solongonews
М.Амаржаргал: Арьсаа нарнаас хамгаалаагүйгээс сэвх, толбо үүсдэг
2015-12-28 18:21
Арьсыг арчлахдаа цэвэрлэх, тэжээх, хамгаалах гэсэн зарчмыг баримталвал зохистой. Хуурай болон эмзэг арьс нь нар салхинд амархан улайж, хуурайших хандлагатай тул тохирсон чийгшүүлэгч, нарнаас хамгаалах тос хэрэглэх шаардлагатай.
Монголжингоо бүсгүйчүүдийн маань хаврын улиралд санааг нь зовоодог асуудлуудын нэг бол мэдээж арьс арчилгаа билээ. Хэрхэн арьсыг хаврын салхи, хуурайшилтаас хамгаалах, сэвх тодрох үед хэрхэн урьдчилан сэргийлж арчлах талаар мэргэжлийн эмчтэй ярилцсанаа танд хүргэж байна. 
 
Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн арьс гоо заслын их эмч М.Амаржаргалтай ярилцлаа.
-Хаврын улиралд бүсгүйчүүдийн маань арьсанд ямар өөрчлөлт гардаг вэ?
-Манай орны жилийн 4 улирал, цаг агаарын эрс тэс уур амьсгал нь арьсанд нөлөөлөх онцгой хүчин зүйл болдог.Хаврын улиралд цаг агаар дулаарах боловч  хуурайшилт, тоос шороо, салхи, нарны туяаны тусгал нэмэгддэг. Арьсны  чийгшилт алдагдахаас гадна нарны хэт ягаан  туяаны (UVB ба UVA) нөлөөгөөр арьс улайх, хорсох харлах, уян чанар алдагдах, сэвх нөсөө, үрчлээ үүсдэг.
 
- Энэхүү улиралд арьсаа хэрхэн зөв арчлах ёстой вэ?
-Арьс нь бие махбодийн амин чухал эрхтэн бөгөөд эрүүл бие сэтгэл зүрх, гоо үзэсгэлэнгийн толь билээ. Арьсаа эрүүл байлгахын тулд  хувь хүнийхээ арьсны төрөл онцлогт тохирсон зөв арчилгаа хийх ёстой. Хүний арьсыг ерөнхийд нь 5 төрөл болгон ангилдаг.Үүнд: хэвийн, хуурай, тослог, холимог, эмзэг арьс багтана. Арьсыг арчлахдаа цэвэрлэх, тэжээх, хамгаалах гэсэн зарчмыг баримталвал зохистой. Хуурай болон эмзэг арьс нь нар салхинд амархан улайж, хуурайших хандлагатай тул тохирсон чийгшүүлэгч, нарнаас хамгаалах тос хэрэглэх шаардлагатай. Холимог арьстай хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгохдоо онцгой анхаарч тос агуулаагүй усан суурьтай тос илүү тохиромжтой байдаг. Тослог арьстай бол өглөө оройдоо нүүрээ тохирсон шингэн саван, хөөс, гель, гүний цэвэрлэгчээр угаах хэрэгтэй.  Өдөр тутмын арьс арчилгаандаа чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай. 
Хоёрдугаарт Нарнаас хамгаалах: Нарны гэрэл нь арьсны үрчлээ, хуурайшилт болон сэвх толбо гарах цаашилбал арьсны хавдар үүсэх шалтгаан болдог. Хаврын улиралд нарнаас хамгаалах тосыг сонгохдоо арьсныхаа төрөл, ажил мэргэжлийнхээ онцлог, наранд байх хугацаагаа тооцоорой. Нарны хамгаалалтын тосон дээр SPF ++15 гэж тэмдэглэгдсэн  бол 1-2 цагийн хугацаанд хамгаалах бөгөөд тосоо 2 цаг тутамд давтан түрхэх шаардлагатай. Бүсгүйчүүд маань нарнаас хамгаалах тосыг өдөр тутмын хэрэглээ болгоосой .
Гуравдугаарт хангалттай ус уух нь маш чухал.
 
-Хаврын улиралд бүсгүйчүүдэд маань тулгардаг мөн нэгэн том асуудлын нэг бол сэвх нөсөө тодрох явдал. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Арьсны меланоцит эсийн ялгаруулдаг меланин хэмээх бодисын илүүдлээр арьсан дээр сэвх толбо үүсдэг. Хаврын улиралд арьсны сэвх, нөсөө тодрох, нэмэгдэх нь тулгамдсан асуудал болсоор байна. Сүүлийн үед сэвх толбыг арилгах, гуужуулах, цайруулах тос крем, лазер эмчилгээг өргөн ашиглаж байна. Нарны хэт ягаан туяанаас хамгаалах тосыг тогтмол хэрэглэх нь сэвх нөсөө үүсэхээс урьдчилан сэргийлж хамгаална.
 
-Гэртээ бэлтгэж болох энгийн маскны зөвлөгөө хүргэнэ үү?
-Энэ улиралд арьсан дээр тэжээлийн дутагдал ихээр явагддаг. Заавал гараараа бэлтгэх гэлтгүй витамин С буюу нимбэгний хүчилтэй, мөн олон төрлийн  жимсний найрлагатай маскийг сонгож хэрэглээрэй. Нэг удаагийн цаасан маск ч болно. Харин хаврын улиралд тараган маск арьсыг хуурайшуулдаг. Мөн сэвх тодорч байх үед цайруулах маскийг олон удаа тавих нь тохиромжгүй гэдгийг Монголжингоо бүсгүйчүүддээ зөвлөх байна.
 
Кана
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл