solongonews
Т.Сэр-Од: Би олон сайхан багштай их азтай хүн
2017-03-29 10:42
- Дорно дахины хөгжмийн сэтгэлгээний ололт амжилтуудад тухайн нутагт нь очиж суралцах боломж олдсонд би их олзуурхдаг.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын “DоRеѕоиnd” продакшнаар зочиллоо. Та бидний сайн мэдэх тэр л сайхан аялгуу, дуунуудыг зохиосон гэж бодохоор түүнээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа.

Зохиосон дуу болгон нь хит болдог, авьяаслаг хөгжмийн зохиолч маань Шанхайн Хөгжмийн сургуульд хөгжмийн зохиолчийн чиглэлээр сурч төгссөн юм байна. Тиймээс бид ярилцлагаа энэ сэдвээр хийхээр шийдлээ. Бидний саналыг хүлээн авч, ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа.

    

- Та ямар тохиолоор Шанхайд сурах болсон юм бэ?

- Тэр их учир тохиолтой. Уг нь ОХУ-д суралцах байсан. Сонгон шалгаруулалтдаа ч тэнцсэн байсан. Гэтэл орос хэл дээр өгдөг гоозүйн шалгалтын цагт нь өөрчлөлт ороод хоёр хоногоор наашлуулчихсан байж. Тэр үед одоогийнх шиг янз бүрийн харилцаа холбоо, гар утас байгаагүй болохоор шалгалтнаасаа хоцорчихсон. Надтай адил олон хүүхэд шалгалтаа өгч чадаагүй, нэлээн ч гомдолтой хоцорсон. Харин дараа жил нь сайхан боломж гарч хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр соёл урлагийн салбарын хүрээнд БНХАУ-д сурах боломж олдсон.

Ингэснээр Дорно дахины хөгжмийн сэтгэлгээний ололт амжилтуудыг тухайн нутагт нь суралцах, нээж хүртэх боломж надад олдсон гэх үү дээ. Манай Шанхайн хөгжмийн сургууль нь Европ дэгээр голчлон сургадгаараа Бээжингийн төв Хөгжмийн сургуулиас онцлогтой.

Нөгөө талаар СУИС-даа суралцаж, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач гэсэн хоёр мэргэжлээр төгссөн. Багш нар маань ихэнх нь ОХУ-д хуучнаар ЗХУ-д боловсрол эзэмшсэн байсан. Харин би Өрнө, Дорнын соёлын зааг дээр мэргэшиж, суралцах боломж нээгдсэнд олзуурхаж явдаг.

- Шанхайн хөгжмийн сургуульд сурч байхад хичээл нь хятад хэл дээр ордог байсан уу?

- Хятад хэл дээр ордог байсан. Хятад оюутнуудтай хамт сурдаг байлаа. Одоо манай ангийн хүүхдүүдээс Шанхайн хөгжмийн сургуульд хөгжмийн зохиолч, удирдаачийн салбарт ажиллаж байгаа хүмүүс байгаа.

- Хэлний бэлтгэлээ хаана хийв?

- МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд нэг жил хятад хэлний бэлтгэлд, нэг жилийг Наньжин хотын Шы фаны да шюэ /师范大学/ буюу Багшийн их сургуульд хэлний бэлтгэлд сурсан.

- Таны сурч байсан сургуульд Монгол оюутнууд их сурдаг байв уу?

- Их сонин. 1960-аад оны дундуур Монголоос нэлээд хэдэн хүмүүс БНХАУ-д сурч байсан юм байна лээ. Тухайлбал, хөгжмийн зохиолчийн чиглэлээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Лха.Дорж, Т.Чимэддорж зэрэг хүмүүс сурч байсан юм байна лээ. Түүнээс хойш тасарч байгаад бидний өмнөхөн Урлаг судлалын шинжлэх ухааны доктор Лувсанноровын Эрдэнэчимэг багш тэнд сурсан. Дараа нь харин бид нар очсон. Бид гэхийг бодоход нэлээд олон хүн байгаа биз? Тодруулбал, Хөгжим бүжгийн коллежийн Ардын хөгжмийн тэнхимийн багш, удирдаач, мөн Улаанбаатар чуулгын удирдаач Р.Ганбат, Японд бас их амжилттай сайн ажиллаж байгаа, лимбэчин М.Лхагвагэрэл, мөн хуучирч Ч.Отгонбаяр зэрэг дөрвөн залуу очиж суралцсан. Мөн бидний дараа Баянмөнх, хоёр жилийн дараа ёочин тоглодог Б.Байгальмаа, дараа нь хуучирч У.Одонтунгалаг зэрэг залуучууд очиж суралцаж байсан. Одоо ч гэсэн монгол залуус суралцаж байгаа. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгаас хэд хэдэн уран бүтээлчид очиж суралцаж байна. Одоо харин магистр, доктрантурт урлаг, соёлын чиглэлээр Бээжингийн Багшийн их сургуульд голдуу суралцаж байна.

      

- Бид хэдхэн хоногийн өмнө Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайтай уулзаж, ярилцлаа. Түүний бичсэн “Атга нөж” жүжгээс сэдэвлэсэн “Тэнгэрийн андгай” киноны хөгжмийг Та бичсэн юм байна. Яагаад ч юм тэр санаанд орлоо. Энэ сэдвээр ярилцлагаа эхлэх үү?

- Тэгье ээ. “Тэнгэрийн андгай” кино нь “Хамба фильм студи”-ийн найруулагч Б.Ганболдын бүтээл, түүхэн кино юм. Гэхдээ түүхийг бүгдийг нь биш, зөвхөн Тэмүүжин, Жамух нарын андгай тавилцаж байгаа хэсгийг харуулсан. Найз нөхөрлөлийн үнэ цэнэ нь уламжлалт сэтгэлгээнд ямар байсан, нөхөрлөл гэдэг нь аминаас илүү үнэтэй гэдгийг түүхэнд хэрхэн үлдээснийг харуулах зорилгоор бүтээсэн кино юм.

Энэхүү киноны хөгжмийн зохиолчоор би ажилласан. 2006 оны бүтээл л дээ. Хамтран ажиллах саналыг Ганболд найруулагч тавьсан. Тухайн үед түүхэн бүтээлүүд дотроос нэлээд сонирхол татсан, онцлог бүтээл болсон санагддаг. Яагаад гэхээр түүхэн бүтээлүүд их томоор, өргөнөөр тавигддаг. Эдгээр түүхэн бүтээлүүдийн дотроос сэтгэл зүйн драм талаас нь гаргаж тавьснаараа мөн ертөнцийг байлдан дагуулж байсан их хаан гэдэг утгаараа биш, хувь хүн талын онцлогуудыг илүү харуулахыг зорьсон бүтээл байсан. Тухайлбал, нөхөрлөлд байдаг сэтгэл зүй бол хаан хүнд ч, харц хүнд ч байдаг хүний нэгэн ертөнцийн нарийн нандиныг нь харуулахыг зорьсон бүтээл болсон.

- Та энэ бүтээлд хэр их хугацаа зарцуулсан бэ?

- Би хамтран ажиллах санал хүлээж аваад судалгааны түвшинд нэг сар орчим болсон. Яг хөгжим бичигдэхдээ 17-18 хоносон санагдаж байна. Хүлээлгэж өгөөд редакторлах, засвар хийх, уран бүтээлийн хоорондын хэлцэл хийх, боловсруулалт зэрэгт арваад хоног болсон. Түүхэн киноны хувьд эхний бүтээлүүдийн минь нэг юм. Б.Ганболд найруулагчийн өөрийнх нь онцлог сэтгэл зүйн драм чиглэлийн бүтээлээр ажилладаг. Тодруулбал, түүний найруулсан “Орхидос” I, II анги, “ТНГРИ”, “Улаан дөрвөлжин” зэрэг кинонууд байна. Дөнгөж саяхан “Хоёр амь” гэдэг кино нь гарсан.

- Та дэлгэцийн урлагт нэлээд бүтээл хийжээ дээ?

- Дэлгэцийн арав гаруй бүтээлтэй. Хамгийн анх гавьяат жүжигчин Л.Лхасүрэн багштай “Дурлалын нулимс” гэдэг кинон дээр оюутан байхдаа хамтарч ажилласан. Түүнээс хойш хийсэн нэлээд хэдэн кино бий. Ихэнх нь Б.Ганболд найруулагчтай хамтарч ажилласан байдаг. А.Мөнхсүхийн найруулсан “Долоон бурхан харвадаггүй” гэдэг түүхэн кино, Р.Алтансүх найруулагчийн Чеховын 100 жилийн ойд зориулсан “Хунгийн дуу” жүжгээс сэдэвлэн хийсэн “Хунгийн сүүлчийн дуу” гэдэг бүтээл дээр хамтарч ажилласан. Бид нэг курсынхэн л дээ.

Энэхүү том уран бүтээл дээр Аси /Р.Алтансүх/-тайгаа хамтарч ажиллах боломж олдсонд баярлаж явдаг. Аси маань харамсалтай нь их богино хугацаанд өөрийн гэсэн ариун сайхан зам мөрийг үлдээгээд одсон. Найз маань тэнгэрийн оронд заларсан ч сайхан нөхөрлөлийн хамтын бүтээл нь олон түмэндээ хүрсээр байна. Энэхүү киноноос жүжигчин хүний ард байгаа амьдралыг амьдралын бүх өнгөөр үзүүлсэн. Бид чинь ер нь өөрсдийгөө хаячихсан байдаг юм байна шүү дээ. Мөн Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар бид нар нэг курсэд сурч байсан төдийгүй түүний найруулсан, зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн хөгжмийн зохиолчоор ажиллаж байлаа.

- Та хамгийн анхны бүтээлээ танилцуулаач?

- Би 1992 онд дууны, тэр дундаа, хүүхдийн, нийтийн уран бүтээлээр анхны уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Энэ жил миний уран бүтээлийн 25 жилийн ой тохиож байна. “Нутгийн уулс, ээж хоёр минь” гэдэг дуу бий. Энэхүү дууг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Э.Бүрнээбаяр, хүүхдийн найрал дууны хамтлагтай дуулж олон түмэнд хүргэсэн. Монголын үндэсний радиогийн алтан фондод оюутан байхдаа анхны бүтээл минь үлдэж байсан. Би бас их азтай хүн. Олон сайхан багш нартай. Миний бүтээлүүд түмэн олонд хүрч, эдгээр бүтээлээрээ түмэн олонтойгоо ярилцаж, хөөрөлдөж явж байгаагийн утга учир нь зайлшгүй багш нарын минь ач юм. Тэднийгээ би энд зайлшгүй дурдах ёстой. Хамгийн анхны уран бүтээлийн, хөгжмийн зохиомжийн мэргэжлийн багш минь Төрийн шагналт, хөгжмийн зохиолч асан Цэдэн-Ишийн Чинзориг багш, хөгжмийн зохиомжийн багш Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Сүрэнгийн Соронзонболд багш минь байгаа. С.Соронзонболд багш маань СУИС-даа тэргүүлэх профессорын багийг ахлаад ажилладаг, доктор, профессор хүн байгаа.

Мөн БНХАУ-ын Шанхай хотын Хөгжмийн дээд сургуульд очиж хөгжмийн зохиомжийн чиглэлээр суралцсан. Надад тэр үед профессор И Минь Ү /尹明五/ гэдэг хүн хичээл зааж байлаа. Одоо ч багшилж байгаа байх. Найрал хөгжмийн найралжуулга буюу Пэй Чи Фа /配器法/ гэж их гол хичээл байдаг л даа. Миний найрал хөгжмийн найралжуулалтын багш Ян Ли Чин /杨立青/ гэж хүн байсан. Ян багш гэхээр хүмүүс андахгүй дээ.

Мөн хөгжмийн хэлбэр судлал буюу задаргаа, задлан шинжлэл гэж хичээл байдаг. Хятадаар Иньюэ зуо пинь чюй шы юй фэнь ши /音乐作品曲式与分析/ гэдэг хичээл байдаг. Фэньши /分析/ гэхээр задлан шинжлэл гэсэн үг л дээ. Миний дуудлага нэлээд муу болсон байгаа байх аа. Төгсч ирснээсээ хойш хятадаар ярьсангүй. Би Шанхайн хөгжмийн сургуульд гурван жил орчим суралцсан. Магистрт ч бас биш юм аа, дээд курс Пү тун жинь шю шөн /普通进修生/-д юм даа. Уг нь Бэн кө шөн /本科生/ буюу бакалавраар сурахаар очоод энд бакалавраар сурчихсан байсан учир дээд курсэд нь сурсан. Хөгжмийн зохиолч, судлаач нарт хамгийн хэрэгтэй, гол хичээлүүдийнхээ багш нарыг би энд дурдаж байна. Түрүүний хэлсэн хэлбэр судлалын хичээлийг Жя Да Чун /贾达群/ багш ордог байсан. Бас Фү дяо кө /复调课/ буюу олон хоолойн хичээл гэж байдаг. Энэхүү хичээлийг Линь Хуа /林华/ гэдэг ОХУ-д төгссөн багш ордог байсан.

- Та их сайн санаж байна шүү?

- Би багш нараа мартаагүй ээ. Тэднээрээ бахархдаг.

- Та Шанхайд байхдаа хэдэн бүтээл хийв?

- Нийт таван бүтээл хийсэн. Тэдгээрийн нэг нь “Долоон бурхан од” хэмээх гурван ангитай симфони байна. Өөрийнхөө төгсөлтийн ажил болгож хийсэн. Мөн өөр нэг симфони хөгжим буюу Жяо шян инь юэ /交响音乐/ бий. Бас Элегия хэмээх эмгэнэлт дууг Да ти чинь /大提琴/ буюу морин хийл, төгөлдөр хууртай хийсэн. Энэхүү бүтээлээ 2001 онд төгсдөг жилийнхээ хавар дөрөвдүгээр сард Шанхайн хөгжмийн сургуулийн гадаад оюутнуудтай хамтарч тоглосон. Энэхүү бүтээлийг 2000-2001 онд шилжих арванхоёрдугаар сард тэнгэрт хальсан Чинзориг багшийнхаа гэгээн дурсгалд зориулж хийсэн дээ.

- Хятадад очиж соёл, урлагт суралцсан нь таны бүтээлд нөлөөлөв үү?

- Шанхайн хөгжмийн дээд сургуульд суралцсан нь миний уран бүтээлд маш том нөлөө үзүүлж байгаа. Уран бүтээлүүдээс минь ч харагдах байх. Тиймээс энэхүү сургуульд суралцсандаа би маш их баярлаж явдаг.

- Таныг Өвөр Монголын хоёр оюутанг магистраар төгсгөх гэж байгаа гэж сонссон?

- Тэд маань төгссөн. Өнгөрсөн хоёр жилд дөрвөн магистр төгсгөсөн. Шилийнхүү гэж оюутан Жанцанноров багшийн төгссөн сургууль буюу Украйны Киевт П.И.Чайковскийн нэрэмжит консерваторыг бакалавраар төгсөөд СУИС-д хөгжмийн зохиолчоор магистрийн зэрэг хамгаалаад явсан. Мөн Шиньжян Уйгараас ирсэн Даваа гэж залуу Шанхайн хөгжмийн сургуулийг бакалавраар төгсөөд СУИС-ийг хөгжмийн зохиолч мэргэжлээр магистраар хамгаалсан. Түүнчлэн Анна гэж нэг охин байгаа. Тэрээр Хөххотын Урлагийн их сургуулийг бакалавраар төгсөөд СУИС-ийг хөгжмийн зохиогчийн мэргэжлээр магистр хамгаалаад явсан. Бас Зулгэрэл гэж Хөххотын Урлагийн их сургуулийг урлаг судлаачаар төгсч ирсэн хүүхэд, судлаачаар магистр хамгаалсан. Ингээд дөрвөн шавь маань миний удирдлага дор СУИС-ийн магистрын зэрэг хамгааллаа.

Өмнө нь диплом, магистрын бичвэрийн болон судалгааны ажлууд дээр зөвлөгөө өгч, шүүмжлэгч багшаар оролцож байсан болон миний лекцинд сууж байсан Хятад, Өвөр Монгол нийлээд 30 гаруй оюутан байдаг.

Зөвхөн Өвөр Монголын оюутнуудын хувьд шүү. Түүнээс би чинь 5000 гаруй шавьтай. 2001 онд Шанхайн Хөгжмийн их сургуулийг төгсч ирээд СУИС-даа үргэлжлүүлэн ажилласан. Кино урлагийн сургуулиудад бас хичээл заасан. Тийм болохоор одоогийн хошин шогийн жүжигчид, дуучид, хөгжимчид гээд олон шавьтай. Зарим шавь нар маань бараг л үе тэнгийнх.

- Хятад, монгол оюутнууд хэр ялгаатай сурч байна?

- Ялгаатай шүү. Боловсролын үнэ цэнийг маш мэдэрч, их хичээнгүй, амжилттай суралцдаг гэж хардаг. Тухайлбал, Шанхайн хөгжмийн сургуульд сурч байхад хятад оюутнууд өөрсдийгөө дайчилж, их зохион байгуулалттай суралцаж байсан. Өвөр Монгол оюутнууд тэдгээр хятад оюутнуудаас ч илүү юм шиг харагддаг. Миний бодлоор боловсролдоо зарцуулж байгаа зардал нь хувь хүнээс юм уу, төрөөс гарч байна уу гэдгээрээ их ялгаатай байдаг юм шиг ээ. Хүн төгссөн сургуулиа хамгийн мундаг гэдэг. Манай Шанхайн сургууль бол хамгийн мундаг нь л гэж хэлнэ. БНХАУ олон хүн амтай. Тэдгээрээс шалгарч тухайн сургуулиудад суралцана гэдэг хэцүү. Тийм болохоор их мэрийлттэй суралцдаг.

- Та хамгийн анх ямар шагнал авч байв?

- Миний бас нэг багш бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч асан Чойгивийн Сангидорж юм. Багш маань надад анх хөгжмийн цагаан толгой заасан. Багшийнхаа нэрийг цохож байгаад энэ тухай зориуд хэлье гэж бодож байна. Багш маань надад “Надаас намхан, ээжээс минь өндөр шагнал байгаагүй” гэж хэлсэн юм. Ер нь бол хүн байхын хувьд хамгийн том шагнал бол ээж юм даа.

Харин уран бүтээлээр хүртсэн анхны шагнал гэвэл 1992 онд Хөгжмийн багшийн коллежийн III курсийн оюутан “Нутаг уулс, ээж хоёр минь” гэдэг анхны дуу маань хөгжим бичдэг оюутнуудын уралдаанд орж түрүүлсэн явдал юм. Мөн хамгийн анхны сайхан шагнал минь гурван настайдаа, цэцэрлэгт байхдаа “Маамуу нааш ир” дууг сумынхаа Улаанбулангийн тайзан дээр ганцаараа дуулах болсон тохиол юм. Зүгээр ч үгүй тухайн үед дуугаа дуулж эхлээд хоёр дахь бадаг дээрээ амандаа байсан чихрээ идэж дуусгаад, үргэлжлүүлэн дуулсан хөгтэй, хөгжилтэй сайхан түүх байдаг. Хүмүүс намайг өхөөрдөн алга ташиж байсан нь надад урам өгч, улмаар намайг урлагийн ертөнцөд амжилт гаргахад минь нөлөөлсөн юм.

Тив дэлхийгээр, барууны улс орнуудаар, тивээс тив рүү дамжиж явахад минь их нөлөөлсөн гэж бодохоор надад их үнэ цэнэтэй санагддаг. Одоо ч би сумын Улаанбулангийн тайзандаа мөргөж явдаг. Тайзанд том, жижиг гэж байдаггүй. Олон түмний дунд намайг анх гаргасан, миний сэтгэл зүрхэнд мөнхөд томоороо үлдэх, ёстой л хамгийн анхны, хамгийн том тайз бол сумын Улаанбулангийн тайз юм. Гэхмэтчилэн шагналууд олон байна даа.

- Та 2010 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон байх аа?

-Тийм ээ. Ерөнхийлөгчийн 2010 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн зарлигаар авсан. Одоо долоон жил болж байна. Шагнал гэдэг нь нэг талдаа сайхан юм шиг боловч нөгөөтэйгүүр давхар үүрэг дагаж байдаг. Тэр “ачаа”-г ямартай ч үүрээд явах боломжтой боллоо гэж төр харсан учраас надад өгсөн шагнал байх гэж боддог. Мөн өнөөдрийг хүртэл хамт байгаа бүх үеийн хамт олон минь байна. Эдгээр хүмүүс бүгд намайг сурч төлөвшихөд минь нөлөөлсөн гэж боддог.

Би өөрийгөө их азтай гэж боддог. Яагаад гэхээр надтай учирсан бүх хүн сайхан, халуун, дулаан сэтгэлтэй хүмүүс байдаг.

- Азтай юм аа. Та бие даасан олон тоглолт хийж байсан. Мэдээж өөр өөрийн гэсэн онцлогтой байсан байх?

- Би анх бие даасан тоглолтоо 1999 оны дөрөвдүгээр сарын 2, 3-нд “Ээлээ өгсөн нутаг” нэртэйгээр толилуулж байсан. Сургуульд явахаасаа өмнө шүү дээ. Тэр тоглолт жаахан мэргэжлийн төвшинд болсон. Миний анхны симфони, анхны цөөхүүл хөгжмийн бүтээл, балетын хөгжмөөс хүртэл тоглогдсон.

Бие даасан арваад тоглолт толилуулжээ. “Ээлээ өгсөн нутаг”, “Бодолд ивэлсэн ижий далай”, “Монголын үнэртэй салхи”, “Хайр”, “Шилдэг түүвэр концерт” гэх мэтчилэн. Дан нийтийн дуугаар, хөгжмийн бүтээлтэй эсвэл найрал хөгжимд үндэслэгдсэн гэх жишээтэй өөр өөрийн гэсэн онцлогтой тоглолтууд байсан.

- Та нийт хэдэн бүтээлтэй вэ?

- Дуу болон дуулаачид зориулсан 600-гаад бүтээл, хөгжмийн, тайз дэлгэцийн бүтээлүүд гээд нийт 50 гаруй бүтээл байна. Энэ бүтээлүүдийг дахин эргэлтэд оруулах үүднээс бүлэг болгон цомог болгох гэж байна.

- Яг одоо Та ямар бүтээл дээр ажиллаж байна?

- Ойрын жилүүдэд тайз дэлгэцийн уран бүтээл дээр илүүтэй ажиллалаа. Дэлхийн хөгжмийн чиг хандлагаас харахад тайз дэлгэцийн хөгжмийн урлаг биеэ даасан төрөл болон хөгжиж байна. Европын холбооны улсын төв болсон Белги улсад зохиогддог “Неnтfilм fеѕтiүаl” киноны их наадамд хоёр удаа урилгаар оролцсон. Энэ наадмын хүрээнд бас “Wоrld Sоиndтrаск Аwаrdѕ” гэдэг нэртэй киноны хөгжмийн наадам болдог. Энэ наадмын хүндэт зочноор уригдаж оролцсон. “Мастер класс”-ын мэргэжлийн сургалтууд ч бас болсон. Хүнийг ялгаварлалгүйгээр хөгжмийн хэлээр ярилцаж, дүрстэй хамт хүмүүст очиж ойлгогддог энэ төрлийн урлаг эрчтэй хөгжиж байна.

Би тайз дэлгэцийн бүтээлүүдээрээ контент үүсгэж цомог гаргах, хөгжмийн урлагийн контентийн сүлжээ үүсгэхээр ажиллаж байна. Энэ ч утгаараа өөрийн продакшнаа байгуулан ажиллаж байна.

- Баяр хүргэе. Та хэзээ байгуулав?

- Одоогоос таван жилийн өмнө продакшн байгуулах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд анх байгуулсан. Улсын ажил хийж байсан болохоор тэгсгээд түр завсарлаад байлаа. Одооноос идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна. Продакшнаа “DоRеѕоиnd” гэж нэрлэсэн “Вrаnding nаме” маань гэх үү дээ. Их учир утгатай. Үйл ажиллагааны хувьд гэвэл продакшнд ямар л үйл ажиллагаа явагддаг, тэр бүгдийг хийнэ.

Эх зохиолоос эхлээд л эцсийн борлуулалт хүртэл. Өөрийн болон өрөөл бусдын бүтээлүүдийг хууль эрх зүйн дагуу хэвлэн нийтлэх ажил хийгдэнэ. Ноотлоно, хэвлэнэ, ном сурах бичиг гаргана. Онлайн худалдаа эрхлэнэ.

- Танд амжилт хүсье. “Морин хуур наадам” саяхан болж өндөрлөлөө. Таны бүтээл нэгдүгээр байр эзэлсэн. Танд баяр хүргэе!

- Баярлалаа. Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Морин хуур наадам”-д олон удаа оролцсон. Энэ жил “морь” маань сайн давхилаа. Бүх уран бүтээлчиддээ баярлалаа. Би “Морин хуур наадам”-аас 2006, 2009 онд Гранпри авч байлаа. Сая нэгдүгээр байр эзэллээ. Хоёрдугаар байрыгөмнө нь гурван удаа авч байсан. Гуравдугаар байрыг хоёр удаа авсан. Тусгай байруудыг ч авч байсан байна.

- Их амжилт шүү. Таны бүхий л бүтээлүүдийг Өвөр Монголчууд сонсох дуртай. Таны бодлоор тэдэнд хамгийн их хүрсэн нь ямар бүтээл бол?

- Өвөр Монголд хамгийн сайн түгсэн дуу гэвэл одоо УИХ-ын гишүүн болсон, МУГЖ С.Жавхлангийн дуулсан “Монголын үнэртэй салхи”, “Миний найз” дуунууд юм болов уу. Мөн МУГЖ Т.Баясгалангийн “Зөвхөн чамдаа” байна. Ер нь олон дуу бий дээ.

“Харцанд чинь уярч хайранд чинь зөөлөрч, Хан хорвоод дуулъя гэсэн юм аа...” /хэмээн амандаа аялав/

Харамсалтай нь өнгөрсөн жил нэг Түвд залуу миний “Хамтдаа туулъя гэсэн юм аа” дууны шүлэг, хөгжмийг нь өөрөө зохиосон болгоод “Түвдийн бүсгүй” нэртэйгээр дэлхий даяар цацсан. Энэ дээр зохиогчийн эрх зөрчигдөж, маргаан үүссэн. Үүний эсрэг хамгийн их тэмцсэн хүмүүс бол манай Өвөр Монголчууд.

Өвөр Монголчууд “Ингэж болохгүй ээ. Бид энэ бүтээлийг 2005 оноос хойш сонсож ирсэн. Энэ хэний бүтээл болохыг бид мэднэ” хэмээн тууштай тэмцсэн.

Сахал Пүүжээ хэмээн алдаршсан МУУГЗ Г.Пүрэвдорж ахын зохиосон “Улаанбаатарын үдэш” дуу байна. Мөн л хятадын нэг шоун дээр үгийг нь сольж дуулснаас болж ихээхэн маргаан үүссэн. Их харамсалтай явдал болсон.

Бидний ярилцлага ийнхүү өндөрлөв. Тэрээр “Миний найз”, “Зөвхөн чамдаа” зэрэг дуугаа төгөлдөр хуур хөгжим дээр тоглож, дуулж үзүүлсэн нь гайхалтай, сайхан байлаа.

Таны уран бүтээлд амжилт хүсье.

 

Найруулагч: ХАВАР Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл