
05 дугаар сарын 19-н БНХАУ-ын “Аялал жуулчлалын өдөр”. 2011 оноос эхлэн Хятадын Төрийн Зөвлөлийн Байнгын хурлын шийдвэрээр жил бүрийн 05 дугаар сарын 19-ний өдрийг “Хятадын аялал жуулчлалын өдөр” болгохоор тогтоожээ. Тус өдөр Хятадын аялал жуучлалын орнууд тасалбарын хөнгөлөлт үзүүлэх зэрэг маш олон арга хэмжээг зохион байгуулан, жуулчдыг өөртөө татдаг байна.

Энэ өдрийг тохиолдуулан Хятадын Шуудангийн газраас уламжлал болгон гаргадаг “Хятадын эртний хот” нэртэй тусгай маркийнхаа гурав дахь цувралыг хэвлэжээ. Энэхүү шуудангийн марк нь багцандаа дөрвөн ширхэгтэй. Марк дээрх зураг болон нэрээрээ ялгаатай гэнэ.
Тодруулбал: Тяньжинь хотын Сичин дүүрэг, Хэбэй мужийн Ённян шянь, Жэжян мужийн Жяншань хот, Хунань мужийн Ёншунь шянийг тус тус марк дээр дүрсэлжээ. Марк нь дөрвүүлээ нийлээд дөрвөн юанийн үнэтэй бол тус бүрийн үнэ нь 0.8-1 юань аж.
“Хятадын эртний хот 1” шуудангийн маркийг хамгийн анх 2013 оны тавдугаар сарын 19-нд хэвлэж байжээ. Энэ марк нь найман ширхгээс бүрдэнэ. Харин хоёр дахь цувралыг 2016 оны тавдугаар сарын 19-нд хэвлэсэн бөгөөд зургаан ширхэгтэй гэнэ. Энэ удаагийнх тус цувралын гурав дахь нь бөгөөд дөрөв дэх цувралыг гурван жилийн дараа буюу 2022 онд гаргах магадлалтай юм.
Эртний хотууд нь Хятадын соёлын өвөрмөц онцлогийг бүрдүүлдэг. Түүнчлэн “Хятадын эртний хот” цуврал марк нь Хятадын төрөл бүрийн онцлогтой эртний хот, тэдгээрийн уламжлалт барилгын хийц, архитектурын онцлог, ёс заншлыг илтгэн харуулдаг байна.
