
Эрхэмсэг ноён Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Танаа
Эрхэм хүндэт Хятадын Буддын шашны нийгэмлэгийн дэд дарга Янь Жюэ багш Танаа
Эрхэм хүндэт Найралт найрамдах сүмийн тэргүүн хамба лам, Ху Шюэфөн багш Танаа
Эрхэм хүндэт Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам, Ч.Дамбажав багш болон зочид төлөөлөгчид, анд нөхөд өө!
Та бүхэнд энэ билэгт сайн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Хятад Улсын Найралт найрамдах сүмийн буцалтгүй тусламжаар Дашчойлин хийдэд Хүрээ Майдар бурхныг бүтээж мэлмийг нээх ёслолд оролцож буйдаа баяртай байна. Юун түрүүнд миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ыг төлөөлөн энэхүү бурхан бүтээх үйлсэд гар бие оролцон хичээл зүтгэл гаргасан Хятад, Монгол хоёр талын холбогдох хүмүүст баяр хүргэж гүн талархлаа илэрхийлье. Энэхүү энэрэнгүй, ариун гэгээн Хүрээ Майдар бурхныг амжилттай бүтээж, Монголын Буддын шашны салбарт нэгэн шинэ газрын тэмдэг болж буйг харан, тэр дундаа Монголын болон бусад орны сүсэгтэн олон олноор ирж энэхүү ёслолд оролцож, баяр баяслаа хуваалцаж, Бурхны номыг уламжилж буйг хараад би туйлын их баяртай байна. Миний бие мөн Дашчойлин хийд болон Монголын сүсэгтэн олонд баяр хүргэе.
Хятад, Монгол хоёр улс нь уул усаараа холболдон оршдог, хоёр улсын ард түмэн болон шашны салбарын харилцаа ямагт сайн хөрш, сайн найз байсаар ирсэн. Буддын шашин нь хоёр улсын түүх, соёлын ижил элемент болсны хувьд хоёр талыг холбох гүүр болсоор ирсэн юм. Сүүлийн жилүүдэд, Найралт найрамдах сүм, БНХАУ-ын ЭСЯ болон Дашчойлин хийдтэй хамтын ажиллагаатай байж, олон саад бэрхшээлийг даван туулсны үр дүнд өнөөдөр Бурхан бүтээх ажил энэхүү өндөрлөж, мэлмий нээх үйл ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулж байна. Ингэж бид хүсэн хүлээсэндээ хүрч чадлаа. Энэхүү амжилт бол хоёр улсын шашны нөхөрсөг харилцааны уламжлал ба хөгжил ахиц болно. Мөн Хятадын талын "Бүс ба зам" санаачилга болон Монголын талын "Хөгжлийн зам" санаачилгын стратегийн уялдаа холбооны хүрээнд олсон амжилт ба үлгэр жишээ болно. Түүнчлэн Хятад, Монгол хоёр улсын шашны салбарын нөхөрсөг хамтын ажиллагааны нэгэн шинэ бэлгэ тэмдэг, хоёр улс болон хоёр орны ард түмний төлөөх томоохон баяртай хэрэг болох юм.
Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа амжилттай хөгжиж байна. Хятадын тал Монголд элэгсэг дотно, үнэнч шударга, үр өгөөжтэй, хүртээмжтэй үзэл баримтлалаа ямагт идэвхийлэн баримталж, Монголын талын хөгжлийг чин сэтгэлээсээ дэмжиж, тусалсаар ирсэн. Энэ оны 4-р сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д амжилттай айлчлал хийсэн. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн БНХАУ-ын Чиндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Энэ үеэр хоёр улсын удирдлага нар хоёр улсын харилцааг илүү гүнзгийрүүлэх талаар олон чухал тохиролцоонд хүрэн, Хятад Монголын харилцааны хөгжлийн шинэ төлөвлөгөөг гаргаснаар Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хөгжлийн шинэ боломжуудыг авч ирсэн байна. Шашны харилцаа, хамтын ажиллагаа бол Хятад, Монголын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хөгжлийн өргөн нөөц бололцоотой. Харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэн, харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, хоёр улсын Буддын шашны салбарын харилцан туршлага солилцон суралцах, харилцан хүндэтгэх, хамтдаа урагшлах, хоёр улсын сүсэгтэн олон болон хоёр орны ард иргэдэд аз жаргал, сайн сайхны буяныг авч ирэхийн төлөө БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс Монголын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна.
Дашчойлин хийдийн хөгжил дэвшил, Хятад Монголын харилцаа улам сайн болохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Та бүхэнд баярлалаа.
