solongonews
Хяналтын эмчээ хэрхэн санаснаараа “хөдөлгөх” вэ?
2015-12-28 18:21
Жирэмсэн эмэгтэй бүрт тулгардаг бэрхшээл бол жирэмсэн үеийн хяналтын эмчийн арга эвийг олох болоод байна. Улсын эмнэлэгт шаардлагатай бүх зүйлийг үнэ төлбөргүй өгдөг хэдий ч эмчийн мэргэшээгүй байдал, харилцааны соёл, ажлын байрны эрүүл мэндийн шаардлага хангахгүй олон сөрөг явдал бий. Харин хувийн эмнэлэгт хэтэрхий өндөр төлбөр, зарим эмч нар өөрсдийн талд үйлчлүүлэхийн тулд шинжилгээний хариуг хэвийн байхад ноцтойгоор бичиж, төлбөр авдаг тохилолдол их гарах болсон.
 
Улсын эмнэлэг болон дүүргийн эмэгтэйчүүдийн эмчийн хяналтын үзлэг хийхдээ толь (умайн хүзүү, амсар зэргийг харахад ашигладаг), багажаа дутуу ариутгасан байдал харагддаг. Эмчийн зөвлөгөө тун дутмаг.
 
Жирэмсэн эхийн биеийн даралт ихсэх, зулбах гэх мэт асуудал гарахад “Дарааллаараа ор. Бид ажилтай байна” гэх хамгийн утгагүй хэр нь хамгийн хатуу үгийг аврал эрэн ирсэн эхэд ажиг ч үгүй хэлж л суудаг.
 
Уг нь тэднийг хүнд, хэцүү нөхцөлд ажилладаг гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэлээ ч тангараг өргөж, эх хүүхдийн эрүүл мэндийн манаанд бие сэтгэлээ хайрлалгүй ажиллана гэчихээд үүнийхээ эсрэг ажиллаад байгаа нь жирэмсэн эх миний хувьд ч гомдолтой байдаг.
 
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Автомашины ослоор энэ жил 375 хүн амь эрсдлээ. Энэ мөн үеийн өнгөрөгч онтой харьцуулвал гурван хувиар буурсан үзүүлэлт юм” хэмээн тоосон шинжгүй хэлдэг. Харин өндөр хөгжилтэй оронд нэг хүн алга болох, амь эрсдэхэд улс даяар хөдөлж, хүний үнэ цэнийг дэндүү ихээр ойлгодог нь сайшаалтай юм. Ямар ч улсын баялаг, эдийн засаг, нийгмийн хөдөлгөгч хүч нь нэг хүн- хүүхэд гэдгийг хэзээ ойлгох вэ?
 
Тиймээс л жирэмсэн эхчүүдэд маань тулгардаг хамгийн хэцүү зүйлсийн нэг болсон хяналтын эмчээсээ хэрэгтэй мэдээллээ хангалттай авах, шаардлагатай үедээ үзүүлж чаддаг байх, аюулт тохиолдлуудаас өөрийгөө урьдчилан сэргийлэхийн тулд бид юу хийх ёстой вэ. Энэ асуултад хариулт авахын тулд эмэгтэйчүүдийнхээ дунд багахан санал асуулга явуулсан юм. Хяналтын эмчтэйгээ хэрхэн харилцаж эрүүл мэнддээ анхаарал тавьж буй талаарх шалгарсан аргуудаасаа бүсгүйчүүд маань хуваалцсан. Тэдгээрийг багцлан хүргэе.
 
1.    Багахан бэлэг сэлт аваад ороорой.
Миний танил бүсгүй “Сэргэлэн, овсгоотой нь ялна шүү дээ” гэж байсан юм. Тэр бүсгүй хяналтын эмч дээрээ орох бүртээ амттан, халуун кофе аваад инээмсэглээд ордог байв. Эмч ихээхэн баярлаж дотуур үзлэг хийхдээ ч хянамгай, эрүүл ахуйн шаардлага хангасан багажаар үзэж, бүх л хэрэгслээ шинээр задлан хийдэг болжээ. Мөн төрөх эмнэлгийн танил эмчтэйгээ хүртэл холбож, танилцуулсан гэсэн.
2.    Гадаад байдал чухал
Эмч дээр орох бүртээ цэвэрхэн хувцаслаж байгаарай гэж зөвлөе. Хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэж үг бий. Марталгүй хэрэгжүүлээрэй.
 
3.    Нөхрөө уулзуул.
Нөхөр тань сар бүрийн үзлэгт тантай хамт эмнэлэг рүү явдаг бол марталгүй эмчтэйгээ уулзуулаарай. Нөхрөө гомдол гаргаж магадгүй, ааштай гэдгийг харуулах хэрэгтэй. Ингэснээр нөхрөөрөө дамжуулан эмчийг хөдөлгөж, хамтдаа сууж зөвлөгөө авахад эмэгтэй таны зүрх сэтгэлийг ойлгох, илүү халамжилж болох юм.
 
4.    Танил талаа ашигла.
Таны дотны хэн нэгэн эмчийг тань таньж магадгүй. Түүнийг ашиглах хэрэгтэй. Монголын нөхцөлд танил тал, сайн хүрээлэлгүй бол ажил олох,  эмнэлэгт үзүүлэх, бичиг баримт хөөцөлдөх, зээл бүтээхэд тун хэцүү. Танил тал, найз нөхөд, дотны хүмүүсээ ашиглаарай.
 
5.    Хувийн харилцаа тогтоох
Нэг удаад эмчдээ мөнгө төлөөд үзүүлээрэй. Эмчид тань хэрэг болох нь гарцаагүй. Нэг удаад төлбөртэй, ажлын бус цагаар нь уулзаж, зөвлөгөө аваарай. Тэр цаашдаа ч танд дотно сайхан хандах болно.
 
6.    Инээмсэглэл
Инээмсэглэл бол хамгийн сайхан хувцас гэдгийг бүх хүн мэднэ. Тэгвэл ядарсан, өдрийн ачаалалдаа дарагдсан эмч нар инээмсэглээд ороход танд муухай хандахгүй л болов уу?
Олон эмэгтэйн хувьд шалгарсан аргуудыг дээр багцлан бичлээ. Гэвч уншигч бүсгүй танд үүнээс ч өөр шилдэг арга байж мэдэх юм. Тэр бүхнээсээ сэтгэгдлийн хэсэгт хуваалцаарай. Бусдад тус дэм болж болох юм.
 
Ари
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл