
Дарга Мижиддорж гэхэд Шинэ Барга баруун хошууны малчдаас танихгүй хүн байхгүй.
- Дарга Ши Жиньпинтэй гар барин уулзаж, халуун дотноор ярилцсан нь ёстой манай Барга нутгийн алдрыг өргөсөн.
- Манлай багийн “Мишгээ дарга” маань ихийг үзэж нүд нээсэн шинэ цаг үеийн залуу дарга төдийгүй малчдаа удирдан хөрөнгөжих замаар замнасан.
- Мижиддорж дарга “Манлай” нэртэй малчдын хонь тэжээх хоршоо байгуулаад 18 мал аж ахуйн өрхийг ядуурлаас ангижруулжээ. Мижиддорж анх багийн даргын ажлыг хүлээн авч байх үед Манлай багийн мал аж ахуйн өрхийн хүн дунджийн цэвэр орлого нь 4000 юань хүрэхтэй үгүйтэй байжээ. Малчид жилийн турш мал унаагаа арчлан додомдох боловч зуд зурхан зэрэг олон шалтгаанаас болж орлого нь сайнгүй байжээ. Малчид малаа өсгөх хүсэлгүй, зарим нь бэлчээрээ хямдаар түрээслээд хот орж хөлсний ажил хийх болсон. Малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх тулгамдсан асуудал нь Мижиддоржийн хатуухан хариуцлага болж таарчээ. Малчид хурал хийх үеэр хэл ам гараад байх нь Мижиддоржийн хувьд их л хүнд асуудал болоод байлаа.
2006 онд Мижиддорж мэргэжилтэн урьж, гурван сарын хугацаанд хөдөө хээрээр явж багийнхаа 39 мянган га бэлчээрийг нарийн тодорхой хэмжин тогтоосноор малчид нутаг бэлчээрийн бичиг баримтын дагуу бүртгүүлэх ёстой бэлчээрээ олж авсан байна.


Тэнгэрийн царай харан уламжлалт мал маллах үйлдвэрлэлийн арга хэлбэр нь одоо цагийн мал аж ахуйн хөгжлийн шаардлага хангахгүй болсныг Мижиддорж ажигч гярхайгаар мэджээ. Тэрээр 2009 онд багийн малчдынхаа хадлан бэлчээр, мал унаа, машин механик, хөдөлмөр хүчийг нэгтгэн хоршоо байгуулан ажиллаж эхлэв. “Манлай” малчдын хонь тэжээх хоршоо байгуулан 18 малчин айлын 3600 хонийг 6 сүрэг хуваан малласнаар айл болгон жил бүр 4000 шахам юанийн зарлага хэмнэж, төл тосолт 50 хувиас дээшилж 90 хувь болов.
Манлай багийн Барвагай гэх газрын малчин Болор уг хоршооноос ашиг хүртсэн нэгэн. 2011 онд тэднийх 70-аад л хоньтой байжээ. Хоршоод гишүүн орсны дараа 4 айлын хонийг нэг сүрэг болгон хариулж сар бүр 4000 гаруй юанийн цалин олох болов. Удалгүй Болорын орлого нэмэгдэж 2015 он хүрэхэд 300 гаруй хонь, 20-иод үхэртэй болж хөлжөөд малаа хувиараа хариулах болжээ. Хоршоонд орсон 4 жилийн хугацаанд Болорын орлого 200 мянган юань болон нэмэгдэж магнай тэнийн амьдрах боллоо.
Мижиддорж малчдаа дагуулан бусад газраар тойрон туршлага судлав.
Манлай багийн Халмын хар толгойд нутаглан суудаг Алмаас өмнө хошуу нутагтаа нэртэй согтуу хойрго хүн байжээ. 400 гаруй га бэлчээрээ хямд түрээслүүлээд Алтан-Эмээл сууринд хэсэж явдаг байжээ. 2012 онд Мижиддорж Алмаасын хамт хэдэн малчин дагуулан Шилийнгол аймгаар долоон хоног тойрон туршлага судалжээ. Шулуун Хөвөөт Цагаан хошууны нэгэн малчин айл дөнгөж 13 гаруй га бэлчээртэй хэрнээ жилд 100 мянган юанийн орлого олдгийг үзээд Алмаас ихэд гайхан цочжээ. Алмаас тэр байдалтай танилцсан даруйдаа Мижиддоржид “Би уужим бэлчээртэй мөртөө сохор мөнгөний орлогогүй нь нээрэн ичмээр юм байна” гэж хэлсэн гэдэг. Алмаас Шилийнгол аймгаас буцаж ирэнгүүтээ түрээслүүлсэн бэлчээрээ буцаан авч 50-иад хонь худалдан авч маллажээ. Тэрээр хичээн зүтгэсний ачаар удалгүй 200 гаруй хоньтой болсон бөгөөд машинтай болсон байна.

