solongonews
Ши Жиньпин “Палестины ард түмэнтэй эв санааны нэгдлийн олон улсын өдөр”-ийн дурсгалын хуралд баярын цахилгаан илгээв
2026-11-24 11:18

НҮБ-аас“Палестины ард түмэнтэй эв санааны нэгдлийн олон улсын өдөр”-ийн дурсгалын хурлыг 2026 оны 11-р сарын 23-нд зохион байгууллаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын мэндчилгээ илгээв.
 
Ши Жиньпин Палестины асуудал нь Ойрхи Дорнодын асуудлын гол цөм гэдгийг онцлоод, Ойрхи Дорнодод өрнөж буй өнөөгийн хурцадмал байдал нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг Палестины асуудлаас сатааруулах ёсгүй гэж мэдэгдлээ. Палестины асуудлыг шийдвэрлэх гол түлхүүр нь "хоёр улсын шийдэл"-ийн зөв чиглэлийг баримталж, Израиль-Палестины энхийн хэлэлцээг сэргээхэд оршино. Бид Баруун эргийн засаглал болон дайны дараах Газын сэргээн босголтыг урагшлуулахдаа "Палестинчууд өөрсдөө засаглах" зарчмыг мөрдлөг болгож, тэдний газар нутагт халдах, эзлэн түрэмгийлэх аливаа үйлдлийг эсэргүүцэх ёстой. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг Палестиныг дэмжих зөвшилцөл, амлалтаа бодит ажил хэрэг болгож, Газын зурваст бүрэн гал зогсоохыг дэмжин, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай байна гэж тэмдэглэв.
 
Ши Жиньпин шударга ёс хүн бүрийн зүрх сэтгэлд оршдог бөгөөд түүнийг хэзээ ч үгүйсгэж болохгүй гэдгийг онцоллоо. Тэрбээр Хятад улс Палестины ард түмний хууль ёсны үндэсний эрхийг сэргээх шударга үйлсийг ямагт тууштай дэмжиж ирснийг тэмдэглээд, цаашид ч энх тайван, шударга ёсыг эрхэмлэгч олон улсын хамтын нийгэмлэгийн бүх улс оронтой хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. Ингэхдээ олон улсын эрх зүйд тулгуурлан
Палестины асуудлыг аль болох хурдан цогц, шударга, бүрмөсөн шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулж, улмаар Ойрхи Дорнод болон дэлхий дахинд урт хугацааны энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг цогцлоохын төлөө хүчин чармайлт гаргах болно гэж бичсэн байна.



Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих