Шилийнгол аймаг малын үүлдрийг сайжруулах зорилготой гаднаас үр ашгаар өндөр симентар үхэр оруулан, үхрийн үүлдрээ сайжруулсан байна. Одоо ч мөн гаднаас их хэмжээний симентар үхэр ба ангис хар үхэр оруулан үхрийн үүлдэр угсааг сайжруулж байна.
Симентар үхэр маллахад арчилгаа их ордог гэдгийг олон жил симэнтэр үхэр малласан Шулуунхөх хошууны Сангийндалай суурингийн Энхийнбулаг багийн хашир малчин Авирмэдтэй ярилцаж байхдаа мэдэж авсан юм. Малчин Авирмэд 1996 оноос эхлэн үхрийн үүлдрээ сайжруулжээ. Хорин жил шилдэг үүлдрийн үхэр сонгон бойжуулж явсан болохоор симэнтэр үхэр маллаж олон арван туршлага хуримтлуулсан байдаг. “Симентар үхэр маллахад юуны тэргүүнд хашаа саравчны бүтээн байгуулалтыг сайтар хийж, хэвтэр дулаан байх талыг анхаарах хэрэгтэй. Симентар үхэр нутгийн үхрээс бээрэг. Нутгийн үхэр өвлийн цагт манхны нөмөрт хоноход ажиггүй байхад симэнтэр үхэр харин болдоггүй. Тиймээс симентар үхэр маллахад хашаа саравчны бүтээн байгуулалтыг сайтар хийсэн байх хэрэгтэйг” Авирмэд гуай бидэнд ярилаа. Манай малчид хамгийн анх симентар үхэр оруулан маллаж байхдаа үүнийг умартсанаас симэнтэр үхрийнхээ хөл, чих, сүүлийг хөлдөөсөн буюу цаашлан үхэр нь хөлдөж үхсэн тохиолдол ч гарч байсан юм. Тиймээс малчид шилдэг үүлдрийн симентар үхэр оруулж маллахдаа юун тэргүүнд дэд бүтцийн бүтээн байгуулалтаа сайн хийж, өвлийн хүйтнийг мэнд туулах бэлтгэл бүрэн байх хэрэгтэй.
“Симентар үхэр ашиг орлого өндөр байдаг ч идэш нь их” хэмээн нутгийн малчдын ярьж байгааг олон удаа сонссон. Мөн хашир малчин Авирмэд гуайтай ярилцаж байхад малчдын ингэж ярьж байсан нь буруугүй гэдгийг мэдсэн билээ. “Симентар үхэрт илүү урт хугацаанд тэжээх хэрэгтэй. Би үхрээ бараг зургаан сар хиртэй тэжээж, өдөрт нэг үхрийн 1.5гр бордоо, 10 кг өвс өгдөг. Симентар үхрийг сайн тэжээхгүй бол амархан эцэж турдаг” гэж Авирмэд гуай өөрийн туршлагаасаа хуваалцав. Цаг ямагт тарга хүчийг нь анхааран үзэж, өвс бэлчээрийн байдал, цас зуд зэргийг үндэслэн тэжээх хугацаагаа тогтоох хэрэгтэй. Өвөл бордоо их өгвөл тарга хүчийг нь хадгалахад сайн байдаг. Малчин Авирмэд тугалсан үнээгээ бараг 8 дугаар сар хүртэл бордон тэжээдэг байна. “Зун яагаад бордоо тэжээл өгдөг юм бэ?” гэж сонирхон асуухад “тугалсан үнээгээ бараг 8 дугаар сар хүртэл тэжээдэг нь үнээний тарга хүчийг хадгалах юм. Шим тэжээл нь хүрэхгүй бол тарга хүч нь ч муу болж, ороо орохгүй болдог. Тиймээс илүү тэжээж бордвол ороо ороход тустай” гэлээ.
Үүнээс гадна тарилгыг цаг тухайд нь хийх, тэжээл бордоог нь тохируулж өгөх зэргийг үргэлж анхаарч байдгаас тэдний үхэр тарга хүч сайнтай байдаг бөгөөд тугалах хугацаандаа тугалдаг байна. Малчин Авирмэд гуай ингэж олон жилийн туршлагаараа симэнтэр үхэр арчлан маллаж ирснээс тэдний эр тугал 10 мянган юаньд хүрч, тавиад үхрээсээ жилдээ 200 мянган юанийн орлого олдог. Тиймээс малчид өндөр үр ашигт симэнтэр үхэр маллаж орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл арчилгааг чухалчлах хэрэгтэй.
