solongonews
Эмнэг сургагч
2021-03-22 11:25
Эмнэг сургагч Баяннамар

Агт хүлгээ анд нөхөр шиг хайрлан эрхэмлэж ирсэн монголчууд ардаг догшин эмнэг морийг хүртэл арчлан додомдож эзэндээ ээлтэй эдлэхэд даацтай хүлэг болгож гаршуулан сургаж авах нь үйлдвэрлэл амьдралын чухал шаардлага болохоор барахгүй мянган мэргэжлийн эзэн малчин хүний онцгой нэгэн “ажил мэргэжил” байж таарна. Гэхдээ эмнэг морийг сургахад хавар агь нүдэлж үс даахь нь унах үеэр ногоонд цадаж таргалахаас нь өмнө, бага насанд нь сургах хамгийн тохиромжтой байдаг.

Хаврын салхи сэвэлзэж, хагд өвс цухуйсан сайхан өдрийг сонгон Өвөр Монголын Улаанхад хотын Ар Хорчин хошууны Манит багийн Бугат багийн Соёлт гуай уламжлал ёсоор хар алаг азаргаа сургахаар болжээ. Соёлтын хар алаг азарга бие бялдар том, дөрвөн мөч нь урт, өргөн цээжтэй, цолмон хоёр нүднээс нь цог бадарсан, хүч дорвитой соёолон азарга юм.

Эзэндээ бахархал болсон энэхүү ганган эмнэгийг хүлэг болгон сургах үүргийг олон эмнэгийн нуруунд суурьтай тогтож чадамгай сургаж нутгийн олны танил болсон эмнэг сургагч залуу Баяннамар хүлээсэн байна.

Баяннамар Баян-Өндөр сумын Хэрэм багийн хүн. Өвөө, аав нь бүгд нутаг усандаа алдартай адуучид. Морин төвөргөөн чагнаж өссөн адуучин удмын тэрээр хар багаасаа адуу арчлан додомдох, морь унаж эмнэг сургах дуртай. Хорин хоёртойдоо Шилийнхотын Баяншил мал аж ахуйн талбайд гурван жил эмнэг сургах ажилд гавшгайлж явсан нь түүний хувьд нэг төрлийн ажил төдий биш харин мэргэжил мэдлэгийн дэвшил болж, дуртай зүйлдээ тэмүүлэхэд нь дасгал дадлага болжээ. Нутагтаа буцан ирсний дараа ажлынхаа завсраар эмнэг сургахад шуурхайлж, нутгаасаа гадна Баруун Баарин, Хишигтэн, Баруун, Зүүн Үзэмчин, Ляонин муж зэрэг олон олон газраар эмнэг сурган явжээ.

Эмнэг сургах хүн эмнэгийн нуруунд тогтож чадах эсэх нь чухал байдаг бол эмнэгийг яаж сургах нь бүр ч чухал байдаг. Соёлтын хар алаг азарга Баяннамарын энэ жил сургаж байгаа долоо дахь эмнэг болно. Хоёр зуу гаруй эмнэг сургахдаа моринд гэм суулгахгүй, ааш занг нь сайхан засаж эзэндээ ээлтэй номхон хүлэг болгохыг онцлон чухалчилсаар ирлээ гэж Баяннамар ярьж байв.

Эмнэг сургадаг залуу Баяннамар адуунд маш хайртайгаас гадна монгол бөх, дуу урлагт ч онцын дуртай.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл