Намрын улирлын мал худалдах үе болоход хүмүүс мал унаагаа тээж хүйтэн хөлдөөх агуулах, амьд малын худалдааны зах зээлд борлуулахаар яарна. Гэтэл Баруун Үзэмчин хошууны Жирийнгол суурингийн Жаран багийн малчин Хархүүхэнийх харин мал унаагаа худалдахаар яарахгүй тайван тогтуун сууж байлаа. Энэ нь чухам юунаас болсон бэ?
Малчин Хархүүхэн энэ жилийн 9 дүгээр сарын сүүлээс эхлэн хошуунаасаа тусгай хүн эрж, 200 гаруй хургаа нядлан, хөлдөөх агуулахад хадгалж, Хятадын өмнө орны хэрэглэгчдэд борлуулахад бэлэн болгосон байна. Малчин Хархүүхэн өнгөрсөн жил вичатаар дамжуулан хурганы махаа борлуулж үзэхэд борлуулалт сайн байсан бөгөөд ашиг орлого ч өндөр байжээ. Ингээд тэрээр хонины махаа вичатаар борлуулахаар зориг шуудаж, өнгөрсөн жил багт нь өндөр хүчдэлийн цахилгаан нэвтэрснээр хөдөөний гэртээ 20 тоннын багтаамжтай хөлдөөх агуулах барьж байгуулж, энэ жил 200 гаруй хургаа нядлан энэхүү агуулахдаа хөлдөөн хадгалсан нь энэ ажээ.

Хархүүхэн хонины махаа савлана
- 200 гаруй хурга, гурван үхэр нядлан агуулахдаа хадгалж, Хятад улсын бүхий л газарт борлуулж байна. Одоогоор хориод хурганы мах борлуулсан. Өвөл бол өмнөд орны хүмүүс хонины мах их авдаг болохоор удалгүй борлуулалтын оргил цаг ирнэ. Нутгийн үхрийн мах ч их гарч байна гэж Хархүүхэн бидэнд ярив.
Биднийг Хархүүхэнтэй ярилцаж суухад гар утас нь байнга дуугарч “Би нэг хонины хавс авъя. Даруйхан явуулж өгнө үү?”, “Захиалсан хонины махаа олж авлаа. Их сайхан байна. Боодол баглаа нь ч хэвээрээ” гэх мэтийн хонины мах худалдан авах, захиалсан хонины махаа авсан зэрэг мэдээ орж ирэх бөгөөд Хархүүхэн ч хэрэглэгчдийн захиалга ёсоор хонины махаа цаг даруйд нь гуйвуулах гээд боодол баглаа хийгээд тун завгүй. Ингэж бэлтгэсэн хөлдөөсөн махаа тээж өглөөний 7:00 цагт Шилийн хотоос хошууны төв хүрэх авто зам дээр очин шуудангийн тэргийг тосож хэрэглэгчдэд явуулж өгдөг.
- Одоогоор зам муу байгаа нь нэг асуудал байна. Өвөл цас их орвол гарахад хүнд болдог. Энэ замыг засчихвал бидэнд их амар болно гэж Хархүүхэн түүнд хамгийн их саад болж байгаа зам харилцааны тухай ярив.
Өнгөрсөн жил хонины үнэ бага болохоор аав ээж нь хонио яаж үнэ хүргэх талаар бодол болж зовж байгааг хараад Бээжин хотод нэлээд урт хугацаанд ажиллаж нийгмийн харилцаа өргөн болсон тэрээр вичатыг ашиглан хонины махаа борлуулж үзэхээр шийджээ. Вичат дээрээ худалдааны хонины зураг тавьсанд Бээжин, Шанхай зэрэг газрын найз нар нь утастаж энэхүү байдлыг ойлгож мэдээд хонины мах авахаар захиалга ирүүлжээ. Тэрээр вичатыг ашиглан хонины махаа борлуулах зам ингэж нээгдсэнээс хойш тэр хонины махаа Бээжин, Тяньжинь, Ху Бэй, Ань Хүй, Гуан Дүн, Ху Нань, Шань Ши, Гань Сү зэрэг газраар борлуулах болж, борлуулалтын хэмжээ нь ч нэмэгдэж эхэлсэн байна. Тэрээр хурганы махаа ингэж вичатыг ашиглан борлуулахад хүний хүч, цахилгаан, өвс бордоо зэрэг аливаа зардлаа хасаад кг бүрдээ 32 юань хүрдэг.
- Хургаа өөрөө ингэж нядлан боловсруулж худалдвал хөлдөөх агуулахын газар шууд худалдсаныг бодвол үнэ ханш нь өндөр байдаг. Энэ нь ашиг орлогоо нэмэгдүүлэхэд ашигтай гэж тэрээр бидэнд ярилаа.
Одоо хонины махны захиалга өдрөөс өдөр нэмэгдэн ганц айлаараа хангахад хүнд болсон тул малчидтайгаа хамтран, цэвэр байгалийн хонины махаа борлуулахаар компани байгуулахаар болжээ. Ингэж нутгийн олноо уриалан вичат, цахим худалдааг ашиглан цэвэр байгалийн хонины махаа гадагш өндөр үнээр борлуулах тухай арга ухаан сүвэгчилж явна.
Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд цахим худалдаагаар дамжуулан бараг зуун мянган хонины ашиг шимийг гадагш борлуулсан байна. Энэ нь хэдийгээр манай аймгийн малын худалдааны эзлэх хэмжээ бага байгаа ч цахим худалдаагаар дамжин Хятад улсад борлуулагдах малын ашиг шим өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагаас “Цахим худалдаа + малын ашиг шим” нь хөгжлийн хандлагатай нийцэж, малын худалдааны гол арга хэлбэр болох хандлагатай байгаа гэдгийг харж болно.
