
Хол ойрын жуулчдад монгол соёлоо таниулж ойлгуулах, Үзэмчин нутгаа таниулах үүднээс Баруун Үзэмчин хошуу баялаг агуулгатай соёлын үйл ажиллагаа өрнүүлдэг. Энэ жилийн 6 дугаар сарын 28-ны өдөр уг хошуу дөрөв дэх удаагийн “Хятад улсын цагаан адууны өлгий” соёлын наадам болон 2016 оны “Бахархам сайхан Баруун Үзэмчин” тал нутгийн соёл аялал жуулчлалын наадмыг зохион байгуулж, хол ойроос хүрэлцэн ирсэн жуулчдад тал нутгийн содон соёлыг сонирхуулж билээ.

Энэ удаагийн наадам нь монгол соёлын шилдэг болсон эрийн гурван наадмаар гол болгож, хүчит 128 бөхийн барилдаан, сур харвалт, морин уралдаан зэрэг агуулгын хүрээнд зохион байгуулагдлаа. Цагаан адуу бол Үзэмчин нутгийн өсгөн үржүүлж ирсэн шилдэг үүлдрийн адуу бөгөөд Баруун Үзэмчин хошуу нь “Хятад улсын цагаан адууны өлгий” гэсэн сайхан алдартай. Тиймдээ энэ удаагийн морин уралдаан нь 25 газрын саарал морины уралдаан, 12 газрын саарал дааганы уралдаан, 15 газрын саарал үрээний уралдаан болж, уралдаанд оролцох морьд нь саарал морь байснаар бусад морин уралдаанаас өвөрмөц болж, орон нутгийн онцлогтой болжээ. Үүнээс гадна саарал морины дүнс тойрох уралдааныг амжилттай зохион байгуулсан нь наадмын агуулгыг баяжуулж, монгол морины гайхамшгийг хүрэлцэн ирсэн олон түмэнд харуулж чадсан байна. Наадмын хугацаанд мөн гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, тал нутгийн гойд өнгө төрх, тал нутгийн малчдын үйлдвэрлэл амьдрал, тал нутгийн хөгжил өөрчлөлт, хүн байгалийн эв нэгдлийг олон түмэнд дэлгэж, үзэгч олонд сонирхуулахын зэрэгцээ хүмүүст тал нутгаа хайрлан хамгаалж явахыг ухуулжээ.

Баруун Үзэмчин хошуу 2006 оноос эхлэн жил бүр тал нутгийн соёл аялал жуулчлалын наадмыг зохион байгуулж, тал нутгийн соёлоо сурталчилж, тал нутгийн соёлын брэндийг бүтээхээр хичээж явна. / “Шилийнголын өдрийн сонин”/
