Хятад цаасан хайчилбар нь хайч, хутгаар цаасан дээр хээ угалзыг хайчилж, амьдралыг чимдэг ба Хятадын ард түмний хамгийн сонирхдог, хамгийн их тархсан ардын урлаг болно. Өмнөөс умард, тосгоноос хот, эрэгтэй эмэгтэй хөгшин залуугүй хаа сайгүй хайчилбар хийж байгаатай та таарна. Олон үндэстний зан заншлын ялгаатай байдлаас шалтгаалан хайчилбарын өнгө аяс өөр өөр байдаг.


Ардын түмний дундаас үүссэн цаасан хайчилбар нь хийхэд хялбар, загвар үзэмж сайтай, хэрэглэхэд тохиромжтой, соёл, түүхийн баялаг мэдээллийг агуулсан бөгөөд ард олны хүрээлэн буй орчин, үлгэр домог, бодит амьдралд дахь бүхнийг маш уран гоёор дүрслэн, хүмүүсийн танин мэдэхүй, ёс суртахууны үзэл баримтлал, амьдралын хэв маяг, гоо сайхны мэдрэмжийг илэрхийлдэг. Түүний уран нарийн хийц, дорно дахины онцлог чанар нь хүнд амьдралын баяр баясгаланг мэдрүүлдэг. Үүний зэрэгцээ зориулалт нь ч мөн янз бүр байдаг. Тухайлбал: Цонхонд зориулсан, хуримынх, байшингийн хананых, хаалганых зэрэг...
Жирийн ард иргэд буян хишигтэй, дүүрэн түвшин байхыг ерөөж ижил дуудлагатай үгээр бэлэгшээлтэй зүйлээр, тэмдэг тэмдэглэгээгээр, үсгээр гэх мэтийг урладаг. Тэгвэл эдгээр урлаг дотроос “Буян” хэмээх утгатай “Фу” үсгийг доош нь харуулж наадаг заншил нь Чин гүрний үеэс уламжилж ирсэн түүхтэй гэнэ. Сар шинээр айл өрх, банк, зоогийн газар, дэлгүүр цонх хаалган дээрээ энэхүү “Фү” үсэг наадаг нь буян хишиг тухайн газарт саатаж буй хэмээн бэлэгшээдэг аж.

Жаран насыг зооглож яваа энэ буурлыг Жао Мэйлин гэдэг. Өвөр Монголын биет бус соёлын өвийг өвлөн уламжлагч, Ордос хотын Далат хошууны уугуул. Бага наснаасаа л цаас хайчлах урлагт сонирхолтой тэрээр ар гэрийнхэн нь ядуу байсан тул мэргэжлээрээ суралцах боломж байгаагүй. Олон жил томчуулаас сурснаа хөгжүүлэн өөрөө л бодож сэтгэж урлан бүтээн байж цаасан хайчилбар хийх өвөрмөц аргыг олсон нэгэн. Өнөөдөр Жао Мэйлин энэ сайхан ардын урлагийнхаа буянаар өвлөн уламжлагч алдрыг өргөн, өөрийн нэрийн цаасан хайчилбарын музей, баазыг ажиллуулахын зэрэгцээ олон жилийн туршлага ур ухаанаа хойч үе үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх хүндхэн үүрэгт хүчин зүтгэнэ.
2006 оны 05-р сарын 20-ны өдөр Хятад улсын Төрийн зөвлөлөөс хайчилбарын урлагийн өвийг улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулахыг зөвшөөрөв. 2009 оны 09-р сарын 28-наас 10-р сарын 02-ны хооронд зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах засгийн газар хоорондын хорооны дөрөвдүгээр хурлаар БНХАУ-аас дэвшүүлсэн цаасан хайчилбарын төслийг "Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад сонгосон билээ.
