ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 17-ны өглөө Шэньжэнь хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын удирдагчдын албан бус 33 дугаар уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Вьетнамын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНСВУ-ын дарга То Ламтай уулзлаа.
Ши Жиньпин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, Вьетнамын хоёр нам, хоёр улсын дээд удирдагчид нягт харилцаатай байж, стратегийн ач холбогдол бүхий Хятад, Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцыг илүү өндөр түвшинд байгуулах үйл явцыг түргэтгэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Энэ нь хоёр талын харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргаж, бүс нутгийн энх тайван, хөгжилд эерэг хувь нэмэр оруулж байна. Саяхан болсон Хятадын Коммунист Намын 20 дахь сонгуулийн Төв хорооны 5 дугаар бүгд хурлаар намаа бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах талаар системтэй шийдвэр гаргасан бол Вьетнамын Коммунист Намын 14 дэх удаагийн Төв хорооны 4 дүгээр бүгд хурлаар намын бүтээн байгуулалт, цэгцлэх ажлыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхээр шийдвэрлэсэн. Хятадын тал Вьетнамын талтай туршлагаа харилцан солилцож, бие биеэ тууштай дэмжин, намын удирдлага, засаглалын талаарх солилцоог гүнзгийрүүлж, хоёр орны социалист үйл хэрэг, улс орны бүтээн байгуулалтад шинэ амжилт гаргахаар хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад, Вьетнам бол үзэл нэгт нөхөд, ахан дүүсийн харилцаатай хоёр орон юм. Олон улсын нөхцөл байдал хэдий чинээ ээдрээтэй, сорилт ихтэй болно, төдий чинээ хоёр орон нэг завинд суусан мэт хамтран зүтгэх ёстой. Хоёр тал харилцан итгэлцэл, эв нэгдлээ бэхжүүлж, бүх талын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, хөгжил цэцэглэлтийг хамтдаа дэмжих хэрэгтэй.

Мөн олон талт харилцан холболтыг гүнзгийрүүлж, ашиг сонирхлын уялдааг бэхжүүлэн, ухаалаг боомт болон хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүдийг аль болох хурдан бодит ажил болгох, дижитал шилжилт, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хиймэл оюун ухааны хэрэглээний чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах ёстой.
Түүнчлэн уламжлалт найрамдлаа үргэлжлүүлж, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэн, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх онцлог үйл ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж, “Хятад, Вьетнамын аялал жуулчлалын хамтын ажиллагааны жил”-ийг хамтран амжилттай зохион байгуулж, хоёр орны ард түмэн, ялангуяа залуучуудыг улам ойртуулж, найрсаг харилцааг нь бэхжүүлэх хэрэгтэй.
Хоёр тал далайн асуудлаарх санал зөрөлдөөнөө зохистой зохицуулж, далайн хамтын ажиллагааг тогтвортой ахиулах ёстой. Мөн дэлхий нийтийн дөрвөн том санаачилгыг хамтран хэрэгжүүлж, НҮБ, Хятад-АСЕАН, Ланьцан-Меконгийн хамтын ажиллагаа зэрэг механизмын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, энэ болон ирэх онд АПЕК-ийн уулзалтуудыг зохион байгуулагч орны үүргийг залгамжлан амжилттай гүйцэтгэж, Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулж, илүү шударга, зүй зохистой дэлхийн засаглалын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.
То Лам хэлэхдээ, Хятадын Коммунист Намын 20 дахь сонгуулийн Төв хорооны 5 дугаар бүгд хурал амжилттай болсонд баяр хүргэе. Энэ онд миний бие Хятадад төрийн айлчлал хийснээс хойш хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, дээд түвшний харилцаа нягтарч, хоёр талын худалдаа мэдэгдэхүйц нэмэгдэн, хүмүүнлэгийн солилцоо идэвхтэй өрнөсөөр байна. Вьетнамын тал Хятадтай харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгч, Хятад улсыг Вьетнамын стратегийн хамгийн чухал түшиг тулгуур гэж үздэг. Өнөөгийн олон улсын ээдрээтэй нөхцөлд Хятадын талтай эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орны хөгжлийг харилцан дэмжихэд бэлэн байна.
Вьетнамын тал Хятадын талтай дээд түвшний харилцаагаа нягтруулж, худалдааны хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч, боловсрол зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэх хүсэлтэй байна. Мөн үзэл нэгт нөхөд, ахан дүүсийн үзэл санааны дагуу далайн бүс нутгийн тогтвортой байдлыг хамтран хамгаалахад бэлэн байна гэжээ.
То Лам АПЕК-ийн “Хятадын жил” амжилттай зохион байгуулагдсанд баяр хүргээд, дараагийн зохион байгуулагч орны хувьд Вьетнамын тал “Хятадын жил”-ийн үр дүнг хэрэгжүүлж, Ази, Номхон далайн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн шинэ түвшинд гаргахаа илэрхийлэв.
Тэрээр Вьетнамын тал Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхий нийтийн томоохон санаачилгуудыг бүрэн дэмжиж, Хятадын талтай нягт хамтран ажиллаж, олон талт үзлийг хамгаалан, Дэлхийн өмнөдийн орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
