
Түүнийг Хуан Ли /HUAN Li/ гэдэг. Тэрбээр хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Сэн Лизэ” сургуульд хятад хэлний багшаар ажилладаг. Хэвлүүхэн яриа хөөрөөтэй, эелдэг зантай багшийн ярилцлагыг та бүхэндээ хүргэе. Хүүхдүүдтэй яг л найз шиг нь тоглож, хөөрч, инээж буй тэрбээр сэтгүүлч надад ихэд таалагдлаа. Учир нь багш болгон түүн шиг хүүхдүүдтэй найз шиг нь харилцахад хүүхдийн сурах, ахих, дэвших боломжид ихээхэн ач холбогдолтой гэж үзсэн болохоор тэр ээ.

- Өөрийгөө танилцуулна уу. “Сэн Лизэ” сургуулийн хэддүгээр ангид хичээл заадаг вэ?
- Баярлалаа. Намайг Хуан Ли гэдэг, 25 настай. Би Олон улсын хятад хэлний багшийн мэргэжил эзэмшсэн. Оюутан байхаас өнөөг хүртэл гадаад хүмүүст хятад хэл зааж байна. Өмнө нь ажлын байран дээр гарсан мэргэжилтэн болон оюутнуудад хятад хэл зааж байлаа. Харин одоо нэгдүгээр ангийн монгол жаалхан хүүхдүүдэд хятад хэл зааж байна. Тодруулбал, анх удаа 6 настай хүүхдүүдэд хятад хэл зааж байгаа минь энэ. Хятадад 6 настай хүүхдүүд сургуульд элсч ордоггүй. Харин Монголд 6 настангууд нэгдүгээр ангид элсэн суралцдаг. Эхлээд тэр жаалхан хүүхдүүд хичээл ном сурна, тэр дундаа хятад хэл заана гэж бодохоор нэлээд сандарч, эмээж байлаа. 6 настай хүүхдүүд их жаахан гэсэн үг. Тэгсэн атал булбарай жижигхэн гараараа үсэг, тоо бичиж хичээл хийж байгааг нь хараад бахархахаас гадна өхөөрдөх сэтгэл төрсөн. Тэд бас их сахилгагүйтэж, нэг ч минут томоотой сууж чаддаггүй. Гэхдээ багшийн заасан хичээлийг анхнаасаа зөв сууж хийгээд дадчихвал сайн сургаж болох юм гэдгийг ойлгосондоо ихэд баярлаж байна. Нэг үгээр хэлбэл, монгол хүүхдүүд сурч, мэдэхдээ гайхалтай сайн болохыг мэдэрлээ.

- Хятадад хэдэн настай хүүхэд сургуульд ордог гэсэн үг үү?
- Хятадад 8 настай хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн ордог. Ээж аав нь ажилтай бол бага насандаа цэцэрлэгт явдаг. Харин Монголд 6 наснаас эхэлж сургуульд ордог нь миний сонирхлыг татахын зэрэгцээ би тэдэнтэй тулж ажиллаж байгаадаа хааяа гайхаж бас олзуурхдаг. Монголын 6 настай хүүхдүүд сэтгэн бодох чадвар нь маш сайн хөгжсөн. Нэг ёсондоо тэдний мэдлэгийн далай хязгааргүй. Гол нь хүүхдүүд эхлээд зөв сууж сурах хэрэгтэй. Тиймээс аав ээжүүдэд хандаж хэлэхэд хүүхдээ нэн түрүүнд зөв суулгаж сургаарай. Суугаад сурчихсан хүүхэд тоо сайн бодож, гоё бичиж, багшийнхаа үгийг ойлгодог. Нэг ёсондоо онц сурлагатан болно оо гэсэн үг.

- Нэгдүгээр ангийн хүүхдүүд таны анзаарснаар хятад хэл хэр сайн сурч байна вэ?
- Манай “Сэн Лизэ” сургуулийн 6 настнууд хятад хэлийг маш сайн сурч байна. Учир нь тэд сэтгэх чадвар сайтайгаас гадна багшийн хэлснийг сайн тогтоодог. Ганц нэг хүүхэд удаан тогтоох хандлагатай. Гэсэн ч миний хичээл заасан 6 настнууд хятад хэлийг маш сайн сурсанд багш хүний хувьд ихэд баярлаж байна. Зургаан настнууд төрөлх хэлнийхээ эгшиг, гийгүүлэгчийг үзэхийн зэрэгцээ хятад хэлийг давхар үздэг. Энэ бүгдийг хамтад нь сурч байгаа монгол хүүхдүүд гайхалтай юм гэдгийг дахин онцолъё. Нэг үгээр хэлбэл, тэдний сэргэлэн цовоо зангаар би үргэлж бахархдаг. Миний бодлоор 6 настнууд монгол, хятад, англи хэлийг хамтад нь үзээд явах чадвар өндөртэй. Тэд эрдэм мэдлэг, оюун ухааныг хүлээж авах онцгой чадвартайг олж харсан учраас үүнийг итгэлтэй хэлж байна. Энэ ч утгаараа “Сэн Лизэ” сургуулийн хамт олон хүүхдүүдийг хичээлээр дарах биш сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхийг гол зорилгоо болгодог. Бусад сургуулиас үүгээрээ давуу талтай. Хэл сурахын зэрэгцээ чөлөөт цагаараа шатар, даам, “Төрдөг даам” тоглож байна. Мөн хятадаар дуулж, бүжиглэхээс гадна гар, тархиараа сэтгэн нисдэг онгоц хүртэл хийж нисгэж байна шүү дээ. Ийнхүү хүүхдийг бүхий л талаар нь хөгжүүлэхийг зорьж байгаа “Сэн Лизэ” сургуулийн ийм сайхан сэтгэл, зүтгэлтэй хамт олон дунд багтсан би азтай хүн. Сургуулийнхаа найрсаг, халуун дулаан, нөхөрсөг хамт олныхоо дунд үргэлж баяр, жаргалтай алхдаг даа.

