Дуучин бүсгүй маань Шарав гуайн бие муу байгааг сонсоод сайн дураараа хандивын аян зохиож, олсон 9000 гаруй юаниа гардуулж өгөхөөр Бээжин хотод иржээ. Сэтгэл гээч ийм буюу.

Шарав гуай хоёр, гурван сарын өмнөөс ядраад байх болжээ. Өнгөрсөн 6 дугаар сард Интермэд эмнэлэгт шинжилгээ өгсөн чинь цус багадалт дээд зэрэгт хүрсэн, хорт хавдартай гэсэн онош гарсан гэнэ. Үүнийг сонссон гэр бүлийнхэн нь сандарч, 6-р сарын 29 гэхэд Бээжинд ирж, 7-р сарын 1-нд Цэргийн төв эмнэлэгт хэвтсэн байна. Энд нойр булчирхайн хорт хавдар 4-р шатандаа орсон гэсэн оноштой, цус сэлбэх эмчилгээ хийлгэсээр, 10-ны өдөр хагалгаанд орсон юм.
Хавдар нь үсэрхийлэн бусад эрхтэнд нь тарсан учраас 8 цагийн турш олон эрхтэн хамарсан хавдрыг тайрч авах маш хүндмэс засал хийсэн байна.

Хагалгааны дараа биеийн байдал нь харьцангуй тогтвортой байгаа ч маш их тамирджээ. Биднийг эргэж очиход ядарч сульдсаны улмаас, маш сул дуугарч, жаахан яриад ядарч байлаа. Одоо хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ хийж байна. Хагалгааны дараа нойр булчирхайн шарх нь сэдэрсэн учир удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болжээ. Шарх нь бүрэн эдгэсний дараа химийн эмчилгээ хийх бөгөөд чухам хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Шарх хөндүүрлэн өвдөж, шөнө нойр хүрэхгүй байгаа тул, өвчин намдаах болон нойрны тариа хийлгэж унтана. Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам Шарав гуайн ар гэрийнхэнд байрны асуудлыг шийдэж өгч, ихээхэн дэм болж байна.
Шарав гуайн хагалгаа, эмчилгээнд олон сая төгрөг зарцуулаад байна. Үүний нэг хэсгийг MCS группийн ерөнхийлөгч Ж.Од өгчээ. Нутгийн зөвлөл нь 40 орчим сая төгрөг гардуулж өгсөн ба одоо хэдэн сая төгрөг нэмж цуглуулаад байгаа гэнэ. Одоо химийн болон цаашдын бусад эмчилгээний төлбөр нийт 100 гаруй сая төгрөг нэмж олох хэрэгтэй. Бас дээр нь нөхөн сэргээх эмчилгээний зардал гарна.
Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийнхөн 9-р сарын эхээр хандивын тоглолт хийж, аянаа өргөжүүлэхээр төлөвлөжээ. Гэвч Шарав гуайн эмчилгээний зардал цаг минутаар урссаар, түүний хэрээр эрүүл мэнд, амь нас нь эрсдэлд орж байна.

Хэнтий аймгийн нутгийн зөвлөл Монгол улсаас БНХАУ-ын Бээжин, Өвөр Монголын Хөх хотод урлагийн болон хэвлэл мэдээллийн байгууллагад уригдан ажиллаж буй хэдэн залууст санал тавьсан юм. Бид Шарав гуайн эмчилгээний зардалд нэмэр болох гэж “Сэтгэлийн эгшиг” хандивын аян өрнүүлэн, Өвөр Монгол найз нөхөд, шавь нараа уриалан дуудаж байна. Ялангуяа Өвөр Монголын Баатар язгуур урлагийн сургуульд ажиллаж буй МУСТА дуучин Ц.Бэрцэцэг, Солонго төвд ажиллаж буй МУСТА зохиолч, яруу найрагч Э.Үржинханд нар маш их зүтгэл гарган, цаг наргүй ажиллаж байна.
Хандивын аян эхэлснээс хойш ердөө 60 цагийн дотор Ц.Бэрцэцэг 15.000, Э.Үржинханд 10.000 орчим юань цуглууллаа. Энэ мөнгө амархан олдоогүй юм. Мөн дээр дурдсан Өвөр Монголын дуучин Отгонтуяагийн цуглуулсан 9000 гаруй юаньтай нийлээд 10 илүү сая төгрөг болсны 90 гаруй хувийг алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий болсон Өвөр Монгол ахан дүүс маань хандивлаад байгаа юм. Одоо “Эгшиг” сайтын захирал Байгаль тэргүүтэй хувийн сайтын захирлууд манай аянд нэгдэж, сурталчилгааны ажлаа эхлүүлээд байна.

Монгол түмний хайртай хүү, суу билэгт хөгжмийн зохиолчийг хөл дээр нь босгохоор халуун сэтгэлээр хичээн зүтгэж, хандив өргөсөн, элэг нэгт Өвөр Монгол ахан дүүстээ баярлалаа.
