. Хэдийгээр монголын уламжлалт төрөл биш ч манай залуучууд богино хугацаанд амжилт гаргаж эхэлсэн. Туркт болсон Олон улсын Усан будгийн зургийн уралдаанд анх тэнцсэн нь залуучуудад маань их урам өгсөн. Түүнээс хойш олон улсын уралдаануудад тасралтгүй оролцож олон ч удаа тэргүүн байрын шагналууд авсан. Ердөө нэг жилийн дотор олон улсын түвшинд гарна гэдэг бахархууштай том амжилт. Монголчууд маань маш авьяаслаг үндэстэн гэдэг нь эндээс харагдаж байна. Энэ ажлыг санаачилж удирдан чиглүүлж хийж байсан нь гол ажлуудын маань нэг учраас онцоллоо. Олон улсын Усан будгийн нийгэмлэгийн монгол дахь салбарыг байгууллаа. Хээр гадаа, байгалийн хөрөг зурах зэргээр ерөнхийдөө усан будгийн бүхий л жанарт хүмүүс анхаарснаар монголын усан будаг олон улсын түвшинд нэлээд үнэлэгдэх түвшинд гарч ирсэн.

Уран бүтээлийн хувьд өөрийн арав гаруй бие даасан үзэсгэлэн, мөн хамтарсан арав гаруй үзэсгэлэн гаргасан. Олон улсын чанартай томоохон уралдаануудад оролцож, нийтэд хүрсэн нэлээд хэдэн бүтээлүүд дээр ажилласан. 2018 онд төрөлх Цэцэрлэг хотынхоо тухай бие даасан үзэсгэлэн гаргаж байлаа.

- Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

- Хөххотын тухай үзэсгэлэн гаргахаар ажиллаж байна. 100 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргах бодолтой, одоо ажил 80 хувьтай явж байгаа.

Сүүлд Хятадын өөрчлөлт шинэчлэлтэд зориулсан шуудангийн маркийн зургийн сонгон шалгаруулалтад тэнцсэн. Нэлээд хэдэн бүтээлүүдээр маань шуудангийн марк хэвлэгдэхээр сонгогдсон. Өнгөрсөн 70 жилийн ойд зориулсан шалгаруулалтад бас тэнцээд маркууд маань хэвлэгдэхээр болсон. 

Хөхнуур мужийн Хайши аймагт байгуулагдсан Гүш хааны ордон музейд ерөнхий зөвлөх, уран сайхны удирдаачаар ажиллалаа. Тэнд уран бүтээлчдийг удирдаж, нэгдсэн судалгааны мэдээллээрээ хангаж ажилласан. Энэ бол сүүлийн үеийн ажлуудын нэг чухал нь. Өөр олон улсын уралдаануудад амжилттай оролцсон бусад ажлууд бий.

- Хамгийн том амжилт авчирсан бүтээлээсээ танилцуулна уу?

- Уран бүтээл, зохион байгуулах болон судалгааны ажил гээд сэдвийн хувьд өргөн л дөө. Усан будгийн нийгэмлэгийг байгуулсан тухай амжилтуудаа дурдсанаас гадна, энэ төрлөөр би өөрөө бас хүмүүсийг уриалахыг зорьж ажиллаж байна. 2016 онд Албанд болсон Олон улсын усан будгийн зургийн нийгэмлэгээс зохион байгуулсан Олон улсын усан будгийн зургийн уралдаант үзэсгэлэнд шалгарсан 20 бүтээлээс “Усны үнэр” бүтээл маань 2-р байранд орсон. Энэ бол олон улсын хэмжээнд амжилт гаргасан гэдэг утгаараа том амжилт авчирсан бүтээлд орно.

Усны үнэр

- Өвөр Монгол оронтой ямар харилцаа холбоотой ажилладаг вэ?

- Монгол нүүдлийн соёлын сайхан уламжлалууд хадгалагдаж үлдсэн газруудын нэг бол Өвөр Монголын газар нутаг. Тэдний маань соёл ахуйд олон сайхан үүх түүх, нүүдлийн уламжлал соёлууд бий. Энэ тухай ажиглаж судлах зорилгоор сүүлийн үед нэлээд нааш цааш явсан. Өвөр Монголын Багшийн Их сургуулийн харьяа Эрээн хот дахь Олон улсын их сургуулийн оюутнуудыг авч Шулуун хөх хошууны Шанд, Дээд нийслэлээр байгалийн зураг зурах, усан будгаар зурах зорилгоор хүүхдүүдтэй хамт хэд хоног аялаад энэ нутгийн уул ус, байгалийн өнгө үзэмж, түүхэн дурсгалт зүйлсүүдийг зурж тэмдэглэж үлдсэн.

Одоо бэлтгэж байгаа Хөххотын сэдэвт үзэсгэлэнгийн ажлууд энд хамаарагдана. Олон сайхан урлаг соёлын, нийгмийн зүтгэлтнүүдийн жараад хөрөг зурсан байдаг. Өвөр Монголоор тогтохгүй, өөр бусад олон газрын монголчуудын тухай зурах санаа бий.

- Монгол уламжлалт сэтгэлгээ гэж юу вэ, уран бүтээлдээ хэрхэн тусгадаг вэ?

- Энэ тал дээр нэлээд судалсан, ажигласан зүйлс бий. Дүрслэх урлаг гэдэг дүрслээд л, зураад л байхын нэр биш, гол нь цаад хэлж байгаа санаа, философи сэтгэлгээндээ, аугаа агуулгууддаа бүх чухал зүйл нь оршдог. Философи их агуулсан орчин цагийн зарим урлаг цааш яаж хөгжих вэ гэсэн гацалтын байдал ажиглагддаг. Харин нүүдэлчдийн сэтгэлгээ бол байгаль дэлхийгээ хайрлаж харилцах, хүн зон бие биеэ хайрлах, байгальтайгаа уялдан зохицож амьдрах, байгалийг дагуулан захирах биш даган захирах ухаан. Жишээлбэл, үер ус болоход далан шуудуу барих биш, харин үертэйгээ зохицоод нүүгээд явах ч юм уу, байгалийн өөрийнх нь зүй тогтлыг эвдэхгүйгээр нийцэж амьдардаг. Энэ бол байгалийг ялна дийлнэ гэдэг философи биш, харин байгалиа хайрлаж, өөрсдөө байгалийн эд эс гэдгээ ухамсарлах, ийм хайрлах сэтгэлгээ урлагт дутагдаж байна. Манай уламжлалт сэтгэлгээ бол орчин цагийн урлагт гарах гарц гэж хэлж болох юм. Жишээ нь, Хүү хамтлаг нэлээд шуугиуллаа. Энэ хамтлагийг гаднаас нь рок хөгжим тоглоод байна гэж өнгөц харж байж болох. Тэд хөөмий, хархираа, исгэрээ гэх язгуур хөгжмийн уламжлалуудыг, товшуур, морин хуур зэрэг язгуурын хөгжмүүдийг хэрэглэж байна. Дууны үгэнд нь эртний монголчуудын байгаль зүйтэйгээ хэрхэн харьцаж, зохицож,  өөрөөр хэлбэл зургаа дахь мэдрэхүй гэх юм уу, далдын нэг тийм гүнзгий ойлголцдог хүчин зүйлсүүд байна. Бас нүүдэлчдэд их байдаг шооч сэтгэлгээ бий. Зуу гаруй жилийн өмнө бүтээгдсэн “Монголын нэг өдөр” зураг бол монголчуудын нэг л өдрийн амьдрал ахуйг зурсан.

Үүнийг харахад шоолсон, цаашлуулсан, хөгжилтэй маягийн өнгө аястай. Монголчууд аливааг хүндрүүлж авахаас илүү инээдэмтэй хөгжөөнтэй маягаар тусгаж авдаг нэг тийм эерэг хандлага байдаг. Шоолно гэдэг өөрөө мундаг ухаан юм. Энэ зурганд шоолсон егөөдсөн өнгө аяс их харагддаг. Түүн шиг Хүү хамтлагийн дууны үгэнд өнөө цагийнхаа хүмүүсийг егөөдсөн, далдуураа шүүмжилсэн өнгө аяс их бий. Энэ нь монгол хүний сэтгэлгээний онцлог юм шиг байна. Егөөдсөн мөртлөө байгалийн гүн философууд явж байдаг. Орчин цагийн урлагт энэ өнгө аяс түлхүү орж ирэх байх. Тиймээс урлагийн цааш хөгжих нэг том гарц бол нүүдэлчдийн сэтгэлгээ юм.

- Уран бүтээлч хүн цаг хугацааг хамгийн нарийн мэдрэгч байдаг. Таны хувьд өнөөгийн “COVID-19”-ийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

- Байгаль өөрөө өөрийгөө цэвэрлэж байна гэж ойлгож байна. Зүйрлэж хэлбэл, хүний бие муудахаараа тухгүй болоод л өөрчлөлт орж эхэлдэг. Түүн шиг хүн төрөлхтний орчин цагийн өндөр хөгжил эргээд байгальд маш аюултайгаар нөлөөлж эхэлж байна. Хүн төрөлхтөн өөрсдийн тав тухын төлөө хийж байгаа энэ олон зүйл эргээд байгалиа сүйтгэж, байгальдаа дарамт үүсгэж байна. Суурин иргэншил, өндөр хөгжлийг дагасан агаар, усны бохирдлыг байгаль дааж зохицуулж цэвэрлэхийн аргагүй хэтэрхий хүнд байдалд оруулж байна. Дээр нь хүмүүсийн өөрсдийн харилцаа эвдэрч, үнэт зүйлс нь өөрчлөгдөж, үгүй болж байна. Байх ёстой зүй тогтлуудаасаа нэг л гажаад өөр хэлбэр лүү ороод байна. Тиймээс нэг өөрчлөлт хийх цаг болсон гэдгийг сануулж байгаа сануулга. Дэлхий нийтийн эдийн засгийн байдал, хүний хөгжлийн явцыг энэ өвчин шууд өөрчилж байна. Эдийн засгийн маш олон хүндрэлүүд одоо гарч ирнэ. Өт хүртэл хүрэхээр арвалздаг гэдэг шиг дэлхий “хөдөлж” байна шүү дээ. Аягүй бол хүмүүсийг нэг сэгсэрч ч магадгүй. Энэ олон байгалийн гамшгууд ердөө сануулга. Ганц энэ өвчнийг биш, томоор харах ёстой гэж санагдаад байгаа юм. Гэхдээ суурин иргэншлийг муу гэж байгаа юм биш. Зарим талдаа хэтрүүлж байгаа юм их байна. Эргүүлээд үүх түүхээ сөхөж харвал өвчин тахлууд дэгдэж байсан тохиолдол зөндөө бий. Ерөнхийдөө том том тахлын дараа нийгмийн амьдралд нэлээн том шинэчлэлт гарч, их өөрчлөлтүүд ороод цэвэршээд явсан түүх бий.

- Таны бодлоор ийм үед, ер нь бусад энгийн үед ч гэсэн монгол хүний үүрэг ямар байх вэ?

- Маш олон улсуудын энэ өвчинтэй холбоотой хийж байгаа арга хэмжээнүүдийг харахад монголчууд цөөхүүлээ ч гэсэн ийм байдалд хурдан зохицож, хамгаалах арга хэмжээнүүдийг авсны ачаар харьцангуй сайн үр дүнтэй байна. Маш цөөхөн хүн халдварлагдлаа. Харин өндөр хөгжилтэй гэгддэг байгалиасаа их тасарсан зарим улс орнуудын үнэн нүүр царай одоо харагдаж байна. Итал, Франц зэрэг бидний хамгийн соёлын өндөр түвшинд хүрсэн гэж үздэг улс орнууд хамгийн хүнд нэрвэгдлээ.           

Мэдээж, хүн чанарын, хүн хүнээ хайрлах ёс зүйн юмнууд энэ үед илүү тод харагдаж байна. Ингээд бодохоор юу чухал вэ, юу чухал биш вэ гэдгийг бас эргээд харах сануулга болж байна даа.

Монголчуудад нэг ийм төвөгтэй, түгшүүртэй болсон үед маш хурдан зохион байгуулалтад ордог чадвар байна. Мөн байгальтайгаа их ойр байдаг учраас энгийн, зөв шийдвэрүүдийг гаргах давуу боломжууд бий. Өнгөрсөн түүхүүдийг харахад Ази, Европын соёл, Грек, Ромын соёлыг хооронд нь хольж сэлгэж, бие биеэсээ суралцах боломжууд гаргаж, өөрөөр хэлбэл мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан гэсэн үг. Энэ удаад ч гэсэн ийм үүрэг гарч ирэх хандлагатай байх шиг.

- Солонго сэтгүүл болон манай мэдээллийн төвийн талаар хэр сайн мэдэх вэ?

- Хоёр улсын хоорондын соёлын харилцаа, бие биенийхээ өсөлт дэвшлийн тухай мэдээлэл солилцоход том үүрэг гүйцэтгэдэг гэж боддог. Өөр өөр соёл дээр амьдарч байгаа ч гэсэн монголчууд хоорондоо уялдан зохицох зүйлсүүд нь чухам юу юм бол, ингэж ижил төстэй талыг нь бичсэнээрээ ойлголцох давуу талуудыг их гаргаж ирдэг. Эвлэлдэн нэгдэх тал руугаа анхаарч буй энэ үед сайхан гүүр болж байна. Солонго өөрөө гүүрийн агуулгатай. Тэнгэр газрыг холбосон байгалийн мундаг гоё үзэгдэл. Энэ үндсэн үүргээ сайхан биелүүлдэг сэтгүүл гэж үздэг. Хоёр орны хоорондох нийгмийн харилцаа, нийгмийн үзэгдлүүдийг цаг тухайд нь мэдээлдэг. Нэлээд олон жилийн өмнөөс хятад хэлний сургалттай Үйцай сургууль дээр анх харж байсан. Түүнээс хойш ийм сэтгүүл байдаг гэдгийг мэдэж анзаардаг болсон.          /http://www.solongonews.mn/journal/read/61.htm/ 

- Миний асуугаагүй орхигдуулсан, таны ярихыг хүссэн зүйл байгаа байх?

- Эцэст нь хэлэхэд бас л хөгжлийн цоо шинэ үе шат руу бид бараг орж байна уу даа. Хувьсал өөрчлөлтүүдийг хүн л хийдэг гэж бодоод байдаг. Гэтэл шинэчлэлийг байгаль өөрөө хийчих шиг боллоо. “Хүн төрөлхтөн буруу хөгжлөөр явж байна, та нар одоо арай өөр зүйл рүү ороо, бие биеэ хайрла” гэж санууллаа. Их шинэчлэлийн үе ойртож байна. Гар утас нийтийн хэрэглээ болсон нь бас сайн үр нөлөөтэй. Өнөө цагт дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, амжилт гаргаж, соёл мэдлэгүүдээс суралцаж байна. Зарим нь бүр удирдах янз бүрийн түвшинд нь ч орж байна. Ганцхан монгол биш, үндэстэн бүрт ийм боломж нээгдсэн. Зүгээр нэг уулын мухар дахь нүүдэлчин дэлхийн иргэн болох нь. Үүнд нь багаасаа дэлхий нийтээсээ хүссэн мэдлэгүүдээ олж авч байгаа орчин үеийн шинэ залуучууд нөлөөлж байна. Тэд л дэлхийг өөрчилнө. Ялангуяа, 2000 оноос хойш буюу ухаалаг гар утасны эринд төрсөн хүүхдүүдийн мэдлэг мэдээлэл том байр суурь эзэлж байна. Энэ цаг эринд тэдний мэдлэг мэдээлэлд, сэтгэлгээнд эцэг эхийн үүрэг харьцангуй багасчихлаа. Гар утасны үүрэг нэлээд том байр суурь эзлэх боллоо. Тиймээс цоо шинэ үе гарч ирлээ. Харин бид өөрсдийн нүүдэлчдийнхээ олж авсан, мартагдаад байгаа эртний сэтгэлгээнүүдийг аль болох өвлүүлж өгвөл тэдний сэтгэлгээнд өгөгдөл болно. Ингэснээрээ шинэ сонирхолтой бүтээлүүд, үйлдлүүд гарах болов уу гэж би хувьдаа боддог юм.

 - Баярлалаа, цаашдын ажил үйлс, уран бүтээлд тань өндөр амжилт хүсэе.

- Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсэе.            

                                                                                      Ярилцсан: Э.ҮРЖИНХАНД

     

                                                              

                                                                                       

Найруулагч: Э.ҮРЖИНХАНД
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл