Он жил улирсаар
Охин сар бөмбөрцгийн хөвөөнд шингэхэд
Хүйтэн салхи Янлөүдүн сууринг арчин
Мянган жилийн цайны замаас
Монголын өндөрлөгийг санагалзан дурсана
Хоцрон үлдсэн хэвтэй цай
Хонгор саран дахь мөлсөн чулуу мэт
Өнчин сэтгэлээ аргадан
Өөрийнхөө хуучийг хүүрнэнэ
Холын уулсыг бараадан
Хулсан шугуйн анирыг чагнан
Борлог шувуу босон суун жиргээд
Цайны модны шидэт эрчсээр
Дорно зүг амилна
-Сүнь Зигийн “Янлөүдүнгийн цай” шүлгээс
Бидний суусан машин цайны тариалангийн дундуур аялсаар шахмал ногоон цайны эх нутаг гэгддэг Хубэй мужийн Чиби хотын Янлөүдүн сууринд хүрч ирлээ. Багаасаа ууж өссөн “Сhuаn" гэх хятад үсэгтэй шахмал ногоон цай энэ нутгаас гарсан гэхээр илүү дотно мэдрэмж төрөн сонирхлыг их татлаа.
Сүүлийн үед энэ нутгийн байгаль болон соёлын өвийн санд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэн хуучин барилгыг хэвээр нь үлдээж, цайны түүхтэй холбоотой хөшөө, дурсгал бүхий үйлдвэр худалдаа, Ангил, Орос зэрэг олон улс орны хуучин шуудан, банк зэрэг тухайн үед ажил хэрэг гүйцэтгэж байсан нэгжүүдийг эргэн тойроны үзмэр болгон тохижуулжээ. Мөн музей бий. Музей нь олон улсын цайны худалдаа ид цэцэглэж байсан өдрүүдийн түүхт гэрэл зураг, гэрч болох эд зүйл, үсэг бичгээр өгүүлнэ. Мэдээжийн хэрэг энэ бүхэн жуулчид өнөөдөр энэ жижигхэн тосгоныг зорин ирэх шалтгаан болж байгаа.
Он жилийн нар, салхинд элэгдэн мөлийсөн хөх чулуун гудамжаар нь хэдэн жуулчин эртний хувцсаар гангаран намбатай алхна. Том модон хаалгыг нь түлхэн орвол намуухан хөгжмийн уянгат эгшиг чихнээ сонсогдож, хүрээн дэх чулуун худагт борооны ус мэлтийн, цай зөөдөг тэрэгний дугуйн мөр энд дурайн үлдэж, тэртээх холын түүх рүү хөтөлж байсан юм.
17-р зуунаас жижигхэн цайны навч тарьж “өрхөө татан”, шахмал ногоон цайг үйлдвэрлэн “хаяавчаа сөхөж” Еврази даяар борлуулж амжсан гялалзсан түүхтэй ч өнөөдөр даруухан орших энэхүү жижигхэн суурины бүтээсэн агуу түүхийг эрхгүй биширлээ.
Цар тахлын хүнд хэцүү үед Монголын ард түмэн хэдэн мянган бээрийн цаанаас өгөөмөр, сайхан сэтгэлээ илэрхийлэн хонь илгээсний хариуд Хятадын ард түмэн жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнийг агуулсан цай бэлгэлсэн юм. Энэхүү цайг Янлөүдүн сууринаас илгээсэн билээ. Ийнхүү 400 гаруй жилийн түүхийн буурал мөрийг хадгалсан Янлөүдүн суурин маань тив алсалсан цайны хууч хүүрнэн, гайхамшигт соёлын өвийн нэгэн төлөөлөл болж анирхан ахуйд үүрэг хариуцлагаа гүйцэтгэсээр...
