
Тэрээр сүүдэр жүжгийн биет бус соёлын өвийг өвлөгч юм. Түүнийг залуу байхад сүүдэр жүжиг орон нутгийн театраар ид тоглогдож байжээ. Харин сүүлийн үед гүүний дэлэн дэх сүү шиг татарч, сүүлдээ гүү ч үгүй болох үйл явцыг Чэнь Кайлинь нүдээрээ харж, биеэрээ туулж ирсэн гэнэ. Гэхдээ тэрээр сүүдэр жүжгийг дэлгэрүүлж, залуу үедээ өвлүүлэн үлдээхийг цаг ямагт бодож ирсэн аж. Тэрээр аравхан настай байхдаа сүүдэр жүжгийн багт туслахаар ажиллаж, 30 насандаа Хүнань мужид энэхүү мэргэжлээр суралцаж мэргэжлийн жүжигчин болсон гэнэ.
Хятадын сүүдэр жүжиг нь эртний Тан улсын үеэс үүсэлтэй. Мин гүрний үед цэцэглэн хөгжин өнөөг хүртэл уламжлагдан ирсэн түүхтэй. Сүүдэр жүжгийг бүтээх болон тоглох үйл явц хялбар биш нарийн эрэмбэ дараатай. Материалын хувьд үхэр болон загасны шинэ арьсыг сүүдэр үүсгэгч болгодог. Ямар сүүдэр жүжиг тоглохоос шалтгаалж жүжгийн дүрээ арьсан дээр зурж, сийлэн өнгө оруулна. Улмаар тэгшлэх, будаг оруулах, хэвшүүлэх гэх дараалалтай бөгөөд тайз засал, гэрэлтүүлэг зэрэг олон ажлыг гүйцэтгэнэ. Мөн сүүдэр жүжиг хоёр утастай хуур, хэнгэрэг, харанга зэрэг хөгжмийн зэмсгийн тусламжтайгаар өрнөнө.
Чэнь Кайлинь 2013 онд магнай хагартал баярлажээ. Учир нь тэр жил Жяньши муж сүүдэр жүжгийг уламжлан хамгаалах ажлыг албан ёсоор эхлүүлсэн байна. Ингэснээр сүүдэр жүжгийг мужийн зэрэглэлийн биет бус соёлын өвөөр тодруулсан аж. Өнөөдөр Чэнь Кайлин олон залууст сүүдэр жүжиг заах болжээ. Мөн мужийн засаг захиргаанаас ажлын баг томилон ардын урлаг сонирхогчдоос сүүдэр жүжгийн талаарх баримт материалыг цуглуулж байгаа аж.







