
Саяхан Хятад улсын Бээжингийн У Кэ Сун спортын төвд “Бээжинд уулзацгаая” шайбтай хоккейн туршилтын тэмцээний үйл ажиллагаа эхэллээ. Бээжингийн өвлийн олимпын шайбтай хоккейн тэмцээний хувьд энэ удаагийн үйл ажиллагаа нь тэмцээний талбай, дэд бүтэц, зохион байгуулалтыг турших сайн боломж болов. Мөн түүнчлэн шайбтай хоккейн спортын хувьд Бээжингийн өвлийн олимп нь энэ төрлийн спорт Хятад улсад түгээмжлэхэд сайн боломж болж байна. Энэ удаагийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан Олон улсын шайбтай хоккейн холбооны Ази, Номхон далайн бүсийн тэмцээний үйл хэрэг хариуцсан дэд дарга Айваз Оморканов, шайбтай хоккейн спорт Хятад улсад ихээхэн хөгжинө гэдэгт найдаж байна гэжээ. Ингээд энэ тухай Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Пэн Янь-юаний ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Энэ удаагийн үйл ажиллагаанд гадаад улсын баг тамирчид оролцсонгүй, харин Бээжингийн Шөү Ган-гийн баг, Хятадын мөсөн спортын дээд сургуулийн баг, Бээжингийн Жи Хү баг, Нийслэлийн биеийн тамирын их сургуулийн баг зэрэг Хятад улсын дотоодын 4 баг оролцож өрсөлдөв. Дэлхий дахин цар тахлын нөлөөд байгаа нөхцөл байдалд, талбай заалыг турших үйл ажиллагаанд гадаадын тамирчидын багийг заавал оролцуулах шаардлагагүй гэж Оморканов ярьж байлаа.
“Цар тахлын нөхцөл байдлаас шалтгааж, гадагш аялах бол тун амаргүй явдал байлаа. Олон улсын шайбтай хоккейн холбооны албан тушаалтнууд энд ирэхэд Хятад улс маш олон тал дээр тусалсан юм. Бид энэ хоёр хоногт Хятад улсын их дээд сургуулийн хэдэн багийн тэмцээнийг үзлээ, Хятад улсын хүүхэд залуучуудын дунд шайбтай хоккейн тэмцээн нэлээд сайн хөгжиж байгааг харлаа. Энэ удаагийн тэмцээнээр дамжин бид талбай заал, зарим тоног төхөөрөмжийг улам илүү сайжруулах шаардлагатайг таньж мэдсэн. Туршилтын тэмцээн нь бидэнд ихээхэн тустай. Өвлийн олимпын үеэр бүх зүйл төгс сайхан явагдана гэдэгт би эргэлзэхгүй байна.”
Тэмцээнд оролцсон тамирчид У Кэ Сунгийн спортын төвийн нөхцөл боломжийг Хойд Америкийн хоккейн мэргэжлийн лиг NHL-ын түвшинд хүрсэн гэж үзсэн байна. Айваз Оморканов:
- Олон улсын шайбтай хоккейн холбооны технологийн төлөөлөгчдийн хэсгийн хувьд талбай заалын үйл ажиллагаа зэрэг олон ажил нь олон улсын шайбтай хоккейн холбооны технологийн шаардлагад нийцсэн байх эсэхэд шалгалт хийх нь чухал ажил байдаг. Одоогийн байдлаар туршсан ерөнхий үйл ажиллагаа бүгд сайн байна. Өвлийн олимпын гайхалтай тэмцээн зохиогдсоноор, шайбтай хоккейн спорт Хятад улсад нэн олон хүмүүст хүрч чадна гэдэгт найдаж байна гэсэн юм.
“Шайбтай хоккей бол өвлийн олимпын үзэгчдийн анхаарал таашаалыг хамгийн илүү татдаг төрөл тэмцээн төдийгүй дэлхийн хэмжээнд маш олон хүмүүс энэ спортыг үзэх дуртай байдаг. Хойд Америкийн мэргэжлийн хоккейн лиг NHL, мөн Оросын болон бусад орны клубууд оролцдог тивийн хоккейн лиг KHL-г нэрлэж болно. Энэ удаагийн өвлийн олимп Хятад улсад зохиогдоно. Бид энэ боломжийг ашиглаж, өвлийн олимпын дараа шайбтай хоккейн спортын Хятад улс дахь хөгжлийг нэмэгдүүлэхийг хүсэн зорьж байна.”
Өмнө нь тохиролцсон олон талт гэрээний тогтоолын дагуу, 2018 оны Пёнчаны өвлийн олимпод оролцож чадаагүй Хойд Америкийн мэргэжлийн хоккейн лигийн өндөр ур түвшний бүхий мэргэжлийн тамирчид өөр өөрийн улс орныхоо нэрийн өмнөөс Бээжингийн өвлийн олимпод оролцох юм. Айваз Оморканов хэлэхдээ: Хятад улсын үндэсний баг өвлийн олимпод оролцох нь шайбтай хоккей Хятад улсад, бүр цаашлаад Ази, Номхон далайн бүсэд түгээмжлэгдэхэд чухал түлхэц болох юм гэлээ.
“Хятад улс KHL-ын тэмцээнд оролцогч Күньлүнь Хуншин мэтийн шайбтай хоккейн клубтай болсон нь маш сайн явдал юм. Энэ нь шайбтай хоккейн спорт Хятад улсад хөгжихөд их тустай юм. Учир нь Хятад улсын үзэгчид өндөр ур түвшний KHL-ын лигийн тэмцээн, эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээнийг илүү анхааралтай сонирхох болно гэсэн үг юм. Иймээс өвлийн олимп бол маш сайн боломж, Хятад улсын багийн тэмцээнийг бид хүсэн хүлээж байна.”
1996 онд төрсөн Айваз Оморканов бол Олон улсын шайбтай хоккейн холбооны удирдах зөвлөлийн хамгийн залуухан гишүүн юм. Тэрээр:
- Өвлийн олимпын тэмцээний үед тэмцээнд оролцогч бүх хүмүүст хамгийн таатай орчин бүрдүүлж өгөх нь энэ удаагийн туршилтын үйл ажиллагааны зорилт. Туршилтын үйл ажиллагаагаар дамжин өвлийн олимпын шайбтай хоккейн тэмцээн улам төгс төгөлдөр зохион байгуулагдах болно гэж хэллээ.
