БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 17-ны үдээс өмнө Шэньжэнь хотноо Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын удирдагчдын албан бус 33 дугаар уулзалтад оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэн Канадын ерөнхий сайд Марк Карнитай уулзлаа.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Канад бол Ази, Номхон далайн бүс нутгийн чухал хоёр орон юм. Хятад, Канадын харилцааг сайжруулж, хөгжүүлэх нь хоёр орны ард түмний эрх ашигт нийцэхийн зэрэгцээ дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамгаалахад тустай зөв сонголт юм. Сүүлийн жилүүдийн хоёр орны харилцааны хөгжлөөс авсан чухал сургамж бол харилцан хүндэтгэх, эрх тэгш, харилцан ашигтай байх, адилаа нэгтгэн, ялгаа зөрүүгээ хүндэтгэх явдал юм. Хятадын тал Канадын талтай хамтран хоёр орны шинэ хэлбэрийн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлж, харилцан хүндэтгэдэг, хамтдаа хөгждөг, бие биедээ итгэдэг, харилцан хамтран ажилладаг түншүүд болж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин Хятад, Канадын харилцааг хөгжүүлэх талаар дөрвөн санал дэвшүүлэв.
Нэгдүгээрт, өнөөгийн таатай боломжийг ашиглан улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, хамтын ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлж, худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, банк санхүү зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн зэрэгцээ ногоон эдийн засаг, цахим худалдаа, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан давуу талаа нөхөж, хамтдаа ашиг хүртэх хэрэгтэй. Гуравдугаарт, урт хугацааны хөгжлийг харгалзан хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлж, боловсрол, соёл, аялал жуулчлал, шинжлэх ухаан, технологи, залуучууд болон орон нутгийн түвшний солилцоо, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийг дэмжих хэрэгтэй. Дөрөвдүгээрт, уялдаа зохицуулалтаа бэхжүүлж, жинхэнэ олон талт үзлийг хамтдаа хэрэгжүүлэн, НҮБ-ын нэр хүнд, эрх мэдэл болон олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, илүү шударга, зүй зохистой дэлхийн засаглалын тогтолцоог бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой гэжээ.
Марк Карни хэлэхдээ, энэ оны эхээр Ши Жиньпин даргатай уулзаж, Канад, Хятадын шинэ хэлбэрийн стратегийн түншлэлийн харилцааг тогтоосноос хойш хоёр орны харилцаа хөгжлийн зөв замд орж, хоёр талын холбогдох байгууллагуудын харилцаа идэвхжиж, худалдааны хэмжээ эрс нэмэгдэн, олон салбарын хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарсан. Энэ нь хоёр орон харилцан хүндэтгэх үндсэн дээр хамтын ажиллагаагаа урагшлуулж, гүнзгийрүүлэх бүрэн боломжтойг харуулж байна.
Канадын тал Хятадын талтай харилцан итгэлцлээ бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, шинэ эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хиймэл оюун ухаан, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, санал зөрөлдөөнтэй асуудлыг багасган, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэхэд бэлэн байна. Мөн хоёр орны ард түмний найрсаг харилцааг бэхжүүлж, төр улсыг засах туршлагаа солилцон, Канад, Хятадын харилцааны урт хугацааны тогтвортой хөгжлийг ахиулахыг хүсэж байна гэжээ.
Марк Карни Хятад улс энэ жилийн АПЕК-ийн уулзалтуудыг зохион байгуулагч орны үүргээ амжилттай хэрэгжүүлж байгаад баяр хүргээд, удирдагчдын албан бус уулзалтын “Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих” сэдэв нь алсын хараатай, стратегийн ач холбогдолтойг онцоллоо.
