solongonews
Ши Жиньпин Перугийн Ерөнхийлөгч Кейко Фүжиморитой уулзав
2026-11-18 09:25

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 17-ны үдээс хойш Шэньжэнь хотод АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын албан бус уулзалтад оролцохоор БНХАУ-д хүрэлцэн ирсэн Перугийн Ерөнхийлөгч Кейко Фүжиморитой уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ жил Хятад, Перу улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна. Хагас зуу гаруй жилийн турш хоёр орны харилцаа эерэг чиг хандлагатайгаар хөгжиж ирсэн. Хятад улс Перутай хамтран хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, улмаар хоёр ард түмэндээ илүү их үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ.
 
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, энэ жил Хятад улсын "15-р таван жил" -ийн төлөвлөгөө эхэлж байгаатай холбогдуулан, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээс бий болж буй боломжуудыг Перу улстай хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Тэрээр хоёр тал дараах дөрвөн гол чиглэлд анхаарлаа хандуулахыг санал болгов: Нэгдүгээрт, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэхийн тулд засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам, орон нутгийн засаг захиргаа зэрэг бүх түвшинд харилцаа холбоогоо өргөжүүлж, нягт, найрсаг харилцааг хөгжүүлэх. Хоёрдугаарт, стратегийн уялдаа холбоогоо сайжруулж, шинэчлэгдсэн Чөлөөт худалдааны хэлэлцээрийн үр өгөөжийг бүрэн ашиглан, дэд бүтэц, эрчим хүч, байгалийн нөөцийн салбар дахь уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлж, мөн шинэ эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг шинээр хөгжиж буй салбаруудад хамтын ажиллагааны нөөц бололцоог нээж, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх. Гуравдугаарт, соёл, боловсрол, аялал жуулчлал, археологи, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ард түмэн хоорондын болон соёлын солилцоог дэмжих замаар уламжлалт найрамдлаа үргэлжлүүлэн хөгжүүлэх. Дөрөвдүгээрт, НҮБ, АПЕК зэрэг олон талт механизмын хүрээнд харилцаа холбоогоо бэхжүүлж, жинхэнэ олон талт үзэл болон чөлөөт худалдааг тууштай баримтлан, олон улсын шударга ёс, тэгш байдлыг хамтдаа хамгаалах ёстой гэжээ.

Кейко Фүжимори хэлэхдээ, Перу, Хятад улсын найрсаг харилцаа нь түүхийн гүн үндэстэй юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 55 жилийн хугацаанд харилцан ашигтай хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрсээр ирсэн бөгөөд өдгөө Хятад улс нь Перугийн худалдааны хамгийн том түнш болжээ. Перу улс боловсрол, соёлын салбарт иргэд хоорондын харилцаа болон соёлын солилцоог улам өргөжүүлж, улс төрийн намууд хоорондын харилцааг бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Перу улс Хятад улстай олон талт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
 
Цай Чи, Ван И, Хуан Күньмин нар уулзалтад оролцов.


Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих