
“Хайрла...” тоглолтын үеэр
“Харанга” хамтлаг анх 1989 онд “Амьдрал” тоглолтоо хүргэснээс хойш бүрэн хэмжээний 20 гаруй тоглолтыг тоглосон байна. Энэхүү “Хайрла...” тоглолтын бэлтгэлд хамтлагийн гишүүд орсон бөгөөд өнөөдөр тоглолтын талаарх мэдээлэл өглөө.
“Бидний амьдарч буй нийгэмд сайн зүйл олон байгаа хэдий ч бухимдаж, уурласан, заримдаа аливаад маш догшин хэрцгий хандаж байна. Мөн бие биенээ элдвээр муухайгаар хэлж, сошиалд хэтэрхий ихээр доромжлолыг хэлдэг болжээ. Сайн тал нь их байгаа ч саар тал нь давамгайлах гээд байна. Болж өгвөл нэгийг бариад шоронд оруулчий, эсвэл сэтгэл санааны дарамт өгч дайрах гээд их өөдгүй араншин гардаг болжээ. Наад захын замын хөдөлгөөний дүрмэнд бие биенээ хүндэтгэхгүй байх зэрэг сөрөг талууд их байна. Хэн бүхний нүднээ харагдаж сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгааг эрхэм дүү нар мэдэж байгаа. Хүмүүсийн хоорондын харилцаа, байгаль эх дэлхийдээ хандах хандлага зэрэг аливаа үйлдлүүддээ “ХАЙРЛА” гэдэг үг болон илэрхийллийг бүрэн мартсан мэт. Тиймээс бид нийгэмд хандаж аугаа яруу найрагч О.Дашбалбарын бичсэн “Амьддаа бие биеээ ХАЙРЛА хүмүүсээ” хэмээх бидний мэддэг мөртлөө мэддэггүй, магадгүй мэдэхийг ч хүсдэггүй энэ үгийг та бүхэндээ дахин дахин энэхүү тоглолтоороо хүргэх болно. “Харанга” хамтлаг бат бөх байж, олон жил хамт байж ёс зүйтэй байсны хувьд дүү нартаа бие биенийгээ хайрлаач хэмээн энэхүү тоглолтдоо урьж байна.” гэж хамтлагийн аргил гитарчин, дуучин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат хэллээ.
“Харанга” хамтлагийн уран бүтээлчид ирэх онд болох түүхэн 30 жилийн ойн өмнө зохион байгуулж буй энэхүү тоглолтоо “Хайрла ...” хэмээн нэрлэж дараах уриаг гаргасан байна.
