“Бүс ба зам” санаачилга олон оронд харилцан ашигтай, хамтдаа хөгжих шинэ шинэ боломж нээсээр байна. Цаашид ч гэсэн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааг илүү өргөн цар хүрээтэй, өндөр түвшинд хөгжүүлэхэд туслах юм. Дэлхийн банкны тайланд 2030 он гэхэд “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт дэлхий дахинд 7.6 сая хүнийг үгээгүй ядуурлаас, 32 сая хүнийг ядуурлаас ангижрахад тусална хэмээн дурджээ.
2019 онд Улаанбаатар хотын “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж эхлүүлсэн юм. Байгууламжийг барьж дууссаны дараа Улаанбаатар хотын бохир усны асуудлыг шийдэж, усны чанар, экологийн орчныг ихээхэн сайжруулна. Монгол улсын ерөнхий сайд асан У.Хүрэлсүх: Улаанбаатарын олон барилга байгууламж Хятадын ард түмний тусламжаар баригдсан, хоёр орны найрамдлын гэрч юм. Төв цэвэрлэх байгууламжийн төсөл бол Улаанбаатарчуудын хүсэн хүлээсэн бүтээн байгуулалт мөн. Ашиглалтад орсны дараа хотын амьдрах орчин эрс сайжирч, Монгол, Хятад хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны үлгэр жишээ төсөл, хоёр орны ард түмний найрамдлын шинэ бэлэг тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна гэж хэлж байсан юм.
Саяхан Мозамбикийн ерөнхий сайд До Росарио хөдөө аж ахуйн үндэсний чуулганд оролцохдоо Хятад Африкийн Xai-Xai хөдөө аж ахуйн төсөл хариуцсан Хятадын компанид "Шилдэг хөдөө аж ахуйн нэгж" шагналыг гардуулжээ. Уг төслийг анх эхлүүлэх үед ердөө арван хэдэн тариачин өрх байсан бол одоо 2000 гаруй түнштэй болж, Хятадын хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи Мозамбикийн фермерүүдийн бизнесийг дэмжиж байна. “Бүс ба зам” санаачилга орон нутгийн ард иргэдийн амьдралыг дээшлүүлж, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд түлхэц өгсөн гэж Мозамбикийн Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын сайд Хигино Маруле ярьж байлаа.
Хятадын компанийн гүйцэтгэн хэрэгжүүлж буй усан цахилгаан станцын Карума төсөл бол Уганда улсын "Дэд бүтцийн шилдэг арван төсөл"-ийн нэг бөгөөд ашиглалтад орсны дараа тус улсын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, эрчим хүчний хомсдлыг арилгах юм. Буйд бөглүү тосгон байсан Карумад одоо зочид буудал, дэлгүүр, оффисын барилга байгууламж сүндэрлэн босжээ. Тосгоны дарга Северино Опио "Ирээдүйд усан цахилгаан станц экологийн аялал жуулчлалыг дайчилж, бидний амьдрал улам сайжирна” хэмээн ярьж байлаа.
“Бүс ба зам” санаачилга Хятад болон дэлхийн хамтын хөгжлийг ахиулах холбоос юм. “Бүс ба зам”-ыг “ядуурлыг бууруулах, эдийн засгийг өсгөх зам” болговол цар тахлын дараах дэлхийн хөгжлийг итгэл найдвар, эрч хүчээр сэлбэнэ хэмээн Казахстан дахь Дэлхийн казакуудын конгрессын дэд дарга Ханат Бесек үзэж байна.
2020 онд цар тахлын хүнд нөхцөлд, зам дагуу орнуудад БНХАУ-аас хийсэн шууд хөрөнгө оруулалт 17.8 тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оны мөн үеэс 18.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хятад-Лаосын төмөр зам, Жакарта-Бандуны төмөр зам зэрэг олон төсөлд ахиц гарсан. Энэ оны эхний улиралд “Бүс ба зам” дагуу орнууд Хятад улсад 1241 аж үйлдвэр шинээр байгуулсан нь 2020 оны мөн үеэс 44 хувиар нэмэгдсэн бол бодит хөрөнгө оруулалт 3.25 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 64.6 хувиар өссөн байна.
Хятадын компанийн гүйцэтгэн байгуулсан Аддис Абаба-Жибути чиглэлийн төмөр зам бол Зүүн Африкийг дэд бүтцээр холбох төсөл юм. Цар тахлын үед тус төмөр замаар 1.5 сая гаруй тонн эд бараа, халдвараас урьдчилан сэргийлэх материал, үйлдвэрлэлийн түүхий эдийг Жибути боомтоос Этиоп хүртэл тасралтгүй тээвэрлэн 2020 оны ачаа тээврийн хэмжээг 35 хувиар нэмэгдүүлсэн байна.
Хятадын компаниудын хөрөнгө оруулж, ашиглалтад оруулсан Албанийн Тиранагийн олон улсын нисэх буудал, Bankes нефтийн орд тус улсын эдийн засгийг дэмжиж, орон нутгийн ард иргэдэд олон арван ажлын байр шинээр бий болгожээ.
Хятадын эдийн засаг сэргэх тусам Азийн болон дэлхийн эдийн засагт асар их эерэг нөлөө үзүүлдэг билээ. “Бүс ба зам” хамтын ажиллагаа бүс нутгийн түншүүддээ ажлын байр шинээр бий болгох замаар Азийн орнууд, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд түлхэц өгч байна гэж Филиппиний судлаач Люсио Питлоу хэлсэн юм.
