solongonews
Ши Жиньпин Папуа Шинэ Гвинейн ерөнхий сайд Жеймс Марапетай уулзав
2026-11-18 16:12

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 17-ны өглөө Шэньжэнь хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын удирдагчдын албан бус 33 дугаар уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Папуа Шинэ Гвинейн ерөнхий сайд Жеймс Марапетай уулзлаа.


Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Папуа Шинэ Гвинейн уламжлалт найрамдал цаг хугацааны шалгуурыг даван улам бэхэжсээр ирсэн. Дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хугацаанд хоёр тал харилцан хүндэтгэх, эрх тэгш харилцах, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримталж, хоёр талын харилцааны хөгжилд арвин үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөж хүртээсэн. Хятад улс Папуа Шинэ Гвинейг үргэлж итгэл хүлээсэн сайн найз, сайн түнш гэж үзэж, тус улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг дэмжиж, өөрийн орны нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замыг бие даан эрэлхийлэхийг дэмждэг. Папуа Шинэ Гвинейн засгийн газар нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятад улс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний нэгдмэл байдлаа хамгаалахыг бодит үйл ажиллагаагаар дэмжиж байгаа нь түүхэн хөгжлийн чиг хандлагад нийцсэн шударга үйл хэрэг юм. Хятадын тал Папуа Шинэ Гвинейн талтай хамтран улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэн, хоёр орны харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, Хятад улс Папуа Шинэ Гвинейтэй төр улсыг засах болон хөгжлийн туршлагаа идэвхтэй солилцож, “Бүс ба Зам”-ыг чансаатай хамтран бүтээн байгуулах санаачилгыг тус улсын “Папуа Шинэ Гвинейг холбох” төлөвлөгөө зэрэг хөгжлийн стратегитай уялдуулахад бэлэн байна. Мөн худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, эрчим хүч, ашигт малтмал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дижитал эдийн засаг, санхүүгийн үйлчилгээ, ногоон эрчим хүч, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны шинэ боломжийг өргөжүүлэн, Папуа Шинэ Гвинейн тогтвортой хөгжлийг дэмжихэд бэлэн байна.


Хоёр тал НҮБ, АПЕК зэрэг олон талт механизмын хүрээнд уялдаа зохицуулалтаа бэхжүүлж, олон улсын шударга ёсыг хамгаалан, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, далайн байгаль орчныг хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, Дэлхийн өмнөдийн орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах ёстой гэжээ.

Жеймс Марапе хэлэхдээ, Ши Жиньпин даргын мэргэн удирдлага дор Хятад улс дэлхий нийтийн анхаарлыг татсан хөгжлийн ололт амжилтад хүрч, дэлхий дахинд хөгжлийн томоохон боломжийг бий болгосон. Хятад улс бол Папуа Шинэ Гвинейн сайн найз, хамгийн чухал түнш юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хугацаанд Папуа Шинэ Гвиней нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятад улс үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг тууштай дэмжиж, үндэсний нэгдлээ хэрэгжүүлж, үндэстний сэргэн мандалтыг ахиулахыг дэмжсээр ирсэн гэжээ.

Тэрээр Папуа Шинэ Гвинейн тал Хятадын талтай бодит хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Хятадын аж ахуйн нэгжүүдийг тус улсад хөрөнгө оруулж, бизнес эрхлэхийг урьсан байна.

Жеймс Марапе мөн Хятад улс олон улсын үйл хэрэгт чухал манлайлах үүрэг гүйцэтгэж бйгааг Папуа Шинэ Гвинейн тал өндрөөр үнэлж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхий нийтийн дөрвөн том санаачилгыг дэмжиж байгааг илэрхийллээ. Түүнчлэн Хятадын талтай олон талт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Ази, Номхон далайн нэгдмэл цогцыг хамтран байгуулж, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгдэв.


Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих