solongonews
НҮБ-ын Байгаль орчны газрын элч Ли Бинбин өгүүлэл бичиж, хүмүүсийг эх байгаль орчинтой ойртохыг уриалав
2017-06-05 22:40
”Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг угтаж 6-р сарын 5-ны өдөр НҮБ-ын Байгаль орчны элч, Хятадын нэрт жүжигчин Ли Бинбин өгүүлэл бичиж, ”Байгаль орчинтой ойртох нь хүн төрөлхтөн, эх дэлхийн аль алинд нь тустай” гэж хэлсэн байна.


        Ли Бинбин болон НҮБ-ын Байгаль орчны газрынхан хэвлэлийнхэнд тус өгүүллийг танилцуулсан байна. Өгүүлэлд: "Шувууд жиргэлдэхийг сонссон хүний тархи толгой сэргэж, ядаргаа тайлагддаг. Ойн модонд алхвал сэтгэл тайвширч, санах ой сайжирдаг. Ойд зугаалж, байгалийн сайхныг мэдэрвэл цусны даралт буурч, зүрхний лугшилт тогтворждог. Эх байгальтай ойртвол бие сэтгэл эрүүлждэг гэдэг нь судалгаагаар нотлогдсон юм.


Балар эрт цагт хүн төрөлхтөн ойн мод, халуун бүсийн тал нутагт амьдарч байлаа. Одоо харин хотод амьдрах болсон. Бид хүн төрөлхтний түүхийн аль ч цаг үеэс илүү байгаль орчны ивээлийг хүртэх шаардлагатай боллоо. Харамсалтай нь бид байгаль орчноосоо дэндүү алсран холджээ.

Дэлхийн цаг уурын өөрчлөлт зэрэг байгаль экологийн бэрхшээл сорилтыг даван туулахын тулд Хятад улс эрс шийдвэр гарган, зоримог арга хэмжээ авч байна. 2016 онд БНХАУ сэргээгдэх эрчим хүчний салбарт 88 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, тус салбарт оруулсан хөрөнгөөрөө дэлхийд тэргүүлсэн юм. Мөн онд Хятадын эдийн засаг 6.7 хувиар өсөж, хүлэмжийн хийн гаргалт 1 хувиар буурсан билээ. Хятад улс дэлхийн хамгийн том, цаг агаарын хяналтын сүлжээ байгуулаад байна. Эдгээр амжилт нь Хятад улс экологийн бүтээн байгуулалтыг ахиулж, нөөц баялгийг хэмнэсэн, байгаль орчинд ээлтэй нийгэм рүү шилжиж буйг харуулж байна.

Би зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах салбарт хамгийн их анхаарч, санаа тавьдаг юм. Хятад улс энэ салбарт ч гэсэн удирдах арга барилаа харуулж чадлаа. БНХАУ 2017 онд багтааж зааны соёоны худалдааг бүх талаар таслан зогсоох амлалт өгч, эрс шийдэмгий арга хэмжээ авч байна.

Энэ оны Дэлхийн байгаль орчны өдөр "Хүн, байгаль харилцан уялдаатай" уриан дор арга хэмжээ зохиож, хүн, байгалийн нягт харилцааг чухалчилж байна. Хүмүүс хорооллынхоо цэцэрлэгт хүрээлэнгээр алхан, байгалийн сайхныг харж, эх байгаль бидний эрүүл мэндэд ямар ашигтай болохыг мэдэрч болно. Нэг ширхэг мод суулгах, тагтан дээрээ цэцэг тарих зэргээр хотоо цэцэрлэгжүүлэхэд хувь нэмэр оруулж болно. Бид байгальдаа ээлтэй байвал байгаль дэлхий биднийг ивээх нь дамжиггүй" хэмээн Ли Бинбин өгүүлэлдээ бичжээ.

1972 оны 10-р сард НҮБ-ын Ерөнхий ассамблей, жил бүрийн 6-р сарын 5-ныг Дэлхийн байгаль орчны өдөрлөг болгохоор шийдвэрлэж, 1974 оноос жил бүрийн энэ өдрийг ямар нэгэн уриан дор тэмдэглэн, байгаль орчноо хамгаалахыг сурталчилдаг болсон байна. /Орчуулсан: ГЭРЭЛТ/

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл