Гаалийн ерөнхий газраас 06-р сарын 21-ний өдөр мэдээлснээр: 2022 оны эхний таван сард Хятад улс болон БРИКС-ийн дөрвөн орон болох Орос, Бразил, Энэтхэг, Өмнөд Африкийн хоорондын хоёр талын худалдаа үргэлжлэн өсөж, импорт экспортын нийт хэмжээ 1.31 их наяд юаньд хүрэн, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.1 хувиар өссөн нь Хятад улсын гадаад худалдааны мөн үеийн нийт өсөлтөөс 3.8 пунктээр өндөр болсон байна.
Тодруулбал, эхний таван сард Хятад улсын БРИКС-ийн бусад орнуудад хийсэн экспорт 656 тэрбум юаньд хүрч, 18.1 хувиар өссөн бол импорт 651.71 тэрбум юаньд хүрч, 6.6 хувиар өссөн байна.
Улс орны хувьд Орос бол БРИКС-ийн орнуудын дунд Хятад улсын хамгийн том түнш болох бөгөөд эхний таван сард хоёр талын худалдааны нийт хэмжээ 419.8 тэрбум юаньд хүрч, 26.5 хувиар өссөн байна. Үүний дотор экспорт 156.7 тэрбум юань болж, 5.2 хувиар өссөн бол импорт 263.1 тэрбум юаньд хүрч, 43.9 хувиар өсжээ. Үүнээс бусад, Хятад улсын Бразилд хийсэн импорт экспортын хэмжээ 41 тэрбум юань болж, 7.3 хувиар өсөж, Энэтхэгт хийсэн импорт экспортын хэмжээ 344.25 тэрбум юань болж, 10 хувиар өсөн, Өмнөд Африкт хийсэн импорт экспортын хэмжээ 128.65 тэрбум юань болж, 5 хувиар буурсан байна.
Импорт, экспортын гол нэрийн барааны хувьд Хятад улсын БРИКС-ийн бусад орнуудад экспортолж буй нийт үнийн дүнгийн 69.7 орчим хувийг механик болон цахилгааны бүтээгдэхүүн, хөдөлмөр их шаарддаг бүтээгдэхүүн эзэлж, эрчим хүчний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, металлын хүдэр, ашигт малтмалын элс зэрэг нь Хятад улсын БРИКС-ийн бусад орнуудаас импортолж буй нийт импортын 76.3 орчим хувийг эзэлж байна.
Хятад улсын БРИКС-ийн бусад орнуудтай хийж буй хоёр талын худалдаа харилцан бие биенээ ихээхэн нөхөж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. БРИКС-ийн орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа гүнзгийрснээр Хятад улсын БРИКС-ийн бусад орнуудтай хийсэн импорт, экспортын хэмжээ өнгөрсөн оноос хойш үргэлжлэн өсөх хандлагатай байна.
