МУ-ын УИХ дахь МАН-ын 28 гишүүн МУ-ын Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барьсан. Уг асуудлаар УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг болон АН-ын бүлэг тус тус таван хоногийн завсарлага аваад байсан юм.

Тэгвэл өчигдөр тов ёсоор Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж “Огцруулах нь зөв” гэсэн олонхын саналыг УИХ-ын ээлжит чуулган хүргүүлээд байсан юм. Чуулганаар байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож, гишүүд үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Уг санал хураалтад МУ-ын УИХ-ын 66 гишүүн оролцож 54.5 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулахаар болжээ.

Ингээд хоёр жил гаруйн хугацаанд ажилласан Шинэчлэлийн Засгийн Газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоор боллоо. Гэхдээ дараагийн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд томилогдтол Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Засгийн газрын гишүүдийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах тухай тогтоолыг УИХ-ын дарга З.Энхболд уншиж танилцуулсан байна. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд УИХ дахь намын бүлгийн дарга нарыг өрөөндөө дуудан чуулганы ээлжит хуралдааныг өндөрлүүлэв.

