“Нэг бүс нэг зам” дагуух орон дахь улс орны хоорондох соёлын солилцоо, хамтралцааг ахиулах зорилгоор Хятад Улсын гурван том Туулийн кино төсөлд “Жангар” хүүхэлдэйн киноны уран бүтээлчид 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Хятад Улсын Шинжянгийн есөн Жангарчдын хамт Оросын Холбооны Бүгд Найрамдах Халимаг Улсад очиж Жангарын соёлын солилцоо хийв.

5-р сарын 27-нд Хятад Улсын жангарчид Халимаг их сургуультай хамтран уран сайхны үдэшлэг хийв
Талбайгаар дүүрэн суусан нь элгэн садан, тойроод суусан нь төрөл садан нь байлаа. Дурсан санасан элгэн садантайгаа нулимстай нүдээрээ уулзалдан, хамтдаа найрлалдахыг тэд маш удаан хүсэн хүлээсэн юм. Хоёр улсад амьдарч яваа монголчууд ийнхүү нэгэн газарт хуран цугларч, дуугаа дуулж, жангар хайлан, бие биелгээ биелж, буурал настнууд маань догдлохдоо баярын нулимс унагаж байлаа.


Их түүхийн хувь заяаны эрхээр Торгууд түмэн маань хэдийгээр холын хол хоёр салж нэг нь ижил мөрний эргээр, нөгөө нь Алтайн уулсаар амьдарч яваа ч удам угсаа нэгтэй, алтан ясны хэлтэрхий, алаг махны тасархай гэдгээ мартаагүй алтан цээжиндээ баринтаглан цээжилж ирсэн юм. Өдгөө ч тэдэнд соёл заншил, үг хэлний хил хязгаар гэж үгүй, уламжлалт соёлынхоо ген нэгтэй ард түмэн билээ .


“Жангар” туулийг ухаандаа батлан, алтан цээжиндээ хадгалаад, ариун цэвэр хэвээр нь өнөөдөрт хүртэл авчирсан хүмүүс бол яах аргагүй жангарчид юм .Тэр холын газар, тэнгэр уулын ар, урд хормойноос есөн жангарч маань “Жангар”-аар алтан тагт болгож, соёлоо биедээ тээн ачиж цээжиндээ хадгалаад, ариун цагаан сэтгэлийн дээж барин Халимаг улсад хүрч, билиг эрдмээ үзүүлсэн юм.

Халимагчууд ирсэн гийчдээ зам тань цагаан болтугай, үйлс тань бат байтугай, үнэн цагаан сэтгэлээсээ талархал дэвшүүлж байна гэж ерөөж л байлаа...
