Төрөлх авьяастаа хөтлөгдөн, төрсөн нутаг Хөвөөт шар хошууныхаа Улаанмөчирт уран бүтээлчээр орох анхны сорио сургалт хийж байсан С.Баатар хэдэн жил бололгүй Өвөр Монголын дуу бүжгийн багт бүжгийн мэргэжлээр нэг жилийн хугацаатай сургалтад хамрагдаж сургалтаа дүүргээд Шилийнгол аймгийн дуу бүжгийн бүлгэмд элсэж, мэргэжлийн бүжигчнээр 3 жил ажиллаж ажлын гараагаа эхлүүлээд, 1999-2015 он хүртэл Тайфус хошууны Улаанмөчирт бүжгийн мэргэжлийн багш, бүжиг дэглээч, Улаанмөчирийн даргаар ажиллаж ирсэн билээ.
Тэрээр аугаа хүслийг өвөрлөж, шаргуу хатуужилтай суралцаж, авьяас чадвараа харуулах талаар тасралтгүй дадлага хийж, урлагийн том зорилго тавьснаар дууны үг ая зохиох, бүжиг найруулах, жүжгийн зохион бүтээл хийж удирдах зэрэг олон талд мэргэшиж, ая дуу уран бүтээлээрээ орь залуу насны цог жавхаагаа бадруулж, ардын сэтгэлд хүнд байр авснаар олны анхааралд хүрч, 2010 онд Тайфус хошууны “Арван содон залуу”-гийн нэгээр шагнагджээ.
Өвөр Монголын жүжигчдийн нийгэмлэгийн гишүүн, Өвөр Монголын Улаанмөчирийн эрдэм шинжилгээний нийгэмлэгийн гишүүн, Өвөр Монголын Шилийнгол аймгийн бүжигчдийн нийгэмлэгийн гишүүн, аймгийн утга урлагийнхны холбооны гишүүн зэрэг нийгмийн тушаалыг үүрэглэн, улсын гуравдугаар зэргийн бүжгийн удирдаачийн цолыг өргөмжлөн яваа залуу уран бүтээлч, жүжигчин С.Баатар маань урлагийн замыг хөөж ирсэн энэхүү 20 шахам жилийн хугацаанд ажилдаа хайртай, буцалтгүй зориг өвөрлөн ажиллаж ирснээр 170 гаруй бүтээлтэй болж, “Өвийн даллага” хэмээх жүжгээрээ Өвөр Монголын “Балгансан” нэрэмжит жүжиг хошин шогийн телевизийн анхны шагналт тэмцээнд онцгой байрын шагнал хүртэж, тус бүтээл нь Өвөр Монголын жүжигчдийн нийгэмлэгийн тэргүүлэгч Д.Билэгтийн голлон найруулсан “Монгол жүжгийн богино зохилын сонгомол”-д оржээ. “Дасгал” хэмээх бичил жүжиг нь Өвөр Монголын тав дахь удаагийн Улаанмөчирийн урлагийн чуулгын жүжиг хошин шогийн тоглолтын нэгдүгээр байр, зохиол бүтээлийн хоёрдугаар байр, хамт олны гуравдугаар байрын шагналыг тус тус хүртсэн байна. Энэхүү бүтээл нь мөн аймгийн Утга урлагийнхны холбооноос найруулан хэвлүүлсэн хятад хэлний жүжгийн түүвэрт сонгогдон оржээ. “Эмэг ээжийн нэгэн өдөр” хэмээх жүжиг нь Шилийнгол аймгийн Улаанмөчирийн урлагийн чуулган дээр зохиол бүтээлийн нэгдүгээр зэргийн шагнал хүртсэн байдаг. Үүнээс гадна түүний зохион бүтээж найруулан удирдсан “Дөрөөн дуун”, “Алтан намрын уянга”, “Сүг сүлд”, “Монгол залуу” зэрэг бүжиг нь тус тус зохиол бүтээлийн хоёрдугаар зэргийн шагнал тосож, 2012 онд Өвөр Монголын телевиз хорооноос зохион байгуулсан Өвөр Монголын анхны дууны үгийн шалгаруулалтад “Бүүвэй” дуу нь зохиол бүтээлийн шилдэг шагнал хүртэж, “Өнө мөнхийн Гүнбулаг”, “Тайфус таныг угтнам” зэрэг хоёр дуугаарааШилийнгол аймгийн Улаанмөчирийн урлагийн чуулганд зохиол бүтээл ба тоглолтын нэгдүгээр зэргийн шагналыг тус тус хүртэж билээ.
2015 онд Хөвөөт шар хошуундаа ажлаа шилжүүлэн ирэхэд хэдийгээр ажилтны орон тооны хязгаарлалаас болж, дур сонирхолтой ажил үйлсээсээ салж, Шинэбулаг суурингийн соёл урлагийн төвд ажилласан ч “Улаанмөчир” гэх уушги зүрхний амин хайрын шүтээн болсон урлагийн үйлсдээ ухаангүй хайртай байдаг болохоор эцэстээ хошууны Улаанмөчирт уригдан ажиллах болжээ. Тэрээр эх нутгийнхаа урлагийн үйлсэд энэхэн биеийн аль байдгаа зориулах хүсэл зоригоор хамт олонтойгоо санаа зорилгоо нэгтгэж, зохиол бүтээлээ хийснээр богино 2 жилийн хугацаанд “Тулгын галаа бадраая”, “Хийморьт Суман овоо”, “Миний сайхан Шинэбулаг”, “Энх мөнхийн Хөвөөт шар”, “Хөдөө нутаг минь” зэрэг 10 гаруй дууны үг аялгуу бичиж зохиосноор Улаанмөчирийн дуучдын байнга дуулах дуунууд болж, зарим бүтээл нь эгшиг сүлжээ болон радиогоор үзэгч сонсогчдынхоо сонорт хүрч, “Жавхлант хонгор уул” гэх С.Доржжавын дууны үгэнд ая хийсэн нь тус хошууны Улаанмөчирийн залуу дуучин Начны хоолойн эгшгээр монгол одон телевизийн гарагийн дуугаар сонсогчдынхоо таалалд дээжлэгдсэн сайхан дууны нэг болсон байдаг. Залуу уран бүтээлч маань ингэж л амжилтынхаа эрчин дээр ахин дэвших үйлсээ хурайлж, залуу хүний омог зоригоор зорьсон үйлстээ жолоо чанга явна.
