Тал нутгийн торгоны зам “Мэн Цаогийн /Монгол өвсний/ уянга” Хятад, Монголын соёлын солилцооны тоглолтын хэвлэлийн бага хурал 10 дугаар сарын 20-ны өдөр буюу өнөөдөр Хөххотод болж өнгөрлөө. Уг арга хэмжээний хүрээнд 10 дугаар сарын 21-ний үдэш Өвөр Монголын спортын ордонд болох Монгол Улсын Баян Монгол хамтлаг болон Өвөр Монголын урлаг жүжгийн хүрээлэнгийн ардын хөгжмийн бүлгэмийн хамтарсан тоглолт болон 10 дугаар сарын 22-ын үдэш болох Хурд, Харанга хамтлаг, МУГЖ, дуучин Т.Ариунаа, МУГЖ, дуучин Б.Сарантуяа нарын хамтарсан тоглолт багтжээ.
Энэхүү арга хэмжээг Өвөр Монголын урлаг жүжгийн хүрээлэн болон Хөххотын Цог компаниас хамтран зохион байгуулж, Өвөр Монголын Мэн Цао /Монгол өвс/ экологийн ХХК-иас ивээн тэтгэсэн байна.
Хэвлэлийн бага хурлыг Өвөр Монголын Цог компанийн захирал, залуу дуучин Бай Юйхуа хөтлөн явуулж, Монгол Улсын Харанга хамтлагийн ахлагч Энхманлай, Хурд хамтлагийн ахлагч Отгонбаатар, МУГЖ Т.Ариунаа нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
