Өвөр Монгол
Үг: Бөхөө
Орчуулга: До.Болдхуяг
Ая: Энхбаяр
Дуучин: Ариунаа
Алтан наран ургаж мандсан
Ангир шаргал Шантын талаа
Асаж бадрахын ерөөл бүрдсэн
Агуу түүхийн өлгий билээ
Өрлөг түүхийн алтан аргамжаа
Өвөр Монгол сайхан нутгаа
Өөдөлж мандахын мянган өлзий
Өргөн түмний жаргалын өлгий
Хөхөөн дуугаар будан татсан
Хөвчийн өндөр Хянган даваа
Хүннү дээдсээс нүүдлийн соёлтой
Хөх Монголын дэлгэр нутаг аа
Давталт
Зандан улаан тэмээ буйлсан
Загийн шугуй элсэн манхаа
Замбуутивийн домог болсон
Захгүй уудам ээрэм талаа
Дахилт

Найдлага
- Нэг насныхаа ухамсарт амьдралыг элгэн нутгийнхаа төлөө зориулсан 90 нас гарсан буурал настан Бөхөө гуай Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулж нэг сайхан дуу зохиохоор санагдана. Аргагүй биз дээ, эх нутгийнхаа төлөө чөмгөө дундартал зүтгэсэн хүн. Гэвч бичье гэхээр гараа даахаа больжээ. Тэгээд хэндээ найдах билээ …
- Өвгөн дурсамжаа бэелүүлхийг санаж, итгэл даах нэгэн залууг дуудуулав. Тэр залуу нь хөгжмийн зохиолч Энхбаяр байлаа. Тэр хорин жилийн тэртээ Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж “Монгол наадам” гэх сайхан дуу зохиож, олны сэтгэлийг татаж байсан .Тэр хүү л итгэлийг дааж чадна .
- Бөхөө дарга хүндээр амьсгалан үгээ зөөж ярина. Энхбаяр хүндэт настны санааг яаран бичнэ. Эх орныхоо төлөө бүхнээ зориулсан өвгөн даргын үнэнч сэтгэлээс “Дууны аялгуу” ундарч байлаа .....
- Энхбаяр олон хоног бодлогошрон нойроо хугаслав. Түүнд өвгөн даргын итгэл найдварыг хөсөрдүүлэх эрхгүй … .Дууны ая хэдийн бэлэн болжээ. Гэвч энэ аялгуунд хэн “ Жигүүр ургуулж ” чадах билээ? Аа … тийм, Болдхуяг дүү гэж байгаа. Настан буурлын шүлгийн санаа, үнэнч сэтгэлийг ойлгуулахын тулд түүнтэй гурван удаа уулзаж ярилцав.
- Болдхуяг дүү санаанд тултал бичсэнд баярлаад дуусашгүй. Өвгөн гуай яг л ингэж бичих байсан мэт санагдана. Дахин дахин уншаад өвгөн гуайн өмнөөс баярлана …
-Үг, ая бэлэн боллоо. Харин одоо хэнээр дуулуулах уу. Энэ дууг чухам хэн чинээнд нь тултал дуулж чадах вэ. Ариунаа, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сангийн элч дуучин Төмрийн Ариунаа …
- Өвгөн бүргэд тэнгэрийн орноос дуугаа сонсон, хөг аялгуунд нь халин нисэж буй байхаа .....

