Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Саамай сум 07 дугаар сарын 21, 22-ны өлзийт сайн өдөр анхны ардын их наадмаа хийжээ. Хүчит бөх барилдуулж, хүлэг морио уралдуулж, эрхий мэргэн харваачдынхаа сум мэргэнийг гайхуулснаар энэ удаагийн наадам маш сайхан болжээ.

Энэ жил Зүүн Үзэмчин хошуунд хур бороо элбэг, бэлчээр хадлангийн ургац, мал сүргийн тарга хүч сайн, малчид сайхан зусаж байгаа билээ. Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тохиолдуулан өрнөн хөгжиж буй Саамай сумынхаа ололт амжилтыг зөгнөж, сэтгэл тэнүүхэн амьдарч байгаа малчин түмнээ наадуулан цэнгүүлэх зорилгоор анхны ардын их наадмаа хийжээ. Хүчит 512 бөхийн тэргүүнд мянган бөхийн гурав удаагийн тэргүүн, цагийг эзэлсэн их аварга Баярбаатар ес таван тэргүүлж мөнгөн буйлтай цагаан тэмээ, ес есийн наян нэгийн том шагнал хүртэж, Саамай сумын уугуул Цэцэнбилэг үзүүрлэж мөнгөн эмээл хазаартай морь хөтлөв. 64 ахмад бөхийн барилдаанд Саамай сумын уугуул “зэрлэг бөх” хэмээн алдаршсан ахмад бөх Алхбаатар тэргүүлжээ.

Газрын холоос хүрэлцэн ирсэн нутаг нутгийн шандаст хурдан хүлгийн уралдаанд Саамай сумын С.Төгсийн морь манлайлж, мөнгөн эмээл хазаартай морины хүндтэй шагналыг хүртэж, нум сумын уралдаанд Хүрээтнуур сумын Сундуй тэргүүлж, хүүхдийн бөхөд Хүрээтнуур сумын Баянсувд тэргүүлэн хурсан олон наадамчин олноо баярлуулжээ.


