"70 жилийн гэрч" Хятад, Монголын цахим сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуунаас эхэллээ.
ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас санаачлан зохион байгуулж буй тус арга хэмжээнд Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагын 24 төлөөлөгч Хятадын Синьхуа агентлагийн Хөххот дахь салбар, Хятадын Төв радио телевиз, Хятадын Төв телевизийн Монгол хэлний сайт, ӨМӨЗО-ы Радио телевизийн "Талын дуу хоолой" радио, Солонго мэдээллийн төвийн сэтгүүлч зэрэг нийт 34 сэтгүүлж оролцож байгаа юм.
Тус арга хэмжээ нь энэ сарын 10-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд анхны өдөр ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Зүүн Хатавч боомтын ажил байдалтай танилцахын зэрэгцээ, Зүүн Үзэмчин хошууны малчин айл, Зүүн Үзэмчин хошуунд ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийн эрхэлж буй ажил байдалтай танилцсан байна.
Хятад, Монголын цахим сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг ирэх долоо хоногт Өвөр Монголын Шилийнгол аймаг, Тунляо хотоор явж, БНХАУ байгуулагдсан 70 жилийн хугацаанд ӨМӨЗО-ы олсон ололт амжилт, тэр дундаа жирийн иргэдийн амьжиргааны талаар мэдээ мэдээллийг Хятад, Монгол хоёр орны интернэт хэрэглэгчдэд хүргэх болно.
