Хөдөө аж ахуйн ухаанаар малын зах дарж явсан нэгэн үеийн ахмад аварга малчин Раднаа гуай, орчин үеийн зах зээлийн хөгжлийн хандлага хэрэглэгчдийн шаардлагад зохицуулан шилдэг үүлдрийн симентар үхрээр дагнах мал аж ахуйн загварыг сонгосон залуу малчин Давхарбаяр нар мал аж ахуйн үйлдвэрлэлийн арга хэлбэрийн өөрчлөлтийн талд адил бус үзэл ойлголттой бөгөөд эвээр зохицож, өргөн тэнүүн амьдралаа цогцлоож яваа. Энэ хоёр хүн аав хүү билээ. Тэд Авга хошууны Хонгоргол суурингийн Алтандүүрэн багаар нутагладаг.

Раднаа гуай энэ жил наян гуравтай ч бие тэнхлүүн, ухаан саруул буянтай буурал. Раднаа гуай өрхийн хүний тоогоор мал, нутаг хувааснаас хойш мал сүргээ өнөр өтгөн өсгөхөөр ид хөдөлмөрлөж, тухайн үедээ аймгийн зэрэглэлийн хөдөлмөрийн жишээч болж байв. Ахмад буурал 1983 оноос эхлэн хонь үхрийг зэрэг өсгөх зорилго тавьж, анх гаднаас үхэр оруулж маллан хэдхэн жилийн хугацаанд тоо толгойг нь 200 давуулсан бол 1987 оноос хониор голлож, үхэр дагалдуулан маллах мал аж ахуйн арга хэлбэрийг сонгож, Үзэмчин нутгаас 300 эм хонь авч байсан түүхтэй билээ. Тийнхүү 90 онд хонио 2000 давуулсан байдаг. Шинэ мянганы дараа Раднаа гуай бэлчээрийн нөхцөл байдалдаа тохируулан, шилдэг чанарын мал маллах мал аж ахуйн арга хэлбэрийг сонгож, хонио 700 орчимд тогтворжуулан, цөөн хэдэн үхэр маллаж байсан ч 2005 оноос айл болж өрх толгойлсон хүү Давхарбаяр нь аавынхаа мал аж ахуйн арга хэлбэрт цэг тавин, үхэр маллахаар болсон нь аав хүү хоёрын хоорондох ойголтод зөрчил үүссэн байна.
Гэвч үхэр маллах аж үйлдвэрлэлийн ирээдүйн хөгжлийн хандлагыг эрт мэдсэн залуу малчин Давхарбаярын цөхрөлгүй их ятгалгаар ахмад малчин Раднаа гуай мал аж ахуйн “эрх”-ээ хүүдээ тушаажээ.
Энэ тухай Раднаа гуай: “Монголчууд эртнээс таван хошуу малаа маллаад болоод байсан. Одоо бэлчээр хэдийгээр муудсан ч бэлчээрийн даацад тохируулан хонь үхэр хоёрыг зэрэг маллахад болохгүй зуйл байхгүй гэж бодон хүүгийнхээ үхэр маллана гэсэн сонголтыг эхэндээ хүлээж авч чадахгүй байсан юм. Гэвч өнөөгийн зах зээлийн байдал, хөдөө аж ахуйн төрийн бодлого, ирээдүйн хөгжлийн хандлагаас харахад хүүгийнхээ зорилт сонголтыг зөвшөөрөхгүй байхын аргагүй болсон. Тиймээс л түүний санаагаар явж байна. Залуу хүний бодож сэтгэхийг бид аль болгоныг нь байг гэж хориглоод байх билээ” хэмээн тайлбарлаж билээ.
Одоо зөвхөн үхэр малладаг том өрх болж, 560 га нутгаасаа 167 га хадлангийн талбай гарган, үлдсэн талбайд нь үхрээ маллаж байгаа бөгөөд өвс бэлчээр нь хүрэлцээтэй бардам амьдарч байна.
Тэгвэл Давхарбаярын арван жилийн өмнө аавынхаа мал аж ахуйн арга хэлбэрт өөрчлөлт хийсэн, үхэр өсгөж эхэлсэн түүхээс нь хуваалцахад:
Давхарбаяр 2007 оноос хонио бүгдийг худалдан үхэр малллах болж, одоог болтол үхрийн үүлдрийг шилдэг сайн болгохоор хэдэн сая юань зарцуулав. Өнгөрсөн жилээс тэрээр үхрийнхээ үүлдрийг илүү сайжруулахаар 70 тугал (Тугал бүрийг 7700 юаниар), үхэр сүргийнхээ хөгшин буурайгаас нь 40 (Үнээ бүрийг 11000 юаниар) шилж худалдан, 1,1 сая юань зарцуулан, симентар үүлдрийн 70 охин бяруу худалдаж авав. Энэ өвөл тарга сайтай 120 шахам үхэр өвөлжүүлээд байв.
Давхарбаяр анх хонь худалдсан мөнгөө дундажлаад 5500 юаниар 18 симентар үхэр худалдан авч малласан байна. Анх ааваасаа зөрж, ойр хавьдаа хамгийн анх зөвхөн үхэр маллах болсон өрх болоход нутгийн хүмүүс нь ч дэмждэггүй байв. Үхэр маллаад удаагүй байхад үхэр сүрэгт нь шүлхий өвчин гарч, хорь шахуу бяруу шүдлэнгээ үхүүлжээ. Дээр нь үнээний ихэнх нь сувайрч, хоёр жил дараалан бараг орлогогүй өнгөрчээ. Ингэж удаа дараалсан хатуу нугалаанд учирсан Давхарбаяр огт зориг мохсонгүй. Харин учрыг нь олохоор олон хүмүүсээс асууж сурсны эцэст симентар үхэр нь нутгийн үхэртэй адилгүй, сайн тэжээж бордон, тарга хүчийг нь баталж байж сувайрдаггүй гэдгийг мэджээ. Түүнээс хойш Давхарбаярын мал аж ахуйн арга хэлбэрт эргэлт гарч, жил ирэх тусам мал нь өсч, үүлдрийн үхэр бярууд нь үнэ хүрдэг болсноор үхэр малласан орлого тааруу жил ч гээд 500-700 мянган юаньд хүрдэг.
Энэ жил гуч дөнгөж гарч яваа Давхарбаяр шилдэг үүлдрийн үхэр малласан нэр нөлөө нь хошуу аймагтаа алдаршиж, 2016 онд аймгийн зэрэглэлийн хөдөлмөрийн жишээч болж, 2017 онд симентар үхэр малладаг аймгийн зэрэглэлийн өрх болжээ. Тэрээр: - Уг нь манайх үрийн мал худалдан гол орлогоо олдог байсан. Одоо айл бүхэн бараг бүгд үүлдэр сайжирсан үхэр малладаг болжээ. Тиймээс манайх ирээдүйд махны үхэр өсгөх талд мал аж ахуйгаа хөгжүүлэх санаатай байгаа. Үхэр маллах нь миний хувьд хэзээ ч өөрчлөгдөхгүй сонголт юм. Зах зээлд хийсэн тоо бүртгэлээс үзвэл, үхрийн махны зах зээл дэх хангалт тийм хүрэлцээтэй бус. Иймээс үхрийн махны үнэ сүүлийн хэдэн жил өсөхөөс биш буурахгүй байх гэж боддог хэмээн ярьж байгааг харахад олон талаас хандаж байгаа нь илэрхий байлаа.
