solongonews
Онцгой “ээж” болон түүний хайртай хүүхдүүд
2021-01-13 14:48
Онцгой “ээж” болон түүний хайртай хүүхдүүд

Өхөөрдөм жижигхэн хуруугаараа орчлонг тэмтчиж, нарны гэрэл, цэцэг навч гэж юу байдгийг ч мэдэхгүй, урдаа юу байгааг, номын хуудсаа ямар өнгөөр будаж байгаагаа мэдэхгүй хараагүй хүүхдүүд бий.

Харааны бэрхшээлийн сургалт нь хараагүй хүүхдүүдийн хувь заяаг өөрчлөх үйлс юм. Миний сэтгэлд хүүхэд бүхэн цэцэглэж буй модтой адил, би тэдний нар, бороо байхад бэлэн байна. Тэднийг мөрөөдөл, амьдралаа гэрэлтүүлэхэд нь тусална гэж Чэнь Яньжя ярив.

28 настай Чэнь Яньжя нь Чүньчин хотын онцгой сургалтын төвийн багш. 2014 онд хятад хэл утга зохиолын мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн тэрээр хараагүй хүүхдүүдэд бичиг заах онцгой сургалтын замыг сонгосон юм. Чэнь Яньжя:

- Бага байхдаа багшийн хүүхэд хүмүүжүүлсэн онцгой түүхийг үзсэн. Багшийн нарийн нямбай, тэвчээртэй сургалтын ачаар өөрийгөө голдог, дэггүй байсан хүүхдүүд тийм хандлага гаргахаа болив. Тус түүх нь надад маш их сэтгэгдэл үлдээж түүнээс хойш би онцгой багш болох мөрөөдөл өвөрлөж явсан.

Анх сургуульд ороход Чэнь Яньжя харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл орж байсан туршлагагүй байв. Хичээлийн зохион байгуулалт, ширээний төлөвлөлт, сурах бичгийн захиалга, хараагүй хүүхдүүдийн бичгийн хэрэгсэл худалдаж авах гэх мэт бүх ажлаа сургуулийнхаа багш нараас асуудаг байлаа. Мөн "Хятадын хараагүйчүүдийн бичиг", "Хараагүй хүүхдүүдэд зориулсан бага сургуулийн сурах бичиг, сургалтын арга зүй"-г бие даан сурсан байна.

Хятад хэлний багшийн хувьд сургалтын хэрэглэгдэхүүн байхгүй тохиолдолд хятад хэлний хичээл болгонд олон тооны физик сургалтын хэрэглэгдэхүүн, дуу авиа, ханын зураг, үгийн сангийн картыг урьдчилан бэлтгэж, хүрэх, сонсох, үзэх, тоглох зэргээр хүүхдүүдэд хараагүйчүүдийн бичиг болон хятад үсэг заадаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүр хүнд зовлонг их мэдэрдэг учраас тэдэнд илүү анхаарал халамж хэрэгтэй байдаг. Онцгой сургалтын багш нар зөвхөн сурган хүмүүжүүлэгч төдийгүй хүүхдүүдийн "эцэг эх", үе тэнгийнхэн, сонсогч юм. Тэдний хичээл сурллагад илүү анхаарч, амьдралд нь санаа тавьж, хүүхдүүд гэр бүлтэйгээ зөрчилдөхөд сайн зуучлагч болох хэрэгтэй.

15 настай Шяо Жюньхао бол Чэнь Яньжяын сурагч. Анх сургуульд орохдоо 7 настай, маш жижиг биетэй байсан. Тэр үед хувийн эрүүл ахуйгаа сахих нь бүү хэл чөлөөтэй явж чадахгүй байв.

Хараагүй хүүхдүүд өөрсдийгөө голон амьдралаасаа хөндийрч, ирээдүйн амьдралдаа итгэх итгэлгүй байдаг. Шяо Жюньхао ч яг ийм хүүхдийн нэгэн байжээ. Түүний зүрх сэтгэлийг ойлгохын тулд хичээл тарсны дараа Чэнь Яньжя багш ихэвчлэн түүний гараас хөтлөн оюутны хотхоноор хавар, зун, намар, өвлийг түүнд мэдрүүлж түүнд улаан цэцэг, ногоон навчны өнгийг дүрслэн хэлдэг байв.

- Тэд харж чадахгүй болохоор тэднийг тэвэрч, хөтөлж байх хэрэгтэй. Иймэрхүү бие махбодын холбоо нь тэдэнд анхаарал халамж мэдрүүлж чаддаг.

Чэнь Яньжя багшийн сургалтаар Шяо Жюньхаогийн нүүрэнд аажмаар инээмсэглэл тодрох болсон. Тэрээр чимээгүйхэн хичээж эхэлсэн бөгөөд чиг баримжаагаар алхах хичээлээр ангиар чөлөөтэй алхаж сураад зогсохгүй өдөр тутмын амьдралаа зөв зохицуулж чадах болжээ.

Шяо Жюньхао одоо 06-р ангид суралцах болжээ. Тэр "Сургуульд сурч байгаа энэ цаг миний хамгийн аз жаргалтай үе. Чэнь багш миний ээж шиг надад мэдлэг олгоод зогсохгүй бусадтай хэрхэн эв найртай байхыг зааж өгсөн. Эндээс би мөрөөдлөө олсон, би бүрээ үлээх дуртай, ирээдүйд бүрээчин болно" гэлээ.

Хүүхдүүдэд мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалдаг Чэнь Яньжя бас өөрийн гэсэн мөрөөдөлтэй. "Хүүхдүүд маань юу ч чадахгүй байсан бол одоо бусдын дэмжлэггүйгээр чөлөөтэй алхах, янз бүрийн арга хэмжээнд оролцох, өөрсдийн ур чадвартай болсон. Мөн мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөж байгааг нь хараад би маш их бахархаж байна. Тэдний төлөө би чадах бүхнээ хийх болно" гэлээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл