Жирэмсний 14-26 дахь долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?
2015-12-28 18:21
Арвандөрөв дэх долоо хоногт таны хүүхэд:
Энэ долоо хоногт таны хүүхдийн хамар, уруул болоод амт мэдрэх чадвар сайн хөгжинө. Толгой улам бүр хэлбэржиж, зөөлөн үс ургана. Одоо түүний биеийн өндөр бараг 125 мм бөгөөд ойролцоогоор 56 гр жинтэй болжээ. Энэ үед ургийг харвал эмэгтэй байвал эрээсээ илүү олон удаа амны хөдөлгөөн хийдгээрээ ялгардаг. Энэ үед эхний гурван сард ажиглагдсан дотор муухайрах, бөөлжис цутгах зэрэг таагүй мэдрэмжүүд багасдаг. Магадгүй та жирэмсэн гэдгээ мэдэрснээс хойш анх удаа одоо л нэг эрүүл, тачаангуй бас эрч хүчтэй байгаагаар өөрийгөө мэдэрч болох юм. Хамгийн гайхамшигтай нь та тун удахгүй бяцхан үрийнхээ таны хэвлий дотор хэрхэн хөдөлж буй мэдрэмжийг мэдэрнэ.

Арвантав дахь долоо хоногт таны хүүхэд:
Одоо таны хүүхэд 125-130 мм өндөртэй болж 70 гр жинтэй байх болно. Та одоо хүүхдийнхээ нүүр царайг дурангаар харвал тэрээр нүүрэндээ янз бүрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа. Нэг бол ярвайж, нэг бол цочиж буй аятай дүр төрхийг тэрээр харуулна. Яагаад гэхээр одоо түүний нүүрний булчингууд хөгжиж, чангарч байгаа. Бүх л бяцхан эрхтэнүүд, мэдрэлийн систем, булчингууд нь өөр өөрийн хэлбэрээ олж байна. Түүний элэг нь цөс ялгаруулж эхэлсэн бөгөөд энэ нь удахгүй эхлэх өөхөн давхаргын хөгжилд нөлөөлөх юм.
Мөн нойр булчирхай нь инсулин ялгаруулж, даавар нь элсэн чихрээс энерги болон эргэлдэж байгаа.
Таны хувьд бүсэлхийн тойрог улам бүдүүрч байгаа. Хэвлийн доод хэсэгт жижигхэн товгор мэдрэгдэж байна уу. Энэ бол таны ураг умайдаа хэрхэн хөгжиж буйн илрэл юм. Таны хөхний сүүний булчирхайнууд хүүхдийн анхны хүнсийг үйлдвэрлэхээр шаргуу ажиллаж байна. Магадгүй өглөө орноосоо босохын өмнөхөн хөхний толгой бага зэрэг норсон мэт мэдрэмжийг ч мэдэрч болно. Ийнхүү таны бие одоо уураг үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ нь шинэ төрөх үрд тань хамгаас чухал амин дэм юм.

Арванзургаа дахь долоо хоногт таны хүүхэд:
Одоо таны хүүхэд ойролцоогоор 79 гр жинтэй, 140 орчим мм өндөртэй болсон байгаа. Ихэнх жирэмсэн эхчүүд энэ үеэс хүүхдийнхээ хөдөлгөөнийг мэдэрч эхэлдэг байна. Одоохондоо таны хүүхэд жижигхэн байгаа учраас хөдлөх зай талбай ихтэй байгаа.
Таны хөх өдрөөс өдөрт томорч байгааг нь та мэдрэх болно. Энэ үеэс эхлэн та долоо хоногт дунджаар 450 гр жин нэмбэл хэвийнд тооцогдоно. Харин үүнээс хэтэрвэл хяналтын эмчээсээ заавар зөвлөгөө авч, жингийнхээ илүү нэмэгдэж буй талаар хэлэх хэрэгтэй.
Одоо танд энгийн үеийнхээс илүү хэмжээний илчлэгтэй хүнс тэжээл хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.
Тиймээс өдөрт бага багаар олон удаа хоолловол зохино. Судлаачдын тогтоосноор энгийн эмэгтэй хүн өдөрт 2000 ккал хүнс тэжээл хэрэглэх хэрэгтэй бол жирэмсэн хүн хоёр дахь гурван сараас эхлэн дээрх хэмжээнээс 450 ккал-аар илүү хүнс тэжээл хэрэглэх хэрэгтэй байдаг аж.

Арвандолоо дахь долоо хоногт таны хүүхэд:
Энэ долоо хоногт таны хүүхэд таны гарын алга шиг хэмжээтэй болжээ. Түүний өндөр 160 орчим мм болж, барагцаагаар 112 гр жинтэй болсон байгаа. Одоо тэрээр эхсээрээ дамжуулан шим тэжээлээ авч улам бүр жин нэмэх болно. Түүний бие зөөлөн шар үсээр хучигдсан байгаа. Арьс нь нимгэн хэвээрээ л байна. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараагаас таны хүүхдийн нүд эргэн тойрноо ажиглан хөдлөх болно.
Таны хувьд хөх тань томрохын хэрээр илүү мэдрэмтгий, эмзэг болох бөгөөд заримдаа өвдөж байгаа мэт мэдрэмж төрж болох юм. Умайд тань эхэс улам сайн хөгжиж хүүхдэд шаардлагатай шим тэжээлийг хүргэхийн хамт мөн хорт бодисыг гадагшлуулах чухал үүрэгтэй ажиллаж байгаа.

Арваннайман долоо хоногтойд таны хүүхэд:
Одоо түүний бие өөхөн давхаргаар хучигдаж эхэлнэ. Мөн шүдний хөгжил ч эхэлжээ. Ураг тань одоо таны бие дэх дуу чимээг сонсч чаддаг болсон байгаа. Одоо түүнд таны зүрхний цохилт тодхон дуулдаж байна. Тэрээр одоо 200 орчим мм өндөртэй, 168 орчим гр жинтэй болжээ. Умай тань хүүхдэд чинь одоо ч том өрөө мэт уужим орон зайг бэлэглэж байгаа.
Тиймээс бяцхан ураг тань хүссэнээрээ хөдөлж, яг л усан дотор бүжиглэж буй мэт хөдөлгөөн хийж байна. Түүний нүдний хөгжил идэвхтэй байгаа учраас гэдсэн дээр тань нарны туяа тусахад тэрээр нүдээ аньж, хариу үйлдэл үзүүлж байна.
Энэ долоо хоног юм уу ирэх хэдхэн долоо хоногийн дотор та хүүхдийнхээ анхны хөдөлгөөнийг мэдрэх болно. Таны хэвлийн доод хэсгээр хэн нэгэн зөөлөн шүргээд авав уу гэмээр өхөөрдөм хөөрхөн хөдөлгөөн танд мэдрэгдэх болно. Энэ долоо хоногт та хүүхдийнхээ хүйсийг тодорхойлох хамгийн боломжтой үе юм.

Арванесөн долоо хоногтойд таны хүүхэд:
Таны хүүхэд одоо 225 мм орчим өндөртэй, 238 гаруй гр жинтэй болжээ. Энэ долоо хоногт таны хүүхдийг дурангаар харвал тэрээр нүүр, хүйгээ оролдож байна. Бас дугуй унаж байгаа юм шиг хөлөө эргэлдүүлж, хуруугаа ч хөхөж байгаа гээд бод доо.
Энэ долоо хоногт таны хөх улам томорч, бэлхүүсний тойрог ч бүдүүрсээр байх болно. Умай томрохын хэрээр нуруунд ирэх ачаалал нэмэгдэх учраас нуруугаар тань өвдөж болох юм. Тиймээс намхан өсгийтэй гутал өмсч, нуруугаа аль болох эгцлэх нь өвдөлтийг багасгахад нөлөөлнө. Энэ үед хэвлийдээ тээж буй хүүхэд тань эрүүл төрөх болов уу яах бол гэсэн элдэв айдас эхчүүдийг нөмөрдөг. Ийм үед аль болох тайван байж бүх юм сайхан өрнөж буйг мэдрэхийг хичээгээрэй. Тэгээд ч дийлэнх жирэмслэлт эрүүл саруул төрөлтөөр өндөрлөдөг билээ.

Хорин долоо хоногтойд таны хүүхэд:
Одоо таны хүүхдийн биеийг цайвар өнгийн тосорхог бүрхүүл бүрхсэн байгаа. Энэ нь хүүхдийг орчны усны элдэв сөрөг нөлөөллөөс сэргийлдэг. Энэ үед таны хүүхэд 250 орчим мм өндөртэй, 252 орчим гр жинтэй болжээ. Одоо тэрээр танаас дархлаагаа авч байгаа.
Та жирэмслэлтийнхээ нийт тээлтийн тэн хагасыг туулжээ. Энэ цаг үе бол төрөхдөө бэлтгэх хичээл, дасгал сургуулилтад хамрагдах таатай боломж юм. Одоо таны умай хэвлийгээс ялгарахаар томорсон байгаа. Цаашдаа умайн өндөр долоо хоногт нэг см-ээр нэмэгдэх болно.

Хорин нэг дахь долоо хоногт таны хүүхэд:
Одоо таны хүүхэд 260 мм өндөртэй, 330 орчим гр жинтэй болжээ. Тэрээр уснаасаа хангалттай ууж, шим тэжээлээ авахын хажуугаар амьсгалах дасгалыг тасралтгүй хийж байна. Түүнийг хүрээлсэн ус гурван цаг тутамд шинэчлэгдэж байдаг учраас уснаасаа уух нь түүнд үргэлж шинэ амин дэм бэлэглэнэ. Одоо хүүхдийн тань хөмсөг, сормуус нь гүйцэд ургажээ. Мөн хэл нь амт мэдрэх чадвараа эзэмшиж байна. Одоохондоо тэрээр нүдээ нээгээгүй ч нүд нь маш идэвхтэй ажиллаж байгаа.
Энэ долоо хоногоос эхлэн зарим эмэгтэйчүүд өөрсдийгөө эрч хүчээр дүүрэн, хүчирхэг, гялалзсан шинэ мэдрэмжийг өөрөөсөө мэдэрдэг байна. Та ч бас тэдний нэг байх гэж найдаж байна. Тиймээс энэ үед удахгүй төрөх хүүхдээ асарч ямар ч завгүй болохоосоо өмнө одоо л өөртөө зав гаргах цаг. Гадуур алхах, гоо сайхны газруудаар үйлчлүүлэх гээд өөрийн сонирхсон зүйлсээ ямар ч зовиургүй хийх боломж одоо л гарч байна. Таны умай улам томорч байгаа учраас булчингуудынхаа үйл ажиллагааг сэргэг байлгахын тулд кегелийн дасгал хийсэн ч гэмгүй. Энэ үед таны эмч таныг бэлгийн харьцаанд орохыг хориглосон бол ямар нэг эрсдэл бий гэсэн үг.
Тиймээс эмчийнхээ заавар зөвлөмжийг сайн сахиарай.
Хэрэв таны биед ямар нэг зовиургүй, тэгээд ч эмч хориглоогүй бол та бэлгийн харьцаанд байнга ороход асуудалгүй. Зарим эмэгтэйд жирэмсэн үеийн бэлгийн амьдрал нь улам идэвхжиж, илүү шинэлэг, сайхнаар хосуудын нандин харилцаагаа үргэлжлүүлэх хүсэл төрдөг.

Хорин хоёр дахь долоо хоногт таны хүүхэд:
Таны хүүхдийн тархи одоо маш хурдацтай хөгжиж байна. Одоо тэрээр 275 орчим мм өндөртэй, ойролцоогоор 450 гр жинтэй байна. Тэрээр одоо тав дахь сардаа шилжиж байна. Гарын хумс нь бараг л гүйцэд ургасан бөгөөд бие эрхтэн нь өөр өөрсдийнхөөрөө ажиллаж байна. Хүүхдийн тань шүд болоод арааны анхны үүсгэврүүд нь буйлных нь дор үүсэн хөгжиж байна. Одоо тэрээр дөнгөж төрсөн хүүхэд шиг л харагдаж байгаа. Цус түүний хүйгээр дамжин хурдтайгаар бие эрхтэнүүдэд хүрч, хүчилтөрөгч болоод шим тэжээлийг нь өгч байгаа.
Таны умай улам бүр томорсоор байгаа ч таныг түүртүүлэх хэмжээнд хараахан хүрээгүй байна. Та ядах юмгүй бөхийж, сууж, машинаа жолоодож, ер нь л ямар ч үйлдэл хийхэд хэвлий тань саад болохгүй байгаа. Энэ үед үтрээний шүүрэл ихэсдэг байна. Янз бүрийн үрэвсэл ч таарах нь элбэг. Үтрээ хавиар загатнах, бага зэрэг исгэлэн ч гэмээр юм уу үнэртэй зүйл ялгарах зэрэг нь жирэмсэн эхчүүдэд түгээмэл ажиглагддаг. Гэвч энэ үед дотуур угаалга хийхийг зөвлөдөггүй учраас та эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
Энэ долоо хоногт та өөрт шаардлагатай төмрөө хангалттай авч чадаж байгаа эсэхээ нягтлаарай. Мөн хангалттай хэмжээний ус уу. Эдгээр нь дараагийн хэдэн долоо хоногт үргэлжлэх жирэмслэлтийн үйл явцыг эрүүл саруулаар удирдах боломжийг олгоно. Одооноос эхлэн та хэвлийдээ тээж буй хүүхдээ нүдэнд үл үзэгдэх рентгений гэрэл, гар утасны долгион болон өндөр технологийн хороос сэргийлэхийн тулд шаардлагатай өөрчлөлтийг амьдралын хэмнэлдээ хийх хэрэгтэй.

Хорин гурав дахь долоо хоногт таны хүүхэд:
Одоо таны хүүхдийн биеийн харьцаа дөнгөж төрсөн хүүхдийнхтэй адил болж байгаа ч маш жижиг хэвээрээ байна. Таны хүүхдийн өндөр 291 мм өндөртэй, 453 гр жинтэй байна.
Энэ үед таны таны хяналтын эмч умайг тань хэрхэн сунаж томорч байгааг судална. Таны хүүхэд эрчимтэй өсч томорч байгаатай адилаар таны жин ч нэмэгдэж байгаа. Одоо та магадгүй жирэмслэснээсээ хойш 4-5 кг нэмсэн байх болно. Энэ үеийн бас нэгэн онцлог нь таны эхэс хүүхдийг хамгаалж, хүүхдийн хөдөлгөөнтэй зэрэгцэн байрлалаа өөрчилж байгаа. Эхэс бол хүүхдийг таны бие дотроос тэжээж буй хамгийн чухал үйлчлэгч нь юм.
Дэлхийн өнцөг булан бүрт эхэсийг янз бүрээр тайлбарладаг. Зарим нь үүнийг эмийн дайтай үзэж идэх нь ч бий. Ямартаа ч эхэс бол хүүхэд, ээж хоёрын хооронд цусны эргэлтийг зөөвөрлөж, тэдний цусыг тус тусад нь эргэлдүүлэх чухал үүрэгтэй. 12 долоо хоногтойгоос эхлэн эхэс нь дааврын үйлдвэрлэлээ тогворжуулж, жирэмслэлтийг дэмжих үүргээ биелүүлж эхэлдэг байна.

Хорин дөрөв дэх долоо хоногт таны хүүхэд:
Умайд тань өсөн бойжиж буй үр тань алхах адил хөдөлгөөн хийж, бас тайван унтахдаа тухтай байгаа. Одоо түүний толгойд жинхэнэ үс нь ургаж эхэлж байна. Тэрээр одоо 304 орчим мм өндөртэй, 566 орчим гр жинтэй болжээ. Энэ долоо хоногт та төрвөл таны хүүхдийн амьдрах чадвар 50 хувьтай байх болно.
Энэ долоо хоногоос таны хүүхдийн арьс бага багаар зузааран, өөхөн давхаргууд үүсч байгаа. Түүний гар болон хөлийн хуруунд дахин давтагдашгүй хээ үүсч байна. Магадгүй та одоо хүүхдийнхээ зөөлөн тийрэх, өшиглөх мэдрэмжийг анзаарч байгаа байх. Зарим хүүхэд энэ долоо хоногт дуу чимээнд хариу болгож тийрэх хөдөлгөөн хийдэг байна.
Та шөрмөс татах, дотор гашуун оргих, толгой эргэх болон бөөлжис хүрэх мэдрэмж мэдэрч болно. Энэ тохиолдолд та эмчдээ хандаарай. Учир нь эдгээр нь цус багадалтын шинж тэмдгүүд байж болох юм.

Хорин таван долоо хоногтойд таны хүүхэд:
Одоо таны хүүхэд 679 орчим гр жинтэй, 330 орчим мм өндөртэй болжээ. Дараагийн гурван сард тэрээр энэ жингээсээ хоёр дахин нэмэгдэх болно. Таны хүүхэд хурдан шаламгай хөдөлж хөлөө барьж, бас гараа зангидаж чадаж байна. Энэ үер таны нөхөр хэвлийд тань чихээ наагаад чагнавал түүний зүрхний цохилтыг сонсож чадна.
Энэ долоо хоногт зарим эхчүүдэд дотор муухайрах, толгой эргэх шинж тэмдэг илэрч болно. Мөн нуруу өвдөх нь ч бий. Тиймээс эдгээр зовиуруудыг арилгахын тулд алхах, усанд сэлэх, йогт явах зэргээр жингийн хэт илүүдлээс сэргийлэх хэрэгтэй. Ингэснээр та төрснийхөө дараа ч хурдан сэргэх боломжийг өөртөө олгоно.
Уг нь эмэгтэй хүний бие жирэмслэлтэд төгс зохицсон, жирэмсний үед элдэв зовиур авахааргүй байдаг. Гэтэл орчин үед бидний амьдралын хэмнэл өөрчлөгдөж хэтэрхий удаан суух, алхахын оронд машин барих зэргээр үргэлж жингийн илүүдэлтэй болсоор байгаа нь биед ирэх даралтыг нэмэгдүүлдэг. Тиймээс аль болохоор хөдөлгөөнтэй, идэвхтэй байхыг хичээгээрэй.

Хорин зургаа дахь долоо хоногт таны хүүхэд:
Энэ долоо хоногт таны хүүхдийн нүдний сормуус хоорондоо нийлсэн байсан бол одоо салж эхэлж байгаа. Улмаас нүд нээгдэж эхэлнэ. Уушги нь гадаргуугаараа илүү сайн хөгжиж, өөрөө өөрийгөө хийгээр дүүргэх бэлтгэлээ эхэлжээ. Одоо таны хүүхэд хангалттай сайн унтдаг болж байна.
Тэрээр одоо 355,4 мм өндөртэй, 906 орчим гр жинтэй болж байгаа. Энэ долоо хоног бол таны хүүхдийн хувьд харах болоод сонсох бэлтгэл сургуулилтынх нь хамгийн чухал үе. Таны хүүхдийн сонсох эрхтэний систем хөгжиж, хэлбэр дүрсээ ч олж байна. Ирэх хэдхэн долоо хоногийн хугацаанд тэрээр дуу чимээнд илүү мэдрэг болно. Магадгүй чанга дуутай газар очиход таны хүүхэд хариу үйлдэл болгон хүчтэй тийрэхийг нь та мэдрэх болно.
Бас түүний нүд бараг бүрэн гүйцэд хөгжжээ. Эхийн хэвлийдээ байхдаа бүх хүүхдийн нүд цэнхэр өнгөтэй байдаг гэдгийг та мэдэх үү. Учир нь тэднийг төрөх хүртэлх хугацаанд нүд нь өөрийн өнгөө олж амжаагүй байдаг байна. Энэ долоо хоногт таны хүүхдийн уушгины хүүдий хөгжиж дуусах бөгөөд дараагийн хэдэн долоо хоногийн турш амьсгалахад бэлтгэх болно.
Энэ долоо хоногоос эхлэн таны хувьд унтахад бага зэрэг тавгүй болж мэдэх юм. Тиймээс аль болох зүүн талаараа унтахыг хичээгээрй. Өдрөөс өдөрт томорч буй хүүхэд тань таныг дээшээ харж хэвтэхэд нуруу болон бөөрийг дарж танд таагүй мэдрэмж төрүүлнэ.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
