Энэ жилийн Цаглаврын борлуулалтын жагсаалтад "Хааны ордны хуанли", "Дөү Бань киноны хуанли", "Дүрсийн хуанли" зэрэг анхнаасаа борлуулалт сайтай цаглаврууд багтсан төдийгүй, "Дүньхуан хуанли", "И ХэЮань хуанли", "Тянь Таны Чи хуанли" зэрэг шинээр төрсөн бүтээгдэхүүнүүд ч газар авч эхэлсэн байна. Сайн цаглавар хэрхэн бий болдог вэ? Түүний чадавх ба гоо зүйн чиг үүргийг хэрхэн зэрэг тооцоолж, үүний зэрэгцээ уламжлалт соёлыг хэрхэн түгээн дэлгэрүүлэх вэ? Үүний тухай эрэн сурвалжлахын тулд сурвалжлагч цаглавар зохиогч хэд хэдэн дизайнеруудтай ярилцлаа.
Системчилсэн төлөвлөлт маш чухал
Цаглаврын давалгааны эхлэлийг "Хааны ордны хуанли"-гаас эхлэн ярих ёстой.
"Хааны ордны хуанли"-г анх 2010 онд 1937 оны хэвлэлд үндэслэн хувилж хэвлүүлсэн. Харин хааны ордны /Хориотой хотын/ соёлын гүн гүнзгий утга агуулга, соёлын дурсгалт зүйлсийн урлаг, зураг цаасны тансаг чанар зэрэг нь Цаглаврын зах зээлд "давалгаа" босгосон байна.
- Сүүлийн жилүүдэд Хааны ордон музей залуучуудын анхаарлыг ихээр татах болж, музейн соёлын бүтээгдэхүүн, хэвлэмэл материалууд нь эрэлт ихтэй болсон. Хааны ордон музейн түүхт соёлын үр шимийг хүртэж, Хааны ордны хэвлэлийн хороо нь олон нийтийн соёлыг түгээн дэлгэрүүлэх ба хэвлэл мэдээллийн шинэ хэрэгслийг уялдуулах тал дээр томоохон амжилтад хүрэв. "Хааны ордны хуанли" нь мөн иймэрхүү орчин нөхцөлд хөгжин цэцэглэсэн юм гэж Хааны ордны хэвлэлийн хорооны Биет бус өвийн редакцын газрын эрхлэгч, "Хааны ордны хуанли"-г хариуцсан редактор Шюй Хай сэтгүүлчтэй хийсэн ярилцлагадаа хэллээ.
"Хааны ордны хуанли" нь олны дунд түгж, цаг тооны номыг олон нийтэд сурталчилж чадсан шалтгаан нь нэг талаар Хааны ордны нэр нөлөөнд суурилсан бол нөгөө талаар системчилсэн төлөвлөлтөөс үүдэлтэй юм. Шюй Хай:
- Номын төлөвлөлт, редакторын хувьд системчилсэн төлөвлөлт бараг байдаггүй. Харин "Хааны ордны хуанли" эхнээсээ 12 жилийн ерөнхий төлөвлөгөө гаргаж, далд, эсвэл ил хэлбэрээр 12 жилийн амьтны сэдвийг барьж, жил бүр нэг сэдвээр хийж ирсэн нь 12 жилийн дараа брэнд болж хөгжсөн байна гэж ярив.
Ийм сэдэвчилсэн төлөвлөлт нь дараа дараагийн хүмүүст мөн шинэ санаа өгсөн байна. Жишээлбэл, "Дүньхуан хуанли" жил бүр сэдвээ өөрчлөх аргаар 2020 онд "Утай уул", 2021 онд "Арьяабал бурхан" сэдвээр хийсэн ба Дүньхуаны бүтээлүүдийг нэг сэдвээр дамжуулан танилцуулсан байдаг. Харин кино, ном, дуу хөгжмийн тойм солилцох зэрэг сэдвээр үйл ажиллагаагаа явуулдаг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох "Дөү Бань" платформ нь киноны сэдэвт анхаарлаа төвлөрүүлдэг байна. Таван жилийн турш хэвлэгдэн гарч буй "Дөү Бань киноны хуанли" нь өдөр бүр нэг кино зөвлөж байдаг. Үүнд дотоодын шилдэг кинонууд, гадаад кинонууд, сонгодог хуучны кинонууд, шинэ киноны шилдэг бүтээлүүд ч байдаг. Эдгээр кинонуудыг Дөү Бань киноны сан дахь 600 мянга гаруй киноны дундаас сонгож авсан, Дөү Баний үнэлгээгээр үндсэн лавлагааны стандарт болгосон кинонууд болно.
Эхлээд соёлоо ашиглаж сурах хэрэгтэй
- Цаглавар нь Хятадын эртний нийгэм дэх хүмүүсийн тэмдэглэл бүртгэлийг хөтлөхөд зайлшгүй шаардлагатай эд зүйл байсан. Нийгмийн хөгжлийн явцад тодорхой урт хугацаанд аажмаар үйл ажиллагаагаа алдсан байна. "Хааны ордны хуанли" нь уламжлалаас санаа авч, шинэ утга, шинэлэг чиг үүрэг оруулснаар орчин үеийн олон нийтийн хэрэгцээнд тохирсон байна гэж Шюй Хай хэллээ.
Хааны ордон музей 1925 онд байгуулагдсан. Ордон музейн цуглуулгуудыг танилцуулах, соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг сурталчлах зорилгоор 1933-1937 онд "Хааны ордны хуанли"-г хэвлэж эхэлсэн боловч дайны улмаас зогссон байна. "Хааны ордны хуанли" нь зохиогдож, хэвлэгдэж эхэлсэн цагаасаа "Үндэсний эрдэнэсийг өдөр бүр унших" ойлголтыг бий болгож, хааны ордонд хадгалагдаж буй эрдэнэсийн зургуудаас сонгож хэвлүүлдэг байв.
2010 оноос хойш "Хааны ордны хуанли"-г анх эртний үзэл баримтлалын үндсэн дээр гоо зүй, мэдлэг, тэмдэглэл зэрэг чадавх нэмсэн шинэ хэлбэрээр дахин хэвлүүлж эхлэв. Соёлын дурсгалт зураг бүрийг текстийн товч тодорхойлолттой хавсарган эртний урлагийг орчин үеийн амьдралд шингээв. Огнооны хуудсан дээр мөн үсгийг хуулж, өдрийн тэмдэглэл хийх, сэтгэлийн эссэ бичиж болно. Эдгээр өөрчлөлтүүд нь хуанлийг уламжлалт, нэг удаагийн хэрэглээний зүйлээс хадгалах үнэ цэнтэй, дахин дахин унших боломжтой ном болгон өөрчилжээ.
- Бүтээгдэхүүнийг хөгжүүлэх бол үндэс суурь, хэрэглэгчийн сонголт бол хяналт шалгалтын стандарт юм. Хуанлийн ном түгээмэл ашиглагдах болсон нь уншигчдын эрэлт хэрэгцээг илэрхийлж, соёл + бүтээгдэхүүн гэх шинж чанарыг шаардаж байгааг харуулж байна гэж Шюй Хай хэлж байна.
Хэн хэрхэн зохиож, бүтээсэн нь хамаагүй, хуанли нь практик үнэ цэнтэй байх ёстой. "Дүньхуан хуанли"-гийн дизайнеруудын нэг, Дүньхуан Академийн Дүньхуан сурвалж бичгийн судалгааны төвийн захирал Жао Шяошин:
- "Дүньхуан хуанли" бол Дүньхуан соёлыг сонирхогчдод үйлчлүүлэх байр суурьтай гарын авлагын хуанли юм. Амьдралын хэмнэл хурдтай болохын хэрээр олон хүмүүс ажил, амьдралдаа гарын авлагатай салшгүй холбоотой болжээ. Гарын авлагаа байнга авч явдаг учир хэтэрхий зузаан, хүнд байх ёсгүй. Тиймээс "Дүньхуан хуанли" бусад хуанлийн номуудаас нимгэн байдаг нь мөн практик шинж чанараас шалтгаантай гэж тайлбарлалаа.
Практик талаас нь авч үзвэл утга зохиол сонирхогчдод зориулсан "Дөү Бань хуанли"-г мөн маш их сэтгэл гаргаж зохиосон байдаг. Дөү Баний албан тушаалтан Цай Шиньшинь:
- "Дөү Бань киноны хуанли"-ийн төлөвлөлт нь эхэндээ хуанли төдий байгаагүй, харин киноны зөвлөмжийн гарын авлага байсан гэж хэллээ.
Соёлоо түгээн дэлгэрүүлэх нь дараагийн алхам
Соёл нь өдөр тутмын амьдралд уялдан орсноор урт хугацааны эрч хүчтэй болж, улмаар өдөр тутмын амьдралд гоо зүйн ачаалагчийг бий болгодог. Цаглаврыг гэр зуур ашиглах үед л түүний дотор агуулагдаж байгаа мэдлэг, соёл, үнэт зүйлийг түгээх боломжтой.
"Дөү Бань киноны хуанли" нь жил бүр мэргэжлийн багийг бүрдүүлэн киноны сонголтоо хийдэг. Түүнчлэн хэт их зугаа цэнгэл, бизнесийн зориулалттай кинонуудаас зайлсхийж, сэтгэхүйн үнэ цэнэ, урт хугацааны гоо зүйн үнэ цэнтэй кинонуудыг түлхүү санал болгодог байна. Уншигчид хуанлийн дотоод хуудсан дээрх киноны онцлох мөр бадаг, эсвэл киноны тоймоор дамжуулан тус киноны илэрхийлэхийг зорьсон үзэл агуулга, үнэт зүйлсийн ойлголттой танилцаж, амьдралын тухай бодож сэтгэх боломжтой байдаг.
Дүньхуан хуанлийг ашигласны дараа хүмүүс Дүньхуангийн соёл дахь тодорхой нэгэн ханын зураг, сурвалж бичгийн агуулгын тухай тодорхой ойлголттой болж чаддаг. Жишээлбэл, 2021 оны "Дүньхуан хуанли"-д Дүньхуангийн ханын зураг дахь Арьяабал бурхны хөрөг, "Арьяабал бурхны тарни" зэргийг цуглуулж хэвлүүлсэн нь үнэн хэрэгтээ Дүньхуанд хадгалагдаж үлдсэн Арьяабалын тухай материалыг иж бүрнээр нь уншигчдад зориулж эмхэтгэсэнтэй дүйж байгаа юм.
- Дүньхуангийн соёлыг өвлөн уламжлах, практикт ашиглах нь Дүньхуан хуанлийн хамгийн чухал хоёр шинж чанар юм. Дүньхуангийн соёлыг гүн судалж, Дүньхуан урлагийн гоо үзэсгэлэнг танилцуулахын зэрэгцээ өнөөгийн соёлын чиг хандлагыг удирдан чиглүүлэх төдийгүй, практик шинж чанартай бүтээгдэхүүн боловсруулах нь бидний зорилго юм гэж Жао Шяошин ярьлаа.
12 жилийн нүүр үзсэн Хааны ордны хуанли нь өнөөдөр хүмүүст Хориотой хотыг ойлгуулж таниулах “Цаасан музей” болж байна. Уншигчид "Хориотой хотын луу цагийн орон зай", "Уул усны цээлхэн дуун" зэрэг сэдвээр дамжуулан хааны ордон дахь үнэт цуглуулга, соёлын гүнзгий агуулгыг сурч мэдэхээр үл барам эртний урлагийн эрдэнэсийг ойлгох цонхыг нээдэг байна.
- Өнөө үед олон хүмүүс "Хааны ордны хуанли"-г худалдаж авах, бэлгэнд өгөхийг шинэ жилээ угтах ёслол маягаар ойлгох болсон. Олон хүмүүс цуглуулга болгон хадгалдаг болов. Эдгээр нь тус хуанлид амьдралын уур амьсгал, ёс төрийн мэдрэмжийг өгдөг. Энэхүү ёс төрийн мэдрэмж нь бидний өдөр тутмын амьдралд хань болон дагалддаг. Олон жилийн дараа эргээд харахад үүний дотор нуугдаж буй соёл, гоо зүй, мөн өөрийнхөө өнгөрсөн үеийг олж мэдэх болно. Хүмүүс "Хааны ордны хуанли"-гаар дамжуулан соёлын дурсгалт зүйлийг мэдэрч, уламжлалыг танин, түүхээ хадгалж, дурсамжаа үлдээн, гоо үзэсгэлэнг шингээж чадна гэж Шюй Хай ярьлаа.
