2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Хятадын үндэстний морин уралдаан·2017 оны уламжлалт холын зайн уралдааны гурав дахь уралдаан болох Шилийнхот дахь уралдаан амжилттай боллоо.
Хятад улсын адууны үйлсийн нийгэмлэг голлон санаачилж, Шилийнхотын Ардын Засгийн Газар, Шилийнгол Ажил Мэргэжлийн Дээд Сургууль хариуцан зохион байгуулсан энэ удаагийн уралдаан Шилийнхотын Олонтохойн үзэсгэлэнт районд болж, уралдаанд Хэ Бэй, Бээжин, Шань Дүн, Өвөр Монголын бүхий л газраас ирсэн 150 гаруй уяачид хурдан хүлгээ хурдлуулсан байлаа. Хятадын үндэстний морин уралдаан ·2017 оны уламжлалт холын зайн уралдаан нь монгол морь, эрлийз морь, цэвэр цусан удмын морь хэмээн ялгалгүйгээр уралдаанд оролцох нөхцөлийг хангасан морьдыг уралдаанд оролцуулдаг бөгөөд хэрвээ биеийн өндөр нь 1.42 метрээс бага байгаа орон нутгийн морь дээд наймд орвол шагнал нэмж олгодог нь тус морин уралдааны бас нэгэн онцлог байлаа. Уралдаанд оролцох унаачид нь 12 наснаас дээш байх, морин уралдааны тусгай малгайг өмсөх, уралдаанд хурдлах морь нь бүхэл таван нас буюу түүнээс дээш байх зэрэг шаардлага тавьдаг. Уралдааны зам шугамаа тухайн газар орны байдлыг үндэслэн тохируулдаг байлаа. Энэ удаагийн Шилийнхот дахь уралдааны талбайг Олонтохойн мушгираа ихтэй зам шугамд тохируулж, уралдааны шугамыг 26 километрээр тогтоосон ажээ. Уралдаан эхэлмэгц уралдааны морьд хөвчөөсөө салсан сум шиг сугаран гарч хурдална. Хашир унаачид замын байдлаа үндэслэн хурдан хүлгийнхээ хурдыг тааруулан хурдлуулахад яарсан нэг нь эхэлмэгц хүлэг морио хэт хурдлуулснаас замын дундаа морио мохоож байгаа явдал ч хааяа харагдана. Морь уралдах гэдэг нь морины хурдыг шалгахаар барахгүй унаачийн мэргэжлийг ч шалгадаг. Тиймээс морь уралдахад зөвхөн сайн морь байгаад болох биш, морио зүйтэй сайхан хурдлуулж чадах унаач байх нь маш чухал байдаг ажээ. Ингээд бодохоор хар бага наснаасаа уралдааны морины нуруунд өсөж, зургаа долоо хүрмэгц л алсын зайн морин уралдаанд эзэн болж явдаг монгол хүүхэд гэж үнэхээр хялбар бус ажээ.
Барианы цэг ойртоход уралдаан илүү хурц ширүүн болж, уралдааны морьд нэг нэгтээ мөчөө өгөлгүй хурдалсаар ар араасаа барианы цэгт хүрч ирэхэд Зүүн Үзэмчин хошууны уяач Сайнбаярын морь тэргүүн магнайд ирж, Шилийнгол Ажил Мэргэжлийн Дээд Сургуулийн морин спортын салбарын Сүнь Хуайминий морь хоёрт ирж, Хөвөөт шар хошууны Ма Шипингийн морь гуравт ирж, тус тус 90 мянган юань, 40 мянган юань, 20 мянган юанийн шан гардаж билээ.
Энэ удаагийн уралдаанд би нэг морь авч ирэн уралдуулаад тэргүүллээ. Ийм томоохон уралдаанд хүлэг морио хурдлуулж тэргүүн шан гардсандаа маш баяртай байна гэж уяач Сайнбаяр сэтгэл догдлон ярина. Хятадын үндэстний морин уралдаан ·2017 оны уламжлалт холын зайн морин уралдааны Шилийнхот дахь уралдаан бүх талын хүчтэй дэмжлэгээр ийнхүү амжилт төгөлдөр боллоо. Ань Хүй муж ба Шулуун хөвөөт цагаан хошуунд болсон өмнөх хоёр удаагийн уралдаанд монгол морь нэлээд оролцож өндөр амжилт гаргасан бол энэ удаагийн уралдаанд оролцсон морьдын олонх нь хагас эрлийз морь байж, цул үүлдрийн монгол морь харин маш цөөн байсан аж. Энэ нь Шил нутагт ган гачиг үргэлжилж, уяачид морь уяхад нөлөөлснөөс болсон байх.
