solongonews
Ажилсаг, арвич зангаар амьдралаа өөдлүүлсэн бүсгүй
2017-07-28 10:54
- “Үйлс” цайны газрын эзэн Оюунхуарыг сурвалжилснаа та бүхэндээ хүргэе.

        Малчид хот орж үйл ажиллагаа эрхлэхэд нэн түрүүнд хөрөнгө мөнгөний асуудал тулгардаг нь мэдээж. Үүнд, заримд нь мал унаагаа худалдан аргалдаг бий, газар нутгаа урт хугацаагаар түрээсэлж байгаа нь ч бий, бас зарим нь өндөр хүүтэй зээл авч байна. Ийнхүү янз бүрийн аргаар хөрөнгө мөнгө цуглуулж үйл ажиллагаа эрхэлж байхад харин чимх чимхээр цуглуулж хадгалсан мөнгөөрөө хөдөлмөрлөж яваа хүний нэг бол Зүүн Үзэмчин хошууны Улиастай суурингийн Энхжаргалан гацаанд нутагтай Оюунхуар юм.

 Оюунхуар 2008 оноос эхлэн Зүүн Үзэмчин хошууны төв Улиастай суурин дахь хоолны газар зэрэг газруудаар хөлсний ажил хийхийн зэрэгцээ хоол унд хийхээс эхлэн хот газар худалдаа наймаа эрхлэхийн ухааныг сурч эзэмшиж явжээ. Ийнхүү хэдэн жилийн туршид хөлсний ажил хийж бага багаар цуглуулсан хөрөнгө мөнгөөрөө 2011 онд улиастай суурингийн Лү Нань зээлд жижигхэн гэр түрээслэн монгол боов боорцог хайрч эхэлсэн байна. Түүний хайрсан боов нь хажуу хавийн хүмүүсийн таашаалд хүрч, ашиг орлого нь ч бага багаар нэмэгдэж арвилан гамнасны ачаар нэгэн багахан хэмжээний хоолны газар ажиллуулах мөнгөтэй болов. Улмаар 2013 онд Улиастай суурингийн Билэг зээлд хэдхэн ширээ тавьчихсан жижигхэн гэр түрээслэн Үйлс цайны газраа нээж, амархан хийж болох монгол хоол хийхийн дагуу боов боорцог хайран гурил идээгээ дагалдуулан хийжээ. Ийнхүү бага багаар цуглуулж хуримтлуулснаар хоолны газарт хэрэглэх бүх зүйлээ бүрдүүлчихсэн байдаг.

Жижигхэн гэр дэх монгол хоол нь дажгүй орлоготой болохоор тэндээсээ арай томхон байранд шилжив. Санаанаас гадуур гийчин зочин олширч орлого нь ч мэдэгдэм нэмэгдэв. Тэгээд Оюунхуар хэдэн хээнцэр өрөөтэй томоохон гэр түрээсэлж нүүсэн байна. Энэхүү гэрээ эвтэй сайхан засаж чимэглэсэн бөгөөд ардаа уужим хүрээ хашаатай байснаар монгол гэрээ авчирч барьжээ. Тэгсэн чинь тусгайлан монгол гэрт нь хооллох хүн олширсон байна. Үйлс цайн өрөө ингэж л идэг идгээр хөгжин дээшилж, энэ жилийн 4 дүгээр сард хоёр давхар барилгад шилжин монгол хоолон гэрийн эгнээнд мөр зэрэгцэн урагшилж явна.

Оюунхуар хоол цайгаа хэзээд өөрөө гардаж хийдэг бол нөхөр Цагаанбар нь ногоо хуурах ажлаа амт шимттэй гялалзтал хийдгээс хүмүүс тэр хоёрыг гар тэнцсэн хос хэмээн магтацгаадаг билээ. Гийчин зочин олшрохыг дагаад тэд хоёул завдахгүй болохдоо нэг гурилан хоол хийдэг тогооч хөлсөлжээ. Хэдийгээр хүн хэрэглэж байгаа боловч Оюунхуар хэзээд хажуу хавиас нь зааж дохидгоос монгол хоолны үнэр амт ерээс хувирдаггүй. Хоолны газар нь орон нутгийн онцлогт үзэмчин буузнаас эхлээд битүү шөл, бүхэл шүүс зэрэг уламжлалт идээ бүрэн бий. Эднийх хонь малаа хөдөөнөөсөө авчран нядалж хэрэглэдгээс махны чанарын тал дээр асуудалгүй. Ингэж л чанарыг батлан сайн үйлчилгээ хангадаг учир олон гийчин зочны таашаалд нийцнэ.

- Бид өөрийн хүчээрээ чимх чимхээр мөнгө цуглуулан идэг идгээр энэхүү цайн өрөөгөө өнөөдрийн хэмжээнд хүргэсэн. Ер нь зах зээлд хөлөө олно гэдэг олон зүйлийн арга ухааныг сурч туршлага хуримтлуулах бол хамгийн чухал нь гэдгийг эдгээр жилийн турш ойлгож мэдлээ хэмээн Оюунхуар ярьж байлаа.

Үйлс мөрийг үйл ажиллгаа гэрчилнэ гэдэгчлэн 2015 онд Шилийнгол аймгийн Үзэмчин хонины үйлсийн нийгэмлэгийн анхдугаар удаагийн “Хам амттай үзэмчин бууз шалгаруулах” тэмцээнд Оюунхуарын хийсэн үзэмчин монгол бууз нь дээд наймд шалгарсан шилдэг амжилтад хүрсэн билээ.

 

 

Зохиогч: Э.ТУЯА
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл