Саяхан Өвөр Монголын Хянган аймгийн Түчюань шяний Баошэн тосгоны тариачин Сүн Фүрүнгийнханд хүрэхэд хүрээнийх нь гаднаас тахианы дуун сонсогдож байлаа....
Сүн Фүрүнгийн гэргий Бэй Хунчинь хэрчсэн цагаан ногоо, сонгиноо атга атгаар тахианы чингэлэгт хийхэд 90 гаруй тахиа гүйлдэж ирээд булаалдан иднэ. Энэ жил 73 настай Сүн Фүрүн 2015 онд бүртгэлтэй ядуу буурай өрх болов. 2017 оноос 2019 он хүртэл Сүн Фүрүн ханьтайгаа 300 гаруй тахиа тэжээжээ. Бордоо биш, харин будаа ногоогоор тэжээсэн тахиа болохоор хэрэглэгчдийн таашаалд хүрч, өвгөн хөгшин хоёул олны сайн танил болж орлого нь нэмэгдэн, маш түргэн хугацаанд ядуурлаас ангижрав.
- Өмнө нь хэдэн мү /нэг га =15 мү/ тариа тарьж амьдралаа аргацааж байсан. Сүүлээр нь өвчлөөд тариагаа тарьж дийлэхгүй болж, тариан газраа бусдад түрээслүүлсэн. Тэгээд Лүхуа тахиа тэжээгээд амьдрал нь улмаас улам сайжирч, амьдралдаа итгэл дүүрэн болсон гэж Сүн Фүрүн хэлж байлаа.
Энэ хоёр жилд Түчюань шянь онцлогт тэжээн үржүүлэх аж ахуйг хөгжүүлэхийг ядуурлыг бууруулах шинэ арга зам болгож, “Хөрөнгө оруулалт бага, богино хугацаанд олон удаа үржин төлждөг, үнэ ханш сайн, үр ашиг олох нь түргэн” Лүхуа тахиа тэжээх аж ахуйг ядуурлаас ангижруулах төсөл болгожээ. Үүгээр 7000 гаруй ядуу буурай өрхийг дайчлан тэжээврийн аж ахуй эрхлүүлэн тэтгэв. Ингэснээр Лүхуа тахианы тоо толгой 540 мянгад хүрч, үхэр, адуу, элжиг, хонь, гахайн тоо толгой 26 мянгад хүрсэн байна.
Одоогийн байдлаар тус шяний бүртгэлтэй 11606 ядуу буурай өрхийн 8000 гаруй өрх нь хүрээ хашааны аж ахуйн төсөлд хамрагдсан бөгөөд хамрагдсан хэмжээ 70 хувьд хүрч, өрх бүрийн орлого дунджаар 3550 юаниас дээш хэмжээгээр нэмэгдэв. Ийнхүү хүрээ хашааны аж ахуйн төсөл тус шяний нийт тариачин өрхийн 3.25 сая кавдрат метр бүхүй хүрээ хашаанд “суурилав”.
Энэ намар Түчюань суурингийн Чяньжинь тосгоны тариачин Ли Шюечюаний талын тарианы ургац нэлээд сайн бөгөөд элбэг хураалттай болсонд тэрээр их баяр хөөртэй байлаа. Өдөр бүр тариалангийн газраа хянан шалгахаас гадна, илүү олон цагаар хүнсний ногооны хашаандаа ажилладаг. 3 мү гаруй талбай бүхий хүнсний ногооны хашаандаа цагаан ногоо, сонгино, чинжүү зэргийг дүүртэл тарьжээ. Нарийн арчилж нямбай ажилласнаар хашаан дахь ногоо нь ургац сайтай байлаа. Тэрээр: “Тосгоны уриалга дайчлалын дор хүрээ хашааны аж ахуйг хөгжүүлэхээр хүнсний ногоо тарьжээ. Өөрийнхөө хэрэгцээг хангахаар барахгүй бас худалдаад бага сага орлого олчихно. Жилд 2 удаа тарьдаг, бор саримсаа хураасны дараа цагаан ногоо, чинжүүгээ тарина. Энэ жил цагаан ногоо, чинжүү худалдвал ойролцоогоор 5000 ~ 6000 юаний орлого олно. Өмнө нь хүрээ хашааны энэ жижиг газрыг тоож хараагүй бөгөөд ийм их ашиг олно гэж ч төсөөлж байгаагүй юм гэж инээн хэлж байлаа.
Тус тосгоны тариачин Мэн Фэньшянгийнханд очиход хашаанаас нь жимсний үнэр ханхална. Биднийг хүрэхэд Мэн Фэньшян сагс дүүжлэн үзмээ түүж байв. Тэрээр бидэнтэй хандан мэндчилсний дараа:
- Үзэм арчилахад нарийн нямбай байх хэрэгтэй, хэд хоноод нэг удаа түүх хэрэгтэй, эрт түүж болохгүй, орой түүж бүр болохгүй, чанар нь үнэ ханшинд шууд нөлөөлнө гэж туршлагаа танилцуулав. Бидэнтэй хамт яваа Сэньшэн тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Жан Юнжү:
- Одоогийн байдлаар тус тосгоны үзэм тарьж байгаа талбай 480 мүд хүрч, 144 хүйтэн хүлэмж, 10 дулаан хүлэмж байгуулж, жилд 960 мянган жин /нэг жин 500 гр/ үзэм хураадаг. Мөн ‘Дүшянюань’ хэмээх бүтээгдэхүүний брэнд тэмдэг бүртгүүлсэн. ‘Аж ахуйн нэгж+ суурин + тариачин өрх’-ийн холбоолон эрхлэх загвараар, 1 мү үзмийн орлого 15-аас 20 мянган юаньд хүрч байгаа ба тус тосгоны 58 ядуу буурай өрхийг дайчлан үзэм тариулж ядуурлаас ангижруужээ. Өрх бүрт ногдох дундаж орлого 5.7 мянган юаньд хүрч, тосгоны хамтын аж ахуйн орлого 70 мянган юаниар нэмэгдсэн гэж ярьлаа..
