
. “Сургуулийн нөхцөл байдал сайжирч, багш нарын ажлын идэвхи ч чанаржин, сурагчид маань сэтгэл хангалуун хичээллэх болсон юм. Энэ бол миний олон жилийн мөрөөдөл байсан шүү” гэж буурай хөгжилтэй газар орны сургалт боловсролыг дэмжихээр ирсэн сайн дурын багш Ма Гуанчао хэлэв.
Шань Дун мужийн Тай Ань хотын Лян Жуан балгаст төрж өссөн Ма Гуанчао энэ жил 29 настай. Тэрээр Чин Дао дахь таатай сайхан ажлаа орхиж, Хөх-нуур мужийн Юй Шү жөүгийн буурай хөгжилтэй уулан тосгонд очиж ажилласан нь түүний цайлган сайхан сэтгэлийн илрэл билээ.
Ма Гуанчао-гийн хамгийн анхны ажиллаж байсан Нан Чянь сяны Май Чюй тосгон бол маш ядуу буурай тосгон бөгөөд далайн төвшнөөс дээш 4600 метрт байрладаг ба нэг жилийн туршид 10 сард нь цас орж, агаарын хамгийн бага температур нь -42.0˚C хэмтэй. Түгээгүүрийн ус, тэр ч байтугай цахилгаан, гар утасны сүлжээ ч байхгүй, сурагчдын хүнсэндээ байнга хэрэглэдэг ногоо нь ердөө төмс, байцаагаар хязгаарлагдана. Тэрээр анх энд ирээд өндөрлөг газарт дасаагүйн улмаас бие нь хямарч толгой өвдөн огиулах шинж тэмдэг олон удаа илэрч байсан ч олон олон гачигдал зовлонг шүд зуун тэсвэрлэж, шөрмөсөө сунатал ажиллаж хөдөлмөрлөе гэх чин хүслэнд автаж байлаа.
Ма Гуанчао анхандаа уулан тосгонд ирж нэг л жил ажиллах төлөвлөгөөтэй байсан бол энд ирээд эндэхийн хөөрхөн хүүхдүүдийг хараад ганц жил ажиллах тухай бодлоо өөрчилсөн юм. Ийнхүү тэрээр энэ уулан тосгонд ирээд 5 жил ажилласан хэрнээ долоон сургуульд ямар ч цалин хөлсгүйгээр багшилж байлаа. Түүнийг уулан тосгонд ирэхэд сургалт боловсролыг дэмжихээр томилогдон ирсэн олон залуу багш ажилтан байсан боловч эндхийн амьдралын хүнд нөхцөлийг тэсвэрлэж чадалгүй бүгд нутаг буцсан байна.

Юй Шү жөүгийн уулан зам маш их бартаатай, аюултай. Энэ зам дээр Ма Гуанчао хэд хэдэн удаа машины осолд орж, азаар амьд үлдсэн байна. Мөн хоёр удаа аав ээждээ гэрээс хүртэл бичиж үлдээсний эхнийх нь 2009 оны зун тэрээр ноцтой халдварт өвчинд нэрвэгдэж, цайлган сэтгэлт нутгийн хүмүүсийн дэмжлэгээр дахин амь орсон байна. Хоёр дахь удаа нь 2010 онд Юй Шү жөү-д газар хөдлөлт болж маш олон хүн энджээ. Их газар хөдлөлтийн дараах жижиг газар хөдлөлт болж, тухайн үеийн нөхцөл маш ноцтой байсан учир Ма Гуанчао мөн л аав ээждээ гэрээс бичиж үлдээсэн байна. Гэрээс бичих бүртээ: “Хэрвээ би та нартайгаа уулзаж амжилгүй эндсэн байвал хэнийг ч битгий буруутга. Би энэхүү уулан тосгонд өөрийн сайн дураараа үйлчлэхээр ирсэн. Хэрвээ бурхан тэнгэрээс надад дахиад нэг амь олговол би мөн энэхүү өндөрлөгийн оронд ирж үйлчилнэ. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, төлөвлөсөн бүхнээ хийгээд, аав, ээж хоёрынхоо ачийг хариулна” гэж бичсэн байв.
Ма Гуанчао-гийн ээж нь анх эхлээд түүнийг Чиндао хот дахь ажлаа орхиод Хөх-нуур мужийн уулан тосгонд ажиллахаар явсныг мэдээгүй байв. 2010 онд Юй Шү-д газар хөдлөлт үүсэхэд Ма Гуанчао-г тэнд байна гэх сураг сонсоод ихэд санаа зовж байсан ч хүүгийнхээ хүнд бэрхийг сөрөн тэмцэх эрэмгий зоригоор бахархан биширч, хүүгээрээ омогшиж байлаа. Ма Гуанчао-гийн нутгийнх нь иргэд ч түүний хийж байгаа ажлыг ихэд дэмжин хүлээн зөвшөөрчээ.
Ма Гуанчао нутагтаа байхдаа намд элссэн бөгөөд “Хятадын зуун шилдэг сайн дурын ажилтан”-аар үнэлэгдсэн юм. Жил бүрийн цагаан сараар гэртээ хариад ер амарч завддаггүй, харин тухайн газрын олон нийтэд үйлчилдэг хүмүүстэй холбоо барин уулан тосгоны хүүхдүүддээ хандив дэмжлэг цуглуулдаг байна. Өнгөрсөн жилийн цагаан сараар нутагтаа буцахад нь нутгийнх нь нүүрсний компаний захирал Ма Гуанчао-гийн байгаа уулан тосгоны сургуульд 5000 юань хандивлав. Тэрбээр үнэхээр их баярлан хүүхдүүддээ дулаахан дотуур хувцас худалдан авч өмсгөсөн юм.
Ма Гуанчао хүүхдүүдээ хятад хэл, математикийн хичээл заахаас гадна нүүр гараа хэрхэн угааж цэвэрлэхийг ч заадаг. Учир нь эндэхийн хүүхдүүд нүүр гараа угааж заншаагүй гэнэ. Тэрээр: -Эдгээр жилүүдэд энэ хөөрхөн хүүхдүүдэд зөвхөн эрдэм мэдлэг өвлүүлэхээс гадна хамгийн гол нь тэдэнд найдах хүсэл, итгэл, мөрөөдөл чухал юм. Би хүүхдүүддээ гадаад ертөнцийг таниулж, тэднийг алсын хараатай байлгахыг боддог” гэж байлаа. Ма Гуанчао-гийн хамгийн их мөрөөдөл бол хүүхдүүдээ уулан тосгоноос дагуулан гарч, гадаад ертөнцийн гайхамшигтай танилцулна гэж ярьж байлаа.
/Нийтлэлийг: Лю Чэню Жан Жыфэн/
